УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2017.11.16/ 18.00 цагт хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрэхгүйгээс болж хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр хоёр гишүүн томилох асуудлыг хэлэлцэх байсан юм.
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнээр томилогдсон хоёр гишүүний оронд нөхөж хоёр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр сонгохоор болж, нууцаар санал хураахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхийн санал авсан юм. Тиймээс дээрх хоёр гишүүнийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр сонгохоор УИХ-д саналаа хүргүүлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр эл асуудлыг хэлэлцэх үед Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх шаардлагатай гэх санал гарсан. Мөн ИХ дахь АН-ын бүлгээс өөрсдийн нэг гишүүнийг нэмж оруулах санал гаргасан юм.
Тиймээс УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаас АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч хуралдсан. Тус намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болдыг нэр дэвшүүлэхээр болсон юм. Тиймээс УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас хойшиллоо.
Ш.ЧИМЭГ