“Ногоон нүдэн лам” номын зохиолч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Энэ удаа улстөрч эмэгтэйтэй улс төр ярихгүйгээр түүний шинэхэн ном, зохиол бүтээл, амьдралынх нь талаар ярилцахыг зорьсон юм. Ингээд түүний яриаг хүргэе.
-“Жорлонгоо өөрчилье” номынхоо нээлтийг хийх гээд завгүй явна уу. Номын нэрээс эхлээд сонирхол татаж байна. Шинэхэн номоо бидэнд танилцуулаач?
-Энэ жил номын ургац арвинтай жил байна. Эхний ном маань “Нутгийн шийдэл сан” төрийн бус байгууллагын “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд хийж байгаа “Жорлонгоо өөрчилье” ном. Энэ номынхоо нээлтийг олон хүний бүрэлдэхүүнтэй багаараа тэмдэглэх гэж байна. Жорлонгоо өөрчлөхөөр олон нийттэй хамтарч ажиллаж байгаа олон байгууллагууд хамтрагчаар оролцож, сонирхолтой байдлаар нээлтээ хийхээр төлөвлөсөн. Энэ номын маань гол агуулга нь Монголд байгаа нүхэн жорлонгоо яаж байгальд, хүнд, бизнест ээлтэйгээр өөрчилж болох вэ гэдэг санааг тусгасан. Жорлонгийн шинэ загварыг танилцуулахдаа зураг, бизнесийн аргатай нь, байгальд ээлтэй болгоход юу шаардлагатай гэдэг зааварчилгааг бичсэн.
Жорлонгоо өөрчлөх талаар “Нутгийн шийдэл сан” төрийн бус байгууллага сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд бага хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд, янз бүрийн загвартай жорлонг хийж, туршилт хийлээ. Энэ туршлага дээрээ үндэслэн, олон улсад жорлонгийн талаар гарч байгаа дэвшилтэт технологиудыг судалсан. Номдоо Монголд туршигдсан жорлонгийн шилдэг таван жишээг танилцуулахаас гадна үлдсэн 27 жишээ нь дэлхийн сайн загваруудыг танилцуулсан юм. Жорлонгоо өөрчлөх шийдвэр ганц хүний шийдвэр биш. Энэ бол хамт олны, бизнесийн хамтрагчдын шийдвэр. Ганцаараа жорлонгоо өөрчилье гэвэл технологийг анхаарах хэрэгтэй. Томоохон технологийг хэрэгжүүлье гэвэл хамтдаа хэлэлцэж өөрчлөх хэрэгтэй болно. Ингэхийн тулд бүгд мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр жорлонг зөв ажиллуулж, цэвэрлэдэг байхаас гадна багаа зөв цуглуулж, хамтдаа хэлэлцэхэд хамтын шийдвэр чухал. Олон хүн жорлонгийн тухай мэдлэг, мэдээлэлтэй болоосой гэсэндээ ийм ном гаргасан юм.
-Манай орны хувьд хөрсний бохирдол яах аргагүй тулгамдаж буй асуудал. Чухам энэ асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх, ямар гарц, шийдлийг санал болгов. Зарим аргаасаа танилцуулж болох уу?
-Хоёр том жишээг энд дурдъя. Бид цэвэрлэх байгууламжийг Монголд анх байгуулахдаа Европт хэрэгжүүлж буй технологийг ашигласан мөртлөө үүнээс гарч буй эцсийн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах жишээг огт хэрэгжүүлээгүй. Европт цэвэрлэх байгууламжаас гарсан эцсийн бүтээгдэхүүнийг хатуу түлш болгон гаргадаг. Гэтэл Монгол Улсад энэ дамжлага нь байхгүй. Иймээс лаг нь хуримтлагдсан хэвээр байна. Энэ тохиолдолд эдийн засаг, соёлын хувьд тохиромжтой эцсийн дамжлагыг хайх шаардлага гарч байгаа юм. Жишээлбэл, Аляскид эцсийн дамжлага болох лагаар био нүүрс хийж, түүгээр аюултай хог хаягдлыг саармагжуулах эм болгон ашиглаж байна. Мөн лагаас цахилгаан, дулаан, ус гаргаж авдаг хэд хэдэн арга технологийг оруулсан. Энэ номд нэг талдаа жорлонг сайжруулах технологийг танилцуулсан, нөгөө талдаа жорлонгоос гарч буй ялгадсыг яах вэ гэдэг технологийг танилцууллаа. Жорлонгоо яаж байгуулах вэ, жорлонгоос гарч буй лагаа яах вэ, хамгийн сүүлд энэ бүх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг жишээнүүд байгаа. Мөн зохион байгуулалтын долоон жишээ байгаа. Зарим хэсэгт нь хууль гаргаж шийдсэн бол заримд нь судалгааны компанит ажил болгож шийдсэн байдаг.
-“Ногоон нүдэн лам’ романаа франц хэлнээ орчуулсан гэж дуулсан. Номоо гадаадын зах зээлд гаргахад чамгүй олон жилийг зарцуулсан гэв үү?
-“Ногоон нүдэн лам” романы нэгдүгээр дэвтэр Монголд хэвлэгдсэнээсээ хойш есөн жил найман сарын дараа франц хэл дээр гарлаа. Франц хэлнээ гарсан энэ номоо францын уншигч, сэтгүүлчдэд танилцуулах зорилгоор ирэх долоо хоногт Франц улсыг зорино. Миний ном Франц улсад энэ сарын 2-ноос худалдаанд гарч эхэлсэн. Францын ном сонирхогчдын сэтгүүл дээр “Ногоон нүдэн лам” романы танилцуулга гарсан байна лээ. Ер нь романаа гаргасан цагаас гадаадын зах зээлд гаргах ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Гадаадын зах зээлд ном гаргана гэдэг маш их хөдөлмөр, шалгуур давдаг юм байна. Тодруулбал, тухайн зах зээлд тохируулж, номынхоо агуулгыг өөрчлөх хэрэг гарсан. Мөн гадаад редактор хөлслөх, түүний хүссэн үнээр нь номоо хянуулах гээд хөрөнгө мөнгө их шаардагддаг юм байна. Үнэндээ, Япон, АНУ-ын зах зээлд номоо гаргахаар төлөвлөж байсан ч эцэстээ Францын компанийг сонголоо. Тус компани хоёр жилийн өмнө бидэнтэй гэрээ хийсэн. Уг гэрээнийхээ дагуу хоёр жилийн дотор номыг маань хэвлэж, худалдаанд гаргалаа.
-Ямар шалгууруудыг давав. Нууц биш бол номоо гадаадын зах зээлд гаргахад хэчнээн төгрөг зарцуулсан бол?
–Үнэнийг хэлэхэд англи хэл дээр романыхаа нооргийг бичсэн. Үүний дараа англи хэл дээр 2009 оноос 2015 оны нэгдүгээр сар хүртэл бага зэргийн мөнгө зарцуулж, мэргэжлийн шүүмжлэгч нар уншуулж байсан. Жишээлбэл, нэг шүүмжлэгчид “Манай номыг уншаад өгөөч ээ” гээд 500 ам.долларыг төлсөн. Тэгэхэд тэр хүн өндөр ханшаар уншдаг ч Монголоос ном уншиж байгаагүй учраас арай хямд уншиж өгье” гээд уншаад, шүүмж бичиж өгсөн. Тэр шүүмжийн дагуу номоо өөрчлөөд, дахин номыг хэр хурдан уншигдаж байна вэ гэдгийг уншиж өгдөг мэргэжлийн редактор уншигчаар уншуулсан. Ингэхдээ бас тэр хүнд 7-8 мянган ам.доллар өгсөн. Тэр хүн гадаадын хүмүүсийн ойлгохооргүй үг хэллэг, уншигчийн толгой эргэж болзошгүй сул үгийг зааж өгсөн. Бараг 500 хуудас ном явуулахад 100 хуудас шүүмж ирүүлсэн. Шүүмж дотроо “Номын энэ хэсгийг уншаад явж байтал ийм үгийг чинь би ойлгосонгүй. Энэ үгийг хайхад та урьд нь өөрөөр бичиж байсан байна” гэдгийг хэлсэн. Монголчууд Лувсандорж гэдэг хүнийг Лууяа гэж бичвэл Лувсандорж гэж ойлгоод л явчихдаг шүү дээ. Гэтэл энэ нь гадаадын уншигчдад бол тайлагдашгүй толгой эргүүлсэн юм болох гээд байдаг юм байна. Номоос маань энэ мэт үг бүрийг нарийн хянаж, уншдаг гэсэн үг. Ерөнхийдөө романаа агентуудад танилцуулж, гадаадын зах зээлд гаргах гэж Хавайд зохион байгуулдаг зохиолчдын уулзалтад гурван удаа оролцсон. Тэр болгонд зардал гаргана. Гэтэл Францын хэвлэлийн газраас сонирхож байна. Гэвч танай номын ноорог нь 500 хуудас байна. Нийтдээ 300 хуудаст багтааж бичвэл сонирхъё. Бидний зүгээс та нарт редактор санал болгоно. Энэ редактораар л редакторлуулах ёстой” гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд л санал болгосон редактортай нь гэрээ хийгээд миний 500 хуудастай номыг 300 хуудас болгож найруулахад зарцуулсан цагийн хэмжээгээр мөнгө төлсөн. Монгол мөнгөөр бараг 40 сая төгрөг болсон. Энэ мэт зардлаа тооцож үзэхэд 80 сая төгрөг зарцуулсны дараагаар сая гэрээ хийгдэж байгаа юм. Өнгөрсөн есөн жилийн турш зарцуулсан цаг, хөрөнгө оруулалт бүхэн нийлж байж биднийг гадаадын зах зээлд хүргэж чадлаа.
Гадны редакторуудтай ажиллаж байхад Европын зах зээлд номоо гаргахаар бол тэдний хамгийн их сонирхдог сэдвийг хөндөх ёстой гэдгийг ойлгосон. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны сэдэв байлаа. Гэтэл ‘Ногоон нүдэн лам’ номын нэгдүгээр дэвтэрт дэлхийн хоёрдугаар дайны тухай огт өгүүлээгүй байв. Учир нь, зохиолын дүр Баасан дайнд оролцоогүй. Гэхдээ л европчуудад номоо түгээхийн тулд дэлхийн хоёрдугаар дайн, Халх голын дайны тухай бичих зайлшгүй шаардлага гарсан юм. Францчууд ч гэсэн ийм шаардлага тавьсан. Ингээд зохиолын баатрууд дайнд оролцсон тухай бичлээ. Нацаг чөлөөлөх дайнд оролцож байсан бол Болд, Цэндмаа нар бичин жилийн зудтай нүүр тулгарсан. Бүргэд 1939 оны дайнд оролцсон тухай гээд гурван шинэ бүлэг нэмж бичив. Ингээд хамгийн сүүлд 2015 оны аравдугаар сарын 30-нд францын хэвлэлийн компанид номоо хүлээлгэн өгсөн. Францчууд хоёр жилийн дараа ном хэвлэлтээс гарна гэж амалж байснаараа ном хэвлэлтээс гарч, өнөөдөр европчуудын гар дээр очжээ.
-“Ногоон нүдэн лам” романы хоёрдугаар дэвтэр хэзээ бэлэн болох вэ?
-Би Францаас ирэнгүүтээ “Ногоон нүдэн лам” романы хоёрдугаар дэвтрийн нээлтийн бэлтгэл ажилдаа орно. Номынхоо хяналтын уншилтын дараа эцсийн дизайны засварт өгнө. Ирэх сарын 10-наас оройтохгүйгээр романыхаа хоёрдугаар дэвтрийг уншигчдынхаа гар дээр хүргэхээр хичээж байна.
-Хүмүүс таныг улстөрч эмэгтэй гэдгээр нь сайн мэднэ. Магадгүй улс төрөөс хөндийрснөөс хойш ном бичих ажилдаа шаргуу оржээ?
-10 жилийн өмнө “Америкт суралцсан тэмдэглэл” номоо бичиж байв. Анх “Ном бичих чинь амархан юм байна” гээд л бөөн хобби байлаа. Анхны бичсэн ном маань бестселлер болж, маш их урам зориг авсан. Одоо бол ном бичих нь орлого ордог гол хэрэгсэл болоод байна шүү дээ. Иймээс л номыг маань хүн уншиж байж би орлоготой амьдрах болно шүү дээ. Миний хувьд өнөөдөр ном бичих нь үндсэн ажил болжээ. Өнөөдөр би “Ногоон нүдэн лам” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичээд, 686 хуудас редакторлоод сууж байна. Уншигчдаасаа хүлцэл өчихөд нэлээд зузаан ном гаргах гэж байгаа шүү. Өөрийнхөө бичсэн зохиолыг үнэхээр хасаж чаддаггүй юм байна. Хэрвээ гадаад зах зээлд номоо дахин гаргавал, хамгийн түрүүнд монгол шүүмжлэгч нарт хандаж, зохиолоо тануулахгүй бол өндөр төлбөр гарах шинжтэй. Өнгөрсөн жил гаруй хугацаанд улс төрийн ажлаас хөндий байсан учраас л хоёрдугаар дэвтрээ бичиж чадлаа. Хэрвээ төрийн ажилтай байсан бол ганц ч бүлэг бичиж чадахгүй байсан байх. Одоо харахад “Энийг яаж бичиж амжив аа” гэж бодмоор.
-Таныг “Ногоон нүдэн лам” романаа ханьтайгаа хамтран бичсэн гэж сонссон. Номоо гадаадын зах зээлд гаргахад ханийн тань оролцоо их байсан уу?
-Романы нэг, хоёрдугаар дэвтрийг нөхөртэйгөө хамтарч бичсэн. Бид хоёр зохиолынхоо нооргийг анх англи хэл дээр бичдэг байв. Жефф барууны уншигчийн нүдээр зохиолоо уншаад, үнэмшилгүй хэсгийг засдаг. Харин би заримдаа эрэгтэй хүний нүдээр харах зүйлсийг нь орхичихно. Тэгэхээр Жефф “Энэ хэсэгт эрэгтэй хүнд нь илүү сайхан зүйл тохиолдоод байхад эмэгтэйд нь илүү ач холбогдол өгөөд байна” гэх зэргээр хамтдаа ярилцаад зохиолоо бичдэг дээ. Хань маань хүний эрхийн хуульч хүнийхээ хувьд хуулийн нийтлэлүүд өмнө нь бичиж байсан туршлагатай. Харин “Ногоон нүдэн лам” роман бол түүний анхны роман. Жефф надтай гэрлэснээс хойш ном бичиж эхэлсэн дээ.
“Ногоон нүдэн лам” роман гадаадын зах зээлд гарна гэдэг чинь ханийн маань 13 жилийн хөдөлмөрийн үр дүн. Надад гадаадын зах зээлд гаргах хэмжээний англи хэл байхгүй. Харин зохиолын хар ноорог тэрлэх хэмжээний л англи хэл бий. Гадаад хэл дээр гарч буй уран яруу үг бүр Жеффийн үг. Мэдээж хэрэг зохиолын үйл явдал нь Ц.Оюунгэрэлийнх. Яг англи эхийг нь уншвал монгол эхээсээ уран яруу үгтэй байдаг, яагаад гэвэл тэр Жеффийн зиндааны үгээр бичигдсэн болохоор.
– Утсаар холбогдоход хүүхэд харж байна гэж байсан. Энэ их ажлын хажуугаар бас зээгээ хардаг уу?
–Би 49 насандаа эмээ болсон. /инээв/ Одоо зээ маань том болж, цэцэрлэгт явж байна. Энэ дашрамд хэлэхэд цэцэрлэгийн багш нартаа үнэхээр баярлаж явдгаа хэлмээр байна. Есдүгээр сарын эхээр зээгээ цэцэрлэгт хүргэж өгөхөд хүүхдүүдийн уйлж байгаа дууг нь сонсоод “Яана аа “ гэмээр байсан. Багш нар нь 60 хэдэн хүүхдүүдийн шуугиан дунд л үлдэж байсан. Сарын дараа гэхэд бүх хүүхэд уйлахгүй ангидаа ороод, дуу, шүлэг сурчихсан байдаг. Би хоёр хүүхдээ цэцэрлэгт явуулдаг байхдаа үүнийг анзаардаггүй байсан юм билээ. Одоо зээ дээрээ үүнийг илүү анзаарч байна. Би орой цэцэрлэгээс нь авдаг учраас тэр хүүхдийн хөгжлийг харж байна. Саяхан цэцэрлэгийн багш нар цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялтыг зарласан. Үүнд би эв санааны нэгдэлтэй байгаа шүү.
-Та өнгөрсөн жил 50 насныхаа төрсөн өдрийг тун өвөрмөц тэмдэглэсэн. Өдийг хүртэл арван жилийн дүрэмт хувцсаа хадгалдаг юм уу?
-Би 50 насныхаа төрсөн өдрөөр өөрийнхөө арван жилийн сургуульд өмсөж байсан дүрэмт хувцсаа өмссөн. 1983 онд өмсөж байсан таних тэмдэгтэй дүрэмт хувцсаа 33 жил хадгалжээ. Нэг нууц задлахад “Би дүрэмт хувцсаа өмсөхийн тулд иогт явж, биеийн тамираар хичээллэж, сарын хугацаанд хоолоо хассан /инээв/. Дүрэмт хувцастай зургаа авахуулчихаад, шууд л хоолны хэвийн дэглэмдээ орсон л доо. Тэр үедээ загвар өмсөгч хүний зовлонг ойлгосон шүү.
-Энэ бүх дэггүй санаа таных байв уу?
-Хүмүүс 50 насны төрсөн өдрөөрөө мөнгөн аяга бэлгэнд аваад л хөгширснөө тэмдэглэдэг шүү дээ. Зарим нь 50 насны ой ч гэж байх шиг. Би “Ер нь 50 насанд амьдралын бас нэгэн шинэ үе эхэлж байна. Энэ шинэ үеэ нас намбатай тэмдэглэх үү эсвэл цоо шинээр эрч хүчтэйгээр тэмдэглэх үү” гэж бодож байгаад залуус шиг үдэшлэг зохиож тэмдэглэлтэй биш. Тэгээд бизнес эрхэлдэг гурван эмэгтэйтэй хамтарч төрсөн өдрөө тэмдэглэхээр шийдээд, “Eco Beauty” салонтой хамтран ажиллах саналыг тавьсан. Уг салон маань зураг авалт хийдэг, гоёлын хувцасны студитэй хамтран ажиллах саналыг цааш нь тавьсан юм билээ.
-Эмэгтэй хүний хувьд 50 нас ямар нас вэ?
-Эмэгтэй хүний хувьд 50 нас бол ид нас. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт одоо 75 наснаас дээш гарчихлаа шүү дээ. 50 настай эмэгтэйчүүдэд дахин 25 жилийн идэвхтэй амьдрал байна. Бид 25 насандаа 50 нас хүртлээ ажиллаад л тэтгэвэртээ гарах юм шиг боддог. Гэтэл одоо 50 наснаас 25 настай шигээ сэтгэж эхэлж байна. Тийм учраас миний шинэ карьер, шинэ эрч хүч, шинэ бүтээлийн маань эхний жил гэж төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Одоо энэ бүх эрч хүч маань надад үнэхээр хэрэг болж байна.
-Хэдий 50 настай ч оворгүй юм. Таныг юу чимдэг гэж боддог вэ?
-Миний хувьд өөрийгөө эгэл даруу зангаар чимэхийг боддог. Мөн хэт үнэтэй хэрэглээнээс хамааралтай биш. Амьдралд хамгийн хямд, хамгийн даруу байхад л хангалттай. Мэдээж чин сэтгэлийн инээмсэглэл. Миний гоо сайхныг авардаг ганц зүйл бол нойр. Би өдөрт дор хаяж найман цаг унтдаг. Одоо эмээ болоод, хүүхдүүдээ санаа зовоод их унтаж чадахгүй эрт сэрдэг болчихож.
-Хэдийд нь номоо бичээд байна вэ?
-Өдөрт хоёр цаг л номоо бичдэг. Өдөрт нэг суухдаа хоёроос илүү цагаар суухгүйгээр бага багаар номоо бичдэг. Зарим хүн хэдэн хоног номоо бичихгүй байж байгаад л нэг өдөр олон цагаар сууж нөхдөг. Би бол ерөөсөө тэгдэггүй. Би өдөр болгон аз жаргалтайгаар гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, хүүхдээ харна, дэлгүүр хэснэ, ажлаа амжуулна. Гэхдээ өөрийнхөө бүтээлд зориулсан хоёр цагаа яаж ийгээд л гаргадаг.
-Таны ханийг АНУ-ын иргэн гэдгийг хүмүүс мэднэ. Хань тань монгол хоолонд дуртай юу?
-Хань маань Монголд амьдраад 14 жил болох гэж байна. Жефф маань монгол хоолноос хуушуурт их дуртай. Гэхдээ би “Хүүхдүүд ханиад хүрчихнэ” гээд хуушуур хийхээ больсон. Хуушуураас бусад бантан, ногоотой, банштай шөл, салат хийж өгнө. Үнэхээр завгүй байвал өндгийг нь шараад өгчихнө. Би нөхөртөө хоолны дээж хийж өгөхөөр “Авахгүй. Чи ингэж их хөдөлмөрлөөд, өөртөө аваач” гэдэг. Тэгээд би өөрөө шууд дээжээ авдаг болчихсон./инээв/
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.Батмөнх