Тусгай хяналтын дэд хороонд Л.Болдыг дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Тусгай хяналтын дэд хороонд Л.Болдыг дэвшүүлэв

Тусгай хяналтын дэд хороонд  Л.Болдыг дэвшүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Л.Болдыг нэмж оруулахаар болжээ.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Я.Санжмятав гишүүнийг солимоор байна” гэх санал гаргасан. Гэвч тус бүлэг хуралдаад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд хэвээр нь үлдээх шийдвэр гаргаснаас гадна нэмж Л.Болд гишүүнийг оруулахаар болсон аж.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудалтай зэрэгцэн УИХ-ын гишүүдээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг илүү өргөжүүлж, байнгын хорооны төвшинд хүргэх асуудлыг тавьж эхэлсэн юм.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ‘Монголын тусгай алба хяналтаас гарлаа. Улстөрийн илэрхий үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улс төрийн сонгуулиар ганыхныг оролцуулж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрхий мэдэгдээд байсан. Тэр С.Ганбаатарын 50 сая вон, хоёр хүний утасны яриа гэх мэт зүйлийг шалгах хэрэгтэй.

Тэгээд элдэв бусармаг үйл ажиллагаа явуулдаг. Тэр асуудлаар үнэнийг хэлэхээр хариуд нь хүнийг тагнуул болгодог. Улстөрчдийг тагнадаг, сонгуульд нөлөөлдөг юм болж хувирсан. Энэ бүхнийг Тусгай хяналтын дэд хороо шалгах ёстой’ гэж өнөөдөр мэдэгдсэн билээ. 

Харин УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд ‘Тусгай хяналтын дэд хорооны зарчим, үйл ажиллагаа хангагдаж ирсэн. Ямар нэг улс төрийн өнгө аяст тохируулж хөдлөх ёсгүй. Яагаад гэвэл үүрэг нь тийм биш. Дэд хороо бол улсын нууц, төрийн нууц, хил хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Түүнээс биш хүний эрх болон бусад асуудлыг хэлэлцэх эрх байхгүй’ гэсэн. 

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдан, Тусгай хяналтын дэд хороонд нэмж нэг гишүүн багтаах санал гаргаад байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж