УИХ-ын чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд байсан Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар Засгийн газрын гишүүн болсон тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хоёр гишүүнийг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилох саналыг байнгын хорооноос ирүүлсэн байна.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын нэрийг УИХ-д оруулж ирээд хэлэлцэж байна.
Хуралдааны үед УИХ-ын гишүүн Л.Болд дэд хорооны гишүүн болох хүсэлт гаргав. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дэд хороонд нэр дэвшсэн гишүүдийн санал хураалтыг нууцаар хураах нь буруу хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дэд хороо ажилладаг гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:
-Монголын тусгай алба хяналтаас гарлаа. Улстөрийн илэрхий үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улс төрийн сонгуулиар ганыхныг оролцуулж гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрхий мэдэгдээд байсан. Тэр С.Ганбаатарын 50 сая вон, хоёр хүний утасны яриа гэх мэт зүйлийг шалгах хэрэгтэй.
Тэгээд элдэв бусармаг үйл ажиллагаа явуулдаг. Тэр асуудлаар үнэнийг хэлэхээр хариуд нь хүнийг тагнуул болгодог. Улстөрчдийг тагнадаг, сонгуульд нөлөөлдөг юм болж хувирсан. Энэ бүхнийг Тусгай хяналтын дэд хороо шалгах ёстой юм. Ийм юм хийж чадна гэж Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан хоёр жаахан найдаж байна. Гэхдээ өмнө нь энэ байгууллагад ажиллаж байсан гээд хамгаалаад байх юм бол балай юм болно. Ойрын үед гишүүдийг яаж айлган сүрдүүлж, танхайрч, нууц мэдээллийг цацаж чадаж байна вэ. Ийм асуудлыг шийдэх газар нь дэд хороо байх ёстой. Алийн болгон Монголын тусгай алба танхай байдлаар ажиллаж, өөрсдийн нууцаа задруулах вэ. Алийн бүр төрийг дарамтлах вэ. Би байнгын хорооны хурлыг хараад гайхсан. “Ярьчих уу ай” гэж айлгаад, хүзүүгээ хөдөлгөөд юу болоод байгаа юм. Энэ асуудлынхаа учрыг ол. Аймхай хүмүүсийг дэд хорооноос гарга. Айдаггүй хүмүүсийг оруулж шалга. Бүр шаардлагатай бол байнгын хорооны статустай болгоод, гишүүдийн тоог нь нэм.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:
-Дэд хороо нэг их онцгой анхаарал татаад байдаг хороо биш. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаас үүдэж хоёр квот дээр таван хүн өрсөлдөж байх жишээтэй. Дэд хороо бол төрийн нууц, гүйцэтгэх ажиллагаа, хил хамгаалах хуулийн хэрэгжилтийг үнэн зөвөөр ашиглаж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛД:
-Тусгай хяналтын дэд хорооны зарчим, үйл ажиллагаа хангагдаж ирсэн. Ямар нэг улс төрийн өнгө аяст тохируулж хөдлөх ёсгүй. Яагаад гэвэл үүрэг нь тийм биш. Дэд хороо бол улсын нууц, төрийн нууц, хил хамгаалалтын асуудлыг зохицуулсан хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ. Түүнээс биш хүний эрх болон бусад асуудлыг хэлэлцэх эрх байхгүй. Өмнө нь 2004 онд гурав, 2008 онд гурав, 2012 оноос дөрөв, 2016 оноос таван гишүүнтэй болсон. Ингээд хоёр гишүүн дэд хорооноос гарсан учраас квот дээр нь өрсөлдөж байгаа асуудал юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:
-Тусгай хяналтын дэд хорооны хоёр орон тоонд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарын нэрийг оруулж ирсэн юм байна. Сүүлийн үед гишүүдийг тагнаж чагнадаг болсон. Ардын намынхан өнгөрсөн дөрвөн жилийн турш Ардчилсан намынхан биднийг ажиллуулахгүй байна гэж уйлан дуугарсан. Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар тагнуулд ажилладаг байсан. Энэ нь эрх ашгийн зөрчил үүсгэхгүй юу. Ардчилсан нам Я.Санжмятавыг дэд хорооны гишүүнд байлгах уу, үгүй юу гэдгийг ярилцаж байгаа. Дэд хороонд зоригтой хүн ажиллах ёстой. Тиймээс тав хоногийн завсарлага хүсч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.Эрдэнэбат:
-Бид энэ асуудлыг хаяж явснаас хойш үнэ цэнэгүй болсон. Тиймээс сая бүлэг дээр яриад зөвшилцөж ойлгох хүртэл завсарлага авахаар боллоо. Дэд хорооны гишүүдийн тоог нэмэх үү гэдэг нь нээлттэй байх болов уу. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцээд, дэд хорооны гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал нь нээлттэй байх болов уу гэж бодож байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:
-Энэ хорооны ажлыг хүний олноор, эр зоригоор шийддэг юм биш. Дэд хорооны ажлыг дутагдалтай гэж үзэж байгаа бол эрхийг нь өргөтгөж, ажлаа сайжруулъя. Одоо харин дэд хороонд нэр дэвшиж байгаа хоёр гишүүнийхээ асуудлыг шийдчихээд, дараа нь дэд хорооны тоог нэмэх, эрхийг нь өргөтгөх асуудлаа явах нь зүйтэй болов уу.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА О.СОДБИЛЭГ:
-Өнөөдөр бол дэд хорооны орон, гарсан асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн. Тэгэхээр энэ асуудлаа шийдээд дараа нь бусад асуудлаа ярилцвал яасан юм бэ.
Гэвч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бүлэг завсарлага авдгаараа авна” гэж байр сууриа илэрхийлэв. Ингээд Тусгай хяналтын дэд хорооны гишүүн орон, гарсан асуудлаар Ардчилсан намын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.
Үүгээр УИХ-ын чуулган завсарлав.