Химийн бодистой хортой тоглоом зарж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Химийн бодистой хортой тоглоом зарж байна

Химийн бодистой хортой тоглоом зарж байна

Та хүүхдийнхээ тоглоомыг сонгохдоо юуг анхаардаг вэ? Тод өнгө, том, жижиг, зөөлөн, хатуу гээд хүүхдийн тань сонирхлыг татах тоглоом дэлгүүрийн лангууг чимнэ. Чухам ямар тоглоом таны хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй вэ гэдгийг яаж мэдэх вэ?

Хүүхдийн тоглоом сонгохдоо “Бичиг баримт, хаяг шошгыг нь үз. Үнийг нь хар. Үнэрлэж үз” гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь химийн бодистой, хурц ирмэгтэй, залгих эрсдэлтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тоглоомууд зах зээлд ихээр худалдаалж байгаа юм.

Ийн импортоор орж ирж буй хүүхдийн тоглоомын аюулгүй байдлын асуудлаар өнөөдөр /2017.11.15/ импортлогчид, цэцэрлэгийн эрхлэгч нар, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр шаардлага хангаагүй, хурц ирмэгтэй, өнгө будагтай тоглоомуудыг олонд дэлгэн, танилцуулжээ. Энэ үеэр хилийн жижиг боомтуудаар хувь хүний ачаагаар, гар дээрээс худалдаалахаар гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй хүүхдийн тоглоомууд орж ирж байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид онцолж байв. 

Жилд дунджаар сая орчим хүүхдийн тоглоом импортоор орж ирдэг

Хүүхдийн тоглоом нь олон улсын жишгээрээ ч гэсэн, улсын хууль тогтоомжоороо их эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоонд ордог. Өөрөөр хэлбэл,  энэ төрлийн бараа хэлбэр дүрс, найрлагын агууламжаасаа хамаараад хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Тийм учраас бид Европын холбооны сүлжээнээс тогтоосон стандартын дагуу хяналтаа тавьж байгаа. Монгол Улс дэлхийн 10 гаруй улсаас жилдээ нэг сая орчим хүүхдийн тоглоомыг импортоор оруулж ирдэг. Энэ удаагийн зургаан сарын хугацаатай тандалт, судалгаагаар нийтдээ 18 мянган ширхэг буюу 108 тонн тоглоом хамрагдсан. Эдгээр тоглоомууд маань манай лабораторийн шинжилгээгээр шаардлагыг хангасан. Шинжилгээгээр хүүхдийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй тоглоом илрээгүй. Гэхдээ тоглоомд агуулагдах хуванцрын хэмжээ хэтэрсэн бол удаан хугацаанд эрүүл мэндэд нөлөөлөх аюултай. Тийм учраас хүүхдийн тоглоомд сайтар ач холбогдол өгч, хянах хэрэгтэй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар ярилаа. 

Мөн тус газрын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа “Тоглоом импортлоход тусгай зөвшөөрөл шаарддаггүй. Хил дээр хяналт шалгалт хийж, хяналтын хуудас болон гарал үүслийн баталгаажуулалтын бичиг баримтыг үзээд, лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа. Уг шинжилгээнд томоохон бизнес эрхлэгчид хамрагдаж байгаа ч хувь хүмүүс хамрагдаж чаддаггүй. Тийм учраас хэрэглэгчид түүнийг худалдан авахгүй байх нь том хяналт гэдгийг хэлсэн юм. Тэрбээр “Зургаан сар хүртэлх насны хүүхдийн тоглоомын жин 100 граммаас илүү байх ёстой. Мөн 14 хүртэлх насны хүүхдийн тоглоом 12 вольтын хүчин чадалтай байх ёстой” тухай хүүхдийн тоглоомд тавигдах шаардлагаас танилцуулав.

“Гэгээн өргөө” цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг

Д.Оюунчимэг: Хувийн цэцэрлэгүүдэд улсаас тоглоом олгох ёстой

-Манай цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн цэцэрлэг. Хувийн цэцэрлэгүүдэд улсаас тоглоом өгөх ёстой ч өгдөггүй. Бид хувийн зардлаас хүүхдийн тоглоомоо худалдаж авдаг юм. Хүүхдийн тоглоомоо дотоодын аж ахуй нэгжээс болон Хятад улсаас нас насны онцлогт тохирсон тоглоомыг худалдаж авдаг. Ихэвчлэн өрж байгуулах, сэтгэлгээ хөгжүүлэх тоглоом сонгодог. Улсаас цэцэрлэгүүдэд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хүүхдийн тоглоом олгоно гэж хуульд заасан байдаг  ч төсөвт тусгасан хөрөнгө нь хангалттай хүрэлцдэггүй. Манай цэцэрлэг жилд дунджаар хоёр сая 500 мянган төгрөгөөр цэцэрлэг доторх тоглоомоо худалдан авдаг. Цэцэрлэгийн хүүхдийн тоглоомыг жил тутамд л шинэчилж, өөрчлөх шаардлага гардаг гэв.

Харин улсын цэцэрлэгүүдийн хувьд хүүхдийн тоо хэд дахин хэтэрсэн учраас хүүхдийн тоглоомын хүрэлцээ муу байдаг гэдгийг хэлж байв. Нийслэлийн цэцэрлэгүүдийн 66.6 хувь нь хүүхдийн тоглоомоо хаанаас авсан, хэн үйлдвэрлэсэн гэсэн шинжилгээгээр баталгаажсан байдаг. Харин хөдөө орон нутгийн цэцэрлэгүүдийн 9.6 хувь нь баталгаатай тоглоом хэрэглэдэг байна.

Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгийн нярав Д.Оюунтуяа

Д.Оюунтуяа: Хүүхдийн тоглоомоо хандиваар авдаг

-Ялангуяа гэр хорооллын цэцэрлэгүүдэд хүүхдийн тоглоомын хүрэлцээ их муу байдаг. Улсын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа учраас төслөөс эцэг, эхчүүдээс хандив авна. Ийм нөхцөл байдлаас үүдэн шаардлага хангасан хүүхдийн тоглоомоо авч чаддаггүй. Манай цэцэрлэгийн хувьд ч гэсэн хүүхдийн тооны хэмжээ хэтэрсэн учраас тоглоомын хүрэлцээ муутай. Нэг ангид 25-30 хүүхэд хүмүүжих ёстой ч одоо 50-60 хүүхдийг хүмүүжүүлж байна гэсэн юм. 

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж