Санхүүгийн Зохицуулах Хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны III улирлын санхүүгийн болон бусад статистик үзүүлэлтийг тоймлон мэдээллээ. Хэвлэлийн бага хурлыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун удирдан явуулсан бөгөөд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар оролцов.
Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсжээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 695.4 тэрбум төгрөгөөр өсөж 2 083.1 тэрбум төгрөгт хүрсэн бол даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өссөн байна. ХЗХ-дын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар, өнгөрсөн улирлаас 10 хувиар өссөн 142.7 тэрбум төгрөгт болсон бол ББСБ-уудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсөж 906 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 20 хувийг зээлийн өсөлт бүрдүүлсэн байна. Мөн өөрийн хөрөнгө 35 хувиар өсөн 716.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өсөлтийн 32.8 хувийг ХНХ-ийн өсөлт бүрдүүлж байна. ББСБ-ын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөг болсон бөгөөд сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж өмнөх улирлынхаас 0.1 пүнктээр буурчээ.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО