Украйны Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Украйны Элчин сайдыг хүлээн авч уулзав

Украйны онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ю.В.Костенко УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламент хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлын талаар санал бодлоо солилцон өчигдөр уулзалт хийлээ. УИХ-ын дарга Г.Батхүү “Монгол болон Украйн улсууд Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байна. Гэхдээ цаашид олон салбарт хамтран ажиллах боломж бий. УИХ-ын хувьд, Монгол-Украйны парламентын бүлэг ажиллаж байна. Хоёр орны парламентын бүлгийн цаашдын зорилт нь зөвхөн парламентаар хязгаарлагдалгүй Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал. Хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн олон салбар тэр дундаа хөдөө аж ахуйд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагаа туршлага солилцох нь чухал” хэмээн тэмдэглэлээ.

Украйны онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.В.Костенко УИХ-ын дэд дарга Г.Батхүүг хүлээн авч уулзанд талархаж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ удахгүй болох Монголын үндэсний баяр наадмын мэндийг хүргэсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украйн улсад хийсэн албан ёсны айлчлалын дараа Монгол Улсад ирж, УИХ-ын дэд даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Украйн улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсын ерөнхийлөгч ноён Виктор Януковичтой уулзаж, хоёр орны хоорондын харилцаа тэр дундаа техник технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөж байсан. Мөн Монгол Улсад цаашид Украйны Элчин сайдын яамыг нээх зорилго байгаа болохыг Украйны онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ю.В.Костенко УИХ-ын дэд дарга Г.Батхүүтэй уулзах үеэрээ уламжиллаа.

Мөн ирэх жилийн нэгдүгээр сард Монгол болон Украйны хамтын ажиллагаа тогтоосны 20 жилийн ой болно. Энэ хүрээнд олон арга хэмжээг Монгол болон Украйнд зохион байгуулахаар төлөвлөж байгааг ноён Элчин сайд хэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж