“Авьяаслаг монголчууд” шоуны дэд байрт шалгарч, “Авьяаслаг америкчууд” шоунд чамлахааргүй амжилттай оролцож байсан Б.Шижирбат энэ удаа “Авьяаслаг азичууд” шоунд оролцож байгаа билээ.
Шинэлэг, содон, бүтээлч үзүүлбэр, лазер гэрэл бүжиг хосолсон үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхуулж ирсэн тэрбээр “Алтан баззер”-ын эзэн болсноор шууд хагас шигшээ шатанд шалгарсан.
САНАЛ АВАХ ХУГАЦАА: 2017.11.16 (20:00)– 2017.11.19 (23:59)
Аравдугаар сарын 12-ноос цацагдаж эхэлсэн шоуны хагас шигшээгийн санал хураалт өнөөдрөөс эхэлж байна. Үзэгчдийн санал хүлээж авах шугам Монголын цагаар 20:30 цагаас нээгдэх бөгөөд энэ санал манай оролцогчийг дараагийн шатанд шалгарч үлдэхэд чухал үүрэгтэй.
Саналыг Facebook болон Google Account-аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу арваннэгдүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Facebook болон Google account хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой.
САНАЛ ӨГӨХ ЗААВАР #AGTVote8
Түүний алтан баззер авсан агшныг эргэн саная
График, бүжиг дэглэлт гээд бүгдийг нь өөрөө бодож, сэтгэж, бүтээдэг түүний авьяас, хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак эхний шалгаруулалтын үеэр онцлон магтсан юм. Гурван шүүгчээс бүгдээс нь “Тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан нь гайхалтай мөч байлаа. Үзэгчид ч Б.Шижирбатын үзүүлбэрийг дуу алдан хүлээж авсныг та харж байна. Түүний үзүүлбэр 2017.11.02-нд цацагдаж, “Авьяаслаг азичууд” шоуны албан ёсны YouTube сувагт байршсан юм.
Б.БАЯСАХ