Н.Баяртсайхан: 2018 он бол эдийн засгийн реформуудаа хийх цаг

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан: 2018 он бол эдийн засгийн реформуудаа хийх цаг

Н.Баяртсайхан: 2018 он бол эдийн засгийн реформуудаа хийх цаг

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай 2018 онд Төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын талаар ярилцлаа.


-Яг нэг жилийн өмнө 1.4% агшиж байсан эдийн засгийн өсөлт 5.8%-д хүрснийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр зарласан. Эдийн засаг ийнхүү сэргэж эхэлж байгаа үед 2018 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлагдлаа. Цаашид төв банкнаас баримтлах бодлогыг юу гэж тодорхойлж байна вэ?

-Төв банкны бодлого илүү ирээдүйг харсан, ингэхдээ нээлттэй бөгөөд ил тод, хариуцлагатай чиглэлд шилжсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жилийн хувьд нэн тэргүүнд эдийн засагт үүсээд байсан хүндрэл бэрхшээлүүдийг аль болох богино хугацаанд даван туулахын тулд тогтворжуулах арга хэмжээнүүдийг авахад бодлогын гол зорилго оршиж байв. Үр дүн нь ч валютын нөөцийн өсөлт, төлбөрийн тэнцлийн ашиг, ханшийн тогтворжилт, эдийн засгийн өсөлт гээд олон хэмжүүрээр илрээд эхэлчихлээ. Тэгвэл үүнээс цааш эдийн засагт бий болсон эдгээр эерэг үр дүнгүүдээ баталгаажуулах, улмаар дунд урт хугацаанд тогтвортой байлгах үндэс суурийг бүрдүүлэхийг зорьж байна. Эдийн засаг маань бүрэн сэргэх хараахан болоогүй байна шүү дээ. Үүний тулд шаардлагатай бодлогын өөрчлөлт, институци засаглалын суурь реформууд, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон ажлууд хийгдэх юм. Ингэснээр макро эдийн засгийн гол индикатор үзүүлэлтүүд маань савлагаа багатай, санхүүгийн зах зээл үр ашигтай, бизнесийн орчин илүү таатай, эдийн засгийн эрүүл мэнд хэвийн, цаашлаад улс орны ирээдүйн хөгжил тогтвортой байх хөрсийг бүрдүүлнэ гэж үзэж байна.

-Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт тусгасан олон реформууд зарим нь нэлээд хүнд, магадгүй эсэргүүцэлтэй тулгарахаар зүйл ч харагдаж байсан?

-Магадгүй зарим бодлого хүн бүрд таалагдахгүй байж болно. Гэхдээ бид эдийн засагтаа хийх ёстой суурь шинэчлэлтүүдээ хийх л хэрэгтэй. Нийтийн эрх ашгийн тулд, улс орны ирээдүйн сайн сайхны тулд тойрч гарахын аргагүй, засаж залруулах хэрэгтэй зүйлс гэж байна. Тэдгээрийг хийх цаг нь хэзээ вэ гэхээр – яг одоо юм. Дэлхийн эдийн засагт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ дотоодын эдийн засагт маань ч эерэг өөрчлөлтүүд бий болоод эхэлчихлээ. Саяхан Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтын үеэр дэлхийн шилдэг эдийн засагчид, экспертүүд үүнийг ”үүлэн чөлөөний нар”-тай зүйрлэж байсан. Энэ бол нэг талаас сайн мэдээ ч, нөгөө талаас чухал сэрэмжлүүлэг. Иймд яг л энэ боломжтой үед бид цаашдын Монгол Улсын 5-10 жилийн ирээдүйн тогтвортой хөгжлийн хөрсийг бүрдүүлэх бодлогын суурь реформуудаа хийх шаардлага тулгарч байна. Харин Төв банк илүү нээлттэй, ил тодоор гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа бодлого, авч буй арга хэмжээнийхээ талаар тайлбарлах болно. Шаардлагатай шинэчлэлтүүдээ амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засагт тулгамдаад буй хүндрэлээ хамтдаа даван туулахын тулд бид бүгд нэг ойлголттой, бүгд “нэг завин дээр суусан” байх нь чухал юм.

-Төв банкин дээр төсвийн шинж чанартай үйл ажиллагаанаас гарах, санхүүгийн зах зээлтэй холбоотой 10 гарам хуулиудын шинэчлэлт, бодлого шийдвэрийн илүү нээлттэй ил тод байдал гэх мэт томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна гэж ойлгож байгаа. Эдгээр суурь реформууд Mөнгөний бодлогын үр дүнтэй байдлыг хэрхэн дээшлүүлнэ гэж үзэж байна вэ?

-Тухайлбал, мөнгөний бодлогын хувьд инфляцийг тогтворжуулах, ханш эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нь нийцтэй уян хатан тогтох гэдэг зорилгыг авч үзье. Үүний ард ямар реформууд хийгдэж байна вэ гэхээр, Төв банкны тухай хуулинд оруулахаар төлөвлөсөн нэмэлт өөрчлөлтүүдийг юуны өмнө нэрлэж болно. Хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны үндсэн зорилтыг илүү тодорхой болгох, хараат бус байдлыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах, засаглалын тогтолцоог сайжруулах г.м. олон суурь шинэчлэлт хийгдэж байгаа. Ингэснээр бид үнийг тогтвортой байлгах зорилгоо тууштай биелүүлэх бололцоо дээшилж, Төв банк илүү хариуцлагатай ажиллах суурь нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Түүнчлэн, валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц бодлого хэрэгжээд явж байна. Үр дүн нь ч илэрч, нөөц маань жилийн дотор 1.2 тэрбум ам.доллараас 2.3 тэрбум ам.доллар болж өслөө. Энэ хугацаанд нийтдээ 1.7 тэрбум ам.долларын өр төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, зах зээлд нийлүүлсэн гэж тооцоход энэ бол чамлахаар үзүүлэлт биш юм. Өнгөрсөн жил гадаад валютын цэвэр нөөц хасах 400 сая ам.доллар байна гэж хэлээд би загнуулж суусан бол одоо нэмэх 500 сая ам.доллар болсон үр дүнтэй боллоо. Мөн валют арилжааны чухал дэд бүтэц болох цахим биржийг хөгжүүлэх, улмаар зах зээл дээрх мэдээллийн ил тод байдал дээшилж, ханшийн өндөр хэлбэлзэл үүсэх эрсдэл буурах бололцоотой. Тэгэхээр эдгээр эрх зүйн, техник технологийн дэд бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлтүүд маань эцсийн дүндээ Төв банк үнийг тогтвортой байлгах гол зорилгоо амжилттай биелүүлэх үндсийг тавьж байна гэсэн үг.

-Манайх шиг ихэнх зүйлээ гаднаас худалдаж авдаг орны хувьд ханш нэлээд эмзэг, хүн бүрийн сонирхдог чухал асуудал байдаг шүү дээ. Төв банк болохоор ханшийг хатуу тогтоохгүй, зөвхөн огцом савлагааг л зогсооход анхаарна гээд байдаг?

-Ханш маань өөрөө дэлхийн эдийн засгийн байдал, Монгол Улсад орж ирж буй валютын урсгал, экспорт хийж валют олох эсвэл импортыг орлох Монгол компаниудын ур чадвар, гаднаас хөрөнгө оруулалт татах таатай орчин, төрийн оновчтой бодлого, заах зээл дээрх хүлээлт, итгэл гээд их олон зүйлээс шалтгаална. Монголбанкны хувьд, ханшийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байлгах үүднээс валютын нөөцөө нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд алт худалдан авах үйл ажиллагаа, дээр дурдсан цахим валют арилжааны дэд бүтцийн шийдэл, олон улсын байгууллагуудтай хийсэн хамтын ажиллагаа, эдийн засгийг сэргээхэд чиглэгдсэн цогц арга хэмжээнүүдийн үр дүнд валютын нөөц маань аль хэдийн 2 тэрбум ам.доллар давчихлаа. Төв банк төгрөгийг тогтвортой байлгах бодлого руу шилжиж, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилласнаар ханшийн хэлбэлзлийн эрсдэл эрс буурахад чухал нөлөө үзүүлсэн. Та хэрэв анзаарсан бол ирэх жил долларын ханш одоогийн түвшнээс өсчих вий гэсэн болгоомжлол арилж, зах зээл дээр итгэл тогтон, ханш тогтворжиж байна шүү дээ.

-Үнэхээр ч одоо ханш эргээд өсчих вий гэсэн болгоомжлол багасаж, итгэл сэргэсэн гэж бодож байна. Энэ 7 хоногт батлагдсан төсөв 2.4 их наяд төгрөг буюу их өндөр алдагдалтай батлагдлаа гэсэн шүүмжлэл байх шиг байна. Энэ тал дээр Төв банк ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнгөрсөн жил ДНБ-ийн 15% давж байсан төсвийн алдагдал ирэх жил 9% руу ороод ирнэ гэдгийг харин ч эерэг үзүүлэлт гэж харах нь зүйтэй болов уу. Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсөв дээр шаардлагатай тохиргоо хийгдээд, алдагдлыг бууруулах чиглэлд явж байгаа. Өнгөрсөн сард хөтөлбөрийн 2-р шатны үнэлгээг хийгээд явсан ОУВС-гийн ажлын хэсэгтэй төсвийн орлого, зарлага, алдагдал гээд үндсэн үзүүлэлтүүд, гол тоонууд дээрээ тохиролцсон. Миний бие өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн удирдлагуудтай Токиод уулзаад ирлээ. Тэд Монгол Улс ажлын хэсэгтэй тохиролцсон төсвөө цаг хугацаанд нь батлах нь чухал гэдгийг л онцолж байсан. Одоо Сангийн яам энэхүү амлалтаа цаг хугацаандаа биелүүлсэн учраас цаашид хамтын ажиллагаат орнууд, олон улсын байгууллагуудын зүгээс орж ирэх санхүүжилтүүд саадгүй байх болов уу. Дээр нь 2018 онд хүлээгдэж байсан Чингис бондын эхний төлбөр гэх мэт гадаад өр төлбөрүүд амжилттай шийдвэрлэгдлээ. Тэгэхээр 2018 он бол бодлогын реформуудаа хийх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх сэргэлтийн жил байх болно гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа! 

Б.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж