БНСУ-ын Похан хотод лхагва гаригт (2017.11.15) 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараах 5.4 магнитудын хүчтэй түлхэлтийн улмаас 1500 хүн орон гэргүй болж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.
БНСУ-ын боомт хот Поханд 1978 оноос хойш хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдлөлт болж байгаа нь энэ юм байна. Газар хөдлөлтийн дараах түлхэлт Похан хотоос хэдэн зуун км-ийн зайтай Сөүл хотод хүртэл мэдрэгдсэн гэж тус улсын цаг уурын шинжилгээний газраас мэдээлжээ. Орон гэр нь газар хөдлөлтөд нэрвэгдэж, нурж сүйдсэнээс хотын спорт цогцолборт түр хоргодсон иргэдийн тоо өнөөдөр орон нутгийн цагаар 6:00 цагийн орчим 1,536 болжээ.
57 хүн гэмтэж бэртсэнээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Арав гаруй хүн эмнэлэгт хэвтэж, бусад нь гэртээ харьжээ. Похан хотын онцгой байдлын газарт газар хөдлөлтийн дараа түлхэлт болсон газраас 1200 гаруй дуудлага иржээ. Дуудлагын дийлэнх нь оршин суугчдын хорооллоос ирсэн бөгөөд бизнесийн дүүрэг болон үйлдвэр, сургууль, төмөр замд түлхэлтийн улмаас эвдрэл гэмтэл гарсан тухай байжээ.
БНСУ-ын ерөнхий сайд кабинетын шуурхай хурал зарлаж, гамшгийг арилгах арга хэмжээ авахаар болсон бол боловсролын сайд коллежийн элсэлтийн шалгалтыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан байна.