“Үй Цай” сургууль алданги тооцоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

“Үй Цай” сургууль алданги тооцоогүй гэв

“Үй Цай” сургууль алданги тооцоогүй гэв

Сошиалд ‘Хятад хэлний сургалттай “Үй Цай” бүрэн дунд сургууль нь сурагчдынхаа төлбөрийг хүүтэй боддог шинэ зарчимд шилжжээ” гэсэн мэдээлэл тархсан. 

Тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гурван сая 500 мянган төгрөг байсан. Гэтэл түүнээс алданги тооцож дөрвөн сая 217 мянган төгрөг төлөхийг зарим эцэг эхээс шаардсан. Төлөөгүй тохиолдолд хүүхдийг нь хичээлээс чөлөөлөхийг сануулсан мэдэгдэх хуудсыг эцэг, эхчүүдэд өгсөн гэж бичсэн байв.

Энэ талаар “Үй Цай” бүрэн дунд сургуулийн сургалтын албанаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар сургалтын төлбөрөөс алданги тооцож, хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс мөнгө авсан зүйл байхгүй. Мөн нэг ч хүүхдийг хичээлээс нь чөлөөлөөгүй. Худал мэдээлэл цахим орчинд тараасан хүнийг хуулийн байгууллагаар шалгуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд хувийн 108 бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. 

Хувийн бүрэн дунд сургуулиуд сургалтын төлбөрөөсөө алданги тооцдог эсэхийг нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв, санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн И.Наранцогтоос асуухад “Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль манай байгууллагад харьяалагддаггүй. Тухайн сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал байна. Сургалтын төлбөр, үйл ажиллагаагаа сургуулиуд өөрсдөө хариуцдаг юм. Тухайн сургуулийн удирдлагатай эцэг, эхчүүд хэрхэн сургалтын төлбөр төлөх талаар гэрээ байгуулсан, тэр гэрээнийхээ дагуу л шийднэ. Төрийн бус сургуулиуд сургалтын төлбөрөө өөрсдөө тогтоодог” гэв.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж