Дэлхийд зартай бизнесмэн Жак Ма тулааны урлагийн мастер “болсон” талаар олон улсын хэвлэлүүд хэсэг шуугив.
Цахим худалдааны салбараас хэдэн арван тэрбумыг босгосон тэрбээр өөрийн дурладаг тай чи урлагийн мастерын дүрд хувирч, Азийн тулааны урлагийн шилдгүүдийг ялан дийлж буй тухай тэр кинонд гардаг юм.
Кунг фү мастер Жет Ли, Ip Man киногоороо алдаршсан жүжигчин Донни Йен, Хятадын кунг фүч, жүжигчин Ү Жин, боксын олимпийн аварга Зоу Шимитай тулааны урлагийн жүжигчин, бүжиг дэглээч Тони Жа нарын хамт монголчуудын бахархал болсон мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тус кинонд дүр бүтээсэн.
Кинонд Жак Ма дээрх тулааны эрхмүүдтэй халз тулалдаж, ээлж дараалан ялж буй тухай гардаг. Төгсгөлд нь харин Британийн жүжигчин Жейсон Статхэм, Филиппиний мэргэжлийн боксчин Мэнни Пэкьяо, Казахстаны боксчин Геннадий Геннадиевич Головкин нар Мастер Мад сануулга өгснөөр дуусдаг. Тэгэхээр Жак Магийн мастеруудтай хийх халз тулаан үргэлжлэх магадлалтай юм. Гэхдээ одоогоор энэ тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа.
“Gong Shou Dao” буюу “Довтлох, хамгаалах урлаг” нэртэй богино хэмжээний киног ноён Магийн тэргүүлдэг Alibaba групп продюсерлэжээ. Харин найруулагчаар нь алдарт жүжигчин Жет Ли ажилласан юм. Киноны нээлт өнгөрсөн бямба гаригт /2017.11.11/ Шанхайд болжээ.
Киноны нээлттэй зэрэгцээд Жак Магийн тухай бас нэгэн шинэ мэдээ хэвлэлийн хуудсанд залрав. Хятадад арваннэгдүгээр сарын 11-нд тохиодог Ганц бие залуусын өдрөөр Alibaba.com 24 цагийн дотор 25.4 тэрбум ам.долларын худалдаа хийж, шинэ рекорд тогтоосон юм.
Өдгөө 53 настай Жак Ма Хятадын хамгийн баяр эр. 39 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэр зөвхөн Дундад улсын төдийгүй Ази тивийн тэргүүн баяр гэгдэх болжээ.
Түүний түүх ер бусын. Коммунист Хятадын ядуу ардын гэрт төрсөн тэрбээр их сургуулийн элсэлтийн шалгалтад хоёр ч удаа бүдэрч, хэдэн арван ажлын ярилцлагаас татгалзсан хариу сонсож байв.
Жак Магийн жинхэнэ нэр Ма Юнь. Тэрбээр Хятадын зүүн өмнөд нутгийн Ханжоу хотод 1964 оны аравдугаар сарын 15-нд мэндэлжээ. Нэг ахтай, мөн нэг охин дүүтэй. Барууны үзэл суртлаас ангид коммунист Хятадад тэд ядуу тарчиг амьдралыг туулжээ.
Ма багадаа туранхай, эцэнхий байсан учир үе тэнгийнхэн нь үргэлж дээрэлхэх гэдэг байж. “Би хэзээ ч өөрөөсөө том хүүхдүүдээс айж байгаагүй” гэж хожим дурсан ярьсан байдаг.
АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон 1972 онд Ханжоуд айлчлан очсоноос хойш Магийн төрөлх хот жуулчдын хөлд дарагдах болжээ. Ма өглөө эртлэн босоод хотын томоохон зочид буудлын үүдэнд очоод, жуулчдыг дагуулан хотоо танилцуулдаг байв. Шанд нь Ма англи хэл зааж өгөхийг гуйдаг байжээ. Ингэж нэр англи хэлийг дажгүй сайн эзэмшсэн байна. Жак гэдэг нь түүнтэй нөхөрлөсөн жуулчны өгсөн англи нэр аж.
Хөрөнгө мөнгө гэхээр зүйл байхгүй, бас харилцаа холбоо, тулах түших хүнгүй учир амжилт өөд хөтлөх ганц гүүр нь мэдлэг боловсрол байсан гэдэг. Ахлах сургуулиа төгсөөд Ма коллежид элсэх хүсэлт гаргасан ч элсэлтийн шалгалтыг хоёр ч удаа өгөөд, ард нь гарч чадсангүй. Мэрийсний эцэст гурав дахь удаад тэнцэж, Ханжоу хотын багшийн дээд сургуульд элсэн оржээ. 1988 онд их сургуулиа дүүргээд ажил олгох зарын дагуу боломжит бүх хувилбараар оролдож үзэв. Гэвч наад захын хар ажлаас ч тэр татгалзсан хариу авчээ.
Эцэст нь англи хэлний багшийн ажилд орж, ажилдаа хайртай, оюутнууд ч түүний хичээлд дуртай болов. Гэвч орон нутгийн их сургуульд багшлаад сард ердөө 12 ам.долларын цалин авдаг нь түүнд хангалтгүй санагдах болжээ.
Хожим, 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үедээ Жак Ма Харвардад элсэн суралцах гээд 10 удаа татгалзсан хариу авсан тухайгаа хэлсэн юм.
Түүнд компьютерийн талаар, бас програмын хэлний талаар огтхон ч ойлголт байгаагүй. Гэхдээ 1995 онд тохиолдлоор АНУ-д очоод интернэт гээчийг анх удаа хэрэглэж үзээд онцгой сэтгэгдэлтэй хоцорчээ. Интернэт хайлтаас хайсан түүний анхны үг “шар айраг” байсан гэдэг. Гэвч хайлтын илэрцэд Хятадын нэг ч шар айраг гарч ирсэнгүйд ихэд гайхжээ. Тэндээс л Жак Ма хятадуудад зориулсан интернэт компани байх ёстой гэдгийг ойлгосон аж.
Жак Магийн эхний хоёр төсөл бүтэлгүйтэв. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа тэр гэртээ 17 найзаа дуудаад, “Alibaba” гэх онлайн худалдааны төв байгуулах үйлст хөрөнгө оруулахыг ятгажээ. Alibaba-д үйлдвэрлэгч, борлуулагчид бүтээгдэхүүнээ байршуулж, худалдан авагчид онлайнаар шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх ёстой байв.
Alibaba төсөл тун амжилттай хэрэгжиж, удалгүй олон улсын анхаарлыг татах болжээ. 1999 оны аравдугаар сар гэхэд Alibaba компани Goldman Sachs банкаас таван сая ам.доллар, Японы цахилгаан холбооны Softbank компаниас 20 саяыг босгож чадав.
Компани нь анх удаа ашигтай ажиллах үед Ма төрсөн өдрийн баяр, үдэшлэг зэрэгт ашигладаг Silly String тоглоомыг бүх ажилчиддаа тарааж, хамтдаа хөгжилдсөн гэдэг.
2000-аад оны эхэн үе ирэхэд Alibaba компани Taobao-г нээхээр болов. Энэ төсөл ч амжилттай хэрэгжиж, eBay-ын гол өрсөлдөгч болсон юм.
2005 онд Yahoo компани Alibaba-д нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, компанийн хувьцааны 40 хувийг эзэмших болжээ. Энэ бол Alibaba-гийн хувьд том завшаан байв. Yahoo ч бас хангалттай ашиг хүртсэн. Alibaba-гийн IPO-гоос дангаараа 10 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсон юм.
Ма 2013 онд компанийн гүйцэтгэх захирлын албанаас өөрийн хүслээр татгалзаж, гэхдээ удирдах албанд хэвээр үлджээ. 2014 оны есдүгээр сарын 19-нд Alibaba IPO гаргаж, олон нийтийн компани болсон юм. Нью-Йоркийн хөрөнгийн биржээс 150 тэрбум ам.доллар босгож чадсанаар Жак Ма Хятадын тэргүүн баян болжээ.
Өдгөө дэлхийн баячуудын жагсаалтын 18-д эрэмбэлэгддэг хэдий ч Ма гоё ганган, тансаг чамин зүйлсээр биеэ чимдэггүй. “Тэр одоо ч хуучны л янзаараа байгаа” хэмээн Магийн багын найз Чен Сьяо Пин ярьсан нь бий. Жак Ма кунг фүгийн тухай ном зохиол уншиж, бичих дуртай, покер тоглож, бясалгаж, тай чи урлагаар хичээллэдэг.
Түүний хамгийн алдартай бөгөөд хамгийн өндөр үнэ төлсөн “наймаа” нь Gulfstream G550. Магийн хэрэглээнд зориулж, Alibaba компани 2013 оны гуравдугаар сарын 49.7 сая ам.доллараар тийрэлтэт хөдөлгүүрт онгоц худалдан авсан нь тэр байв.
Ма байгальд хайртай, байгаль орчныг хамгаалах асуудлаар хувь нэмрээ оруулсаар ирсэн нэгэн. Түүний эхнэрийнх нь гэр бүлийн гишүүн хүндээр өвчлөхөд тэр үүнийг байгаль орчны бохирдлоос болсон гэдэгт итгэжээ. Сүүлд тэр Хятадад байгаль орчны нөхөн сэргээлт хийх зорилгоор 27 мянган га талбайг тохижуулсан байна.
Жак Ма гэр бүлээ олон нийт, хэвлэлийн хараанаас зайдуухан байлгахыг хичээдэг. Түүний гэргийг Жан Ин гэдэг. Тэд сургуульд байхдаа танилцаж, 1980-аад оны сүүлээр гэрлэжээ. “Тэр царайлаг эр биш. Гэхдээ царайлаг эрчүүдийн хийж чадахгүй олон зүйлийг хийж чадна. Тиймээс л би түүндээ хайртай байдаг” гэж Жан ярьж байжээ. Хосууд хоёр хүүхэдтэй, хүү, охин хоёр.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ