Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их эзэн богд Чингис хааны Их Монгол улсаа байгуулсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэндийг Монгол түмэндээ хүргэе.

Монгол хүн бүрийн омогшин бахархах түүхт ойн жил Ардчилсан нам Монгол хүнээ дэлхийн өндөр хөгжилтэй орнын иргэдийн энэд хүргэж Монголдоо сайхан амьдрах ирээдүйн төлөө “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Монгол хүн эх орондоо Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчинд ажиллаж амьдарч, үр хойчдоо сэтгэл тэнүүн ирээдүйг цогцлоон бүтээхээр эхлүүлсэн ард түмний хэлэлцүүлэг маань Наран ургах зүгээс эхэлсэнээс хойш 14 дэх аймгаа тойрон түүхт ойн баяр наадамтай золгож байгааг дуулгахад таатай байна.

Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд дэлхийд ганцхан монгол наадам эхэлж номин талд нь асар майхан дэрвэж, хүчит бөхчүүдийн эр бяраан гайхуулах уран гоё барилдаан, эрхий мэргэн харваачид нь эгшээж тавьсан сумаа цэцэлж, эрэмгий бяцхан жаалуудын гийнгоон дуу цангинах цагаар эрдэнэт хурдан хүлгүүдийн туурайн тоос тэнгэрт хадан монгол наадам дэнж хотолзуулан эхэлж байна.

Эх орны минь тусгаар тогтнол, эрх чөлөөний дуулал болсон түүхт ойн жил Монгол хүн эх орондоо, төрсөн нутагтаа сайхан амьдрахын  эхлэлийг тавьсан энэ жилийн их баяр наадамд барилдсан бөхчүүдийн бяр нь их, мэх нь уран, уралдах хүүхдүүдийн гийнгоо уянгалаг, унасан морьд нь хурдан байж,  харвах мэргэдийн сум нь оночтой, уухай нь сүрлэг байг.

Босоо заяатай Монгол түмний минь буян заяа цаглашгүй байж төрт уламжлалын тэгш ойн баяр наадамдаа хотол олноороо сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.

Ардчилсан намын дарга    Н.Алтанхуяг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж