Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх үү?

Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх үү?

БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж буй Б.Хурцыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэхээр товлосон ч хойшлуулсан. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүн ‘Б.Хурцыг Элчин сайдаар томилохын өмнө нээлттэй сонсгол зохион байгуулж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өмнө ирсэн ноцтой асуудлыг өөрөөс нь асуух ёстой’ гэж үзсэн. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжиж, мөн  нээлттэй сонсгол явуулах шийдвэрийг гаргасан. 

Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэж заасан.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар ‘Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-д мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор хэлэлцэн томилох ёстой’ гэсэн заалт бий.

Элчин сайдыг томилох хугацаа нь долоо хоног.  Засгийн газар Б.Хурцыг Элчин сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-д ирүүлсэн.

Харин Ж.Батзандан гишүүн гарын үсэг зуруулсаар яваад өчигдөр нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтээ УИХ-д албан ёсоор гаргасан. Гэтэл Элчин сайдын томилгоог хэлэлцэх хуулийн хугацаа нь дуусах дөхөж байхад нийтийн сонсгол хийх хүсэлт гарсан, мөн УИХ-аас томилдог албан тушаалтнаар зөвхөн нээлттэй сонсгол хийхээр хуульчилсан зэрэг нь хоорондоо зөрчидөхөд хүрч байгаа. 

Нийтийн сонсголын хуулиар нээлттэй сонсгол хийх хугацаа нь 14 хоног байдаг. 

УИХ-ын Дэгийн тухай хууль

-43 дугаар зүйл. Гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх журам

  • -43.1.Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

Нийтийн сонсголын тухай хууль

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

  • 4.1.Дараах этгээд нийтийн сонсголыг зохион байгуулахдаа энэ хуулийг дагаж мөрдөнө:
  • 4.1.1.хууль санаачлагч;
  • 4.1.2.төрийн байгууллага, албан тушаалтан;
  • 4.1.3.нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага.

4.2.Нийтийн сонсголыг доор дурдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргахын өмнө зохион байгуулна:

  • 4.2.1.эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт;
  • 4.2.2.энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал;
  • 4.2.3.хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд тавих хяналт;
  • 4.2.4.татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого ба зарцуулалтад тавих хяналт;
  • 4.2.5.Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудал.

4.3.Энэ хуулийн 4.2-т зааснаас бусад асуудлаар нийтийн сонсгол явуулахад энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална.

Тодруулж хэлбэл, энэ хуулийн аравдугаар зүйлийн 10.1-д “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт нь зөвхөн УИХ-аас томилогдох албан тушаалтанд хамааралтай учраас 21 гишүүний нээлттэй сонсгол хийх санал бүтэлгүйтэж мэдэхээр байгаа. 

Гэхдээ Элчин сайд томилох асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүнтэй холбоотой нягтлах асуудал гарсан учраас Тусгай хяналтын дэд хороо энэ асуудлыг хэлэлцэхээр болж, хойшиллоо. Тиймээс өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороод энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргасны дараа УИХ-ын чуулганаар Элчин сайд томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр болж байна. 

Харин нээлттэй сонсгол хийх эсэх эргэлзээтэй хэвээр байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж