Уурхайд хоёр иргэн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Уурхайд хоёр иргэн амиа алдлаа

Уурхайд хоёр иргэн амиа алдлаа

Налайх дүүрэгт иргэн Б-ын сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдаж  нас барлаа. Ослын дуудлага өнөөдөр  /2017.11.16/ 04.02 цагт Онцгой байдлын байгууллагад  ирсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04.10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нуралт үүссэн байжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн бичил уурхай нь 14 метрийн гүнтэй.  Доод ёроолдоо тулаад баруун гар тийшээ 4-5 метр эргэж орсон жижиг уурхай байсан аж. Талийгаачид нь 14 метрийн гүнд очоод яг тэр эргэх хэсэгт нүүрсэнд даруулсан байдалтай олджээ. Онцгойгийнхон цогцсыг гаргахаар ажиллаж буй ч уурхайд нуралт үүсч аврагчид өөрсдөө даруулах шахсан байна. Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж байна гэдгийг Уул уурхайн аврах ангийн дарга Г.Буянтогтох мэдээлэв.

Түүний хэлснээр, аврагчид дуудлага авсан даруйдаа очиж аврах ажиллагааг эхлүүлээд гурван цагийн дараа осолдсон иргэдийг аврах боломжгүй болсныг мэджээ.  Талийгаачид нь 47, 28 настай хоёр эрэгтэй байсан бөгөөд Налайх дүүргийн иргэд байжээ.  Осол болсон мөргөцөгт буюу уурхайн 14 метрийн гүнд маш давчуу орон зайд аврагчид ажилласан байна.  

Хэргийн газарт Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид онцгойгийнхонтой хамт байна.  

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж