Энэ жил Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 90, Волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Тус түүхэн ойг тохиолдуулан Монголын волейболын холбооноос “Буянт-Ухаа” спортын ордонд Цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн идэрчүүдийн УАШТ-ий шилдэг найман багийн дундах тэмцээн болох аж. Эдгээр тэмцээнүүд арваннэгдүгээр сарын 14-29-ний өдрүүдэд болж байна.
Түүхэн ойн хүрээнд зохион байгуулж буй цомын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг өрсөлдөж, шилдгүүдээ тодруулахаар болжээ. Энэхүү тэмцээнд легионер тоглогчдыг урин оролцуулж байгаа нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгож байна. Тодруулбал, “Эрчим” багт Куба улсаас хоёр эрэгтэй тоглогч, “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” багт Германы хоёр эрэгтэй болон ОХУ-ын хоёр эмэгтэй тоглогч тоглож байна. Мөн “Хасумегастар”, “Хос бар” багууд тус бүр хойд хөршийн нэг тоглогчийг авчээ.
Өнгөрөгч мягмар гаригт нээлтээ хийсэн Цомын аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтууд болж, эрэгтэй багуудаас “Хос бар”, “Хилчин Алтайн барс”, “Хасумегастарс”, эмэгтэй багуудаас “Хилчин Алтайн барс”, “Тэнүүн-Огоо” багууд эхний хожлоо авсан байна.
Монголын волейболын холбооны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй аварга шалгаруулах тэмцээний үеэр идэрчүүдийн УАШТ-д амжилттай оролцож эрх авсан шилдэг найман багийн дундах тэмцээнийг мөн зохион байгуулах аж.
Цомын аварга багууд энэ сарын 29-д тодорно.
МВХ-ны ЦОМ-ын аврга шалгаруулах тэмцээний эхний өдрийн дүн: /2017.11.14/
- ‘Эрдэнэт үйлдвэр Уурхайчин’ – ‘Хилчин Алтайн барс’ 2:3 (эм)
- ‘Тэнүүн-Огоо’ – ‘Энагурэ’ 3:0 (эм)
- ‘Хос бар’ – ‘Тэнүүн-Огоо’ 3:2 (эр)
- ‘Хилчин Алтайн барс’ – ‘Эрдэнэт үйлдвэр Уурхайчин’ 3:0 (эр)
- ‘Хасумегастарс’ – ‘Эрчим’ 3:0 (эр)
Ч.БОЛ