УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт ажилласан. Түүнтэй Гашуун сухайт боомтын асуудлаар болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2017 он дуусахад хоёр хүрэхгүй сарын хугацаа үлдсэн байна. Нүүрсний экспортоо төлөвлөсөн хэмжээнд хүргэж чадах болов уу?
-Энэ сарын нэгний өдрийн байдлаар 26.1 сая тонн нүүрс гаргасан гэсэн статистик мэдээг гаалийн газраас өгсөн. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод тооцоо хийхэд 27.5 тонноор авч байсан. Улсын төсвийг анх 25,8 сая тонноор гэж тооцсон харин сүүлд тодотголоор 32 сая гэж оруулсан. Ер нь 2017 оны улсын төсөвт туссан нүүрсний экспортын төлөвлөгөөг биелүүлэхэд хэл дээр үүсэж байгаа нөхцөл байдлаас хамаарч хүндрэлтэй болж байна. Жишээ нь, Эрдэнэс Тавантолгой л гэхэд борлуулалтын төлөвлөгөө 11 саяар тооцсон байсан одоогоор 7.5 сая буюу 70 хувьтай явж байна Гэхдээ нүүрсний үнийн өсөлтөөс хамаараад улсад төлөх татвар болон олох орлогын хувьд давсан үзүүлэлттэй гарахаар харагдаж байна.
-Өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөговь аймагт ажиллалаа. Уул уурхайн компаниудын нөхцө байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн бямба гаригт уул уурхайн салбарын говийн бүсийн чуулган болсон. Чуулганд Өмнөговь болон хөрш зэргэлдээ аймгийн төлөөллүүд оролцож, амжилттай зохион байгуулсан. Уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар цаашлаад үйлдвэрлэл, эдийн засгийг хэрхэн бий болгох талаар мэргэжлийн хүмүүс маань сайн тооцоо, судалгаатай ирсэн. Чуулганы дараа бүлэг орд газар үйл ажиллагаагаа явуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн “Таван толгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, бүтээн байгуулалтыг нь газар дээр нь очиж үзсэн. Бүтээн байгуулалтын хувьд “Энержи ресурс” компани үнэхээр сайн байна. Баяжуулах үйлдвэр, цахилгаан станцаар нь орлоо, усан хангамжийнхаа асуудлыг хэрхэн зохицуулж байгааг харлаа. Аль нэг компанийг ярихаасаа илүүтэй хамгийн зөв ухаалаг хувилбарыг төр харах ёстой гэж бодсон.
-Уурхайн компани, ордуудад тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь юу вэ?
-Нүүрсний үнэ өссөн энэ үед компаниуд аль болох борлуулалтаа нэмэх нь зүй ёсны асуудал. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу нүүрсийг баяжуулах үйлдвэрийг зайлшгүй “Эрдэнэс Тавантолгой” компанид барих ёстой юм байна. Ер нь Таван толгойн бүлэг орд 6,4 тэрбум тонны нөөцтэй гэсэн тооцоо гарсан. Энэ том ордыг үр ашигтай иж бүрэн урт хугацаанд сорчилохгүй ашиглахын тулд хамгийн гол зүйл нь нүүрсийг угааж баяжуулах үйлдвэр юм
Өмнөх Засгийн газрууд Таван толгойн бүлэг орд дээр дулааны цахилгаан станц барина гэж төлөвлөсөн байсан. Усны асуудлаа яаралтай шийдэж байж том бүтээн байгуулалт буюу эрчим хүчний үйлдвэр, хүнд үйлдвэрлэл цааш явах юм. Олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэр барихад нэгдүгээрт цэвэр усны асуудал тулгамдаж байна. Ер нь бид гүний усаа хэрэглээд дуусах уу, аль эсвэл урсац сайтай Хэрлэн голыг нааш нь татах уу гэсэн аргачлалуудыг маш сайн судалсны үндсэн дээр шийдэхгүй бол томоохон төслүүд маань саадтай тулгарах болоод байна.
Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дээр 84-100 км үргэлжилсэн цуваа үүсээд байгаа. Боомт, гаалийн удирдлага ажилчидтай очиж уулзахад хэрэглээний усыг тодорхой хэмжээнд зохицуулж байгаа ч гэсэн ундны усаа зохицуулж чадахгүй байна. Уух ундныхаа усыг Цагаан хаднаас аль эсвэл Даланзадгадаас зөөж төрийн албыг залгуулж байна. Тэгэхээр говийн бүсэд тулгамдаад буй хамгийн том бэрхшээл нь цэвэр ус гэдэг нь ойлгомжтой.
-Цэвэр уснаас гадна тог, цахилгааны асуудал бэрхшээлтэй байгаа талаар ярьж байсан?
-Усныхаа асуудлыг шийдчихвэл цахилгаан станцаа барьчихна. Таван толгойн энэ том орд дээр нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүр буюу дулааны эрчим хүчний цахилгаан станц барьчихвал Өмнөговь гэлтгүй говийн бүс нутаг, цаашлаад төвийн эрчим хүчний сүлжээнд холбоод баруун бүс рүү эрчим хүч нийлүүлэх гол суурь бий болох боломжтой гэж харж байгаа. 15-35 сая тонны баяжуулах үйлдвэр барих гэхээр тэр хэмжээний усан хангамж зайлшгүй шаардлагатай. Иргэдтэй уулзахад хэрэглээний болон ундны усны ундарга нь ширгэж, байхгүй болоод байна гэсэн шүүмжлэлүүд их гарч байна. Энэ болгоныг бодож үзээд “Хэрлэнгийн урсацыг тохируулан говь руу татах” төслийг хэрэгжүүлэхгүй бол том төслүүд маань саадтай учирна гэж бодож байгаа. Мэдээж хөрөнгө, санхүү байвал болохгүй зүйл байхгүй. Хэрлэнгийн усыг говь руу татахад 800-900 сая ам.долларын зардал гарахаар тооцоо гарсан байгаа тэгж байж бид томоохон төслүүдээ хэрэгжүүлэх мөн говийн бүс нутгийг усжуулж уурхай,хүнд үйлдвэртэй холбоотойгоор үүсэн гардаг байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудал болон бусад тулгамдсан асуудлыг шийдэх боломж бүрдэнэ
-Гашуун сухайтын нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцлаа. Асуудал нь юунд байна гэж та харж байна?
-Нүүрс олборлож байгаа уурхай маань мэдээж борлуулалтаа бодож их хэмжээний нүүрсийг гаргахаар ажиллаж байгаа. Үүнийг нь буруутгах арга байхгүй. Ер нь бол хил, гаалийн нэвтрүүлэх чадвар муудсанаас гол асуудал үүссэн гэж бодож байна. Өнгөрсөн зургаадугаар сард өдөртөө 1500-1600 тээврийн хэрэгсэл Гашуун сухайт боомтоор гарч байсан. Одоогийн байдлаар өдөртөө 510-610 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа учраас 84-100 км үргэлжилсэн цуваа үүсээд байна. Энэ нь өмнөд хөршийн бодлоготой зайлшгүй холбоотой. Бид аль, аль талдаа хариуцлагатай хандаж шаардлагаа өндөржүүлж байж, үүсээд буй тээврийн цувааг багасгаж болно гэж бодож байгаа. Уурхайгаас нүүрс тээвэрлэж байгаа компанийн удирдлагуудтай уулзахад “Уртын урт”-ын тээврийг болиод Цагаан хад хүртэл явуулах. Цагаан хаднаас хил хүртэл богины тээвэр хийгээд үзвэл үүсээд байгаа цуваа 50 хувь багасах тооцоотой байна. Мөн эргээд хариуцлага тооцох эзэнгүй тээврийн цаасан компани олон байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа. Үүнийг Зам тээвэр хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвөөс сайн шүүж, шалгаад цэгцэнд нь оруулъя гэж тохирсон.
-“Уртын урт”-ыг болиулж Цагаан хадны боомтыг нээхэд хэр их хугацаа шаардах вэ?
-Богино болгох асуудал дээр айхтар хугацаа шаардагдахгүй байх. Зам тээврийн сайдтай ярилцаж байгаад ирэх Засгийн газрын хуралдаанаар танилцуулгаа бэлдээд танилцуулна. Ойрын үед шийдвэр нь гарчих байх гэж бодож байгаа. Хүний амь нас юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй. Зөвхөн 2016, 2017оны байдлаар энэ нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой маш олон зөрчил гарч 20 гаруй хүний амь эрсэдсэн байгаад маш их харамсаж байна. Тиймээс долоо хоногийн дотор зохицуулагдана гэж бодож байна.
-Төмөр замын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж хил, гаалийн нэвтрүүлэх чадамжийг дээшлүүлэхэд хамгийн гол зүйл нь төмөр зам. Бид цаашид төмөр замын асуудлаа шийдэхгүй бол уул уурхай эрхлэж байгаа аж ахуй нэгжүүдийн маань өрсөлдөх чадвар нэмэгдэхгүй. Жишээ нь, жилийн өмнө 80 юань байсан тээврийн зардал одоо 250 юань болсон. Тээврийн зардал нэмэгдсэнээр манай улсад орж ирэх валют тэр хэмжээгээр багасч байгаа юм.
Төмөр замын асуудал дээр манай Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.