Зохицуулагч байгууллагууд финтекийн шийдлийг эрэлхийлж байна

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Зохицуулагч байгууллагууд финтекийн шийдлийг эрэлхийлж байна

Зохицуулагч байгууллагууд финтекийн шийдлийг эрэлхийлж байна

Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагууд БНСУ-ын Сөүл хотноо хуран цуглаж, Финтек буюу мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, түүний бодлого, зохицуулалтын талаар ярилцаж байна. Сингапур, Япон, Герман, Их Британи, БНХАУ, Тайланд, Индонези, БНСУ, Вьетнам, Тайван зэрэг технологи хөгжсөн орнууд, Дэлхийн банк, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага зэрэг өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж буй уг семинарыг нээж Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, хууль эрх зүйн болон зохицуулалтын орчин зөв бүрдсэнээр финтек нь санхүүгийн системийг илүү олон тулгуурт үр дүнтэй болгож олон улсад санхүүгийн үйлчилгээг хэрэглэгч болон бизнес эрхлэгчдэд бодитой үр өгөөжийг өгч, эцсийн дүнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн үйлчилгээг авах цар хүрээг өргөжүүлэх боломж болохыг онцлоод, Санхүүгийн зохицуулах хорооноос финтекийн хөгжлийг дэмжин, цахим санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, хэрэглэгчдийг цахим санхүүгийн үйлчилгээнээс үүсч болох эрсдэлээс хамгаалахад анхаарал хандуулж буйг дурдлаа.

Финтекийн шинэ боломжууд болон санхүүгийн үйлчилгээний ирээдүй, хөгжлийн хандлага, мөн энэ асуудлаар баримталж буй бодлогын хандлага, болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, хяналт зохицуулалтын хандлага гэсэн гурван хэсгээр зохицуулагч байгууллагууд хуралдаж, тус тусын сорилт, туршлага ба баримтлалын талаар харилцан ярилцсан юм. Дэвшилтэт технологид тулгуурлаж, кодчиллын алгоритмууд ашиглан онлайн орчинд олноор бий болж цахим хэрэгслүүд, тэдгээрийн санхүүгийн салбарт нөлөөлж буй нөлөөлөл улс орон бүрт харилцан адилгүй ч цаашаа яаж нарийвчлагдан хөгжих, хяналт зохицуулалтын технологи ямар загвар бүтэц болон шалгах алгоритмаар хийгдэхийг судлан тандаж, туршин сорьсон хандлага нийтлэг байна.

Семинараар зохицуулагч болон олон улсын байгууллагууд одоогоор хүчин төгөлдөр байгаа эрх зүйн баримт бичгүүд, хамтын нийгэмлэгүүдийн гэрээ хэлцлүүд, конвенцуудын чадамж, нэмж зохицуулах шаардлагатай харилцаа, санхүүгийн хамтын тогтолцооны аюулгүй байдал зэрэг олон чухал асуудлыг хөндсөн юм. Эцсийн дүнд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний зохицуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол болохыг семинарт оролцогчид онцлон дүгнэв.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж