X хорооллын дулааны шугам задарч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

X хорооллын дулааны шугам задарч болзошгүй

X хорооллын дулааны шугам задарч болзошгүй

УБДС ТӨХК-д ирсэн иргэдийн гомдлоос...

Өвлийн эхэн сар гарахад гуравхан хоног дутуу байхад гэрийнх нь халаалт тасалдсан, дулаан сайн ирэхгүй байна гэх иргэдийн гомдол олон байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 7004-7005 дугаарт арваннэгдүгээр сарын 14-нд дараах гомдол иргэдээс иржээ. 

  • Хоёр өдрийн өмнө /2017.11.14/ 17.00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн хажууд байрлах 11 дүгээр байр бүхэлдээ халаалтгүй болжээ. Ус дулаан дамжуулах төвийн төв зам доогуур байрлах 38, 39-ийн шугамд гэмтэл гарч, зургаан цаг ноцолдсоны эцэст шугамыг засварласан байна. Хариуцсан орон сууцны контор нь засварын ажлыг гүйцэтгэхдээ 11 дүгээр байрны дулаан, усыг бүрэн хаажээ.

  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Улаанбаатар сувиллын “ЮБ” тауны хажууд байрлах 49 дүгээр байрны 301 тоотод суух иргэнээс  “Халаалт маш муу. Есдүгээр сарын 16-наас хойш буюу дулаан өгснөөс хойш гэрийн доторх температур нэмэгдээгүй”…

  • Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, 21 дүгээр хорооллын 1-58 байрны оршин суугч “Халаалт муу, хариуцсан контортоо хэлэхээр шалгаж байна гэдэг. Жилийн жилд иймэрхүү байдаг”…

  • Сүхбаатар дүүрэг гуравдугаар хороо “Далай ээж”-ийн 10 дугаар байр 9 тоотод суух иргэнээс “Халаалт муу байна. Асуудлыг хэрхэн шийдэх вэ?”…

  • Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 72 хотхоны урд 46-6 дугаар байрны 63 тоотын оршин суугчаас “Халаалт муу. Харьяа контортоо хэлэхээр тоохгүй байна”….

  • Сүхбаатар дүүрэг тавдугаар хороо, Тээврийн товчоо хоёрдугаар байрны 33 тоотод суух иргэнээс “Халаалт муу байна. Яавал дээр вэ”…

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 74 байрны 35 тоотод суух иргэнээс мөн л “Халаалт муу” гэжээ.

Цаашид хүйтний эрч улам чангарна. Гэтэл зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийн пар халахгүй асуудал болсоор байна. Энэ жилээс Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-оос дулааны асуудлыг татаж, мэргэжлийн байгууллагад нь шилжүүлж өгчээ. Ингэснээр СӨХ-д тухайн байрнуудынхаа халаалтын асуудлыг шийдэхгүй, ус, дулааныг дамжуулах тусгай зөвшөөрөлтэй орон сууцны конторууд айл, өрхүүдийн халаалтыг хариуцна. Тиймээс уншигч таны гэрийн халаалт муу, халахгүй, харьяа орон сууцны контортоо хэлээд ч шийдэж өгөхгүй бол Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д хандаарай. Тэд таны гомдлыг бүртгэж аваад найман цагийн дотор шийдэж өгөх аж. Орон сууцны конторт нь хэлээд давхар өөрсдийн инженерээ явуулж, тухайн өрхийн параас хий авах, дулааны шугамыг нь хянах эсвэл тухайн өрхийн пар сольж шинэчлэх цаг нь болсон уу зэргээр ажиллаж иргэдийн гомдлыг барагдуулж буйгаа Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал ярилаа.

Түүний хэлснээр, тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаж, өнгөрсөн тавдугаар сараас есдүгээр сарын 15-ны дотор засч, солих шаардлагатай 19 төв шугамыг 1.4 тэрбум төгрөг зарцуулж их засварыг хийжээ. Энэ өвөл хамгийн эрсдэлтэй буюу муудаж, хуучирснаасаа болоод өвлийн эд хүйтэнд задарч, буудах аюултай хэсэгхэн шугам бий гэнэ. Тэр нь 20 гаруй жилийн насжилттай 10 дугаар хорооллын замын урд хэсгийн төв шугам аж. Өвлийн хүйтэнд шугам задрах эрсдэлтэй юм байна. 

УБДС ТӨХК-ийн хэлтсийн дарга Ш.МӨНХЖАРГАЛ

Нийслэлд барилга их баригдах тусам орон сууцуудын халаалт муудаж, тэр дундаа шинээр ашиглалтад орсон барилгуудын дулаан муу байна гэж ярих иргэд цөөнгүй байсан. Тэгвэл эсрэгээрээ шинээр баригдсан орон сууцууд дулаанаа алдах нь бага. Хуучны угсармал байрууд болох 3,4 хороолол, Төмөр замын шар, 13 дугаар хороолол, нэгдүгээр хорооллын орон сууцуудын хойшоо харсан цонхтой, булан тохойн айлууд нь дулаанаа их алддаг, пар нь хуучирч муудсан зэргээс дулаантай холбоотой гомдол их гардаг гэдгийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал онцлов. Мөн “Амгалан” станц ашиглалтад орохоос өмнө Сансар, 15 дугаар хороолол, Жуков орчимд ус тасрах, дулаан стандарт хэмжээнд хэрэглэгчиддээ хүрдэггүй зэрэг асуудал их байжээ.

Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч станцуудын тухайд өвөлжилтийн бэлтгэл ажил 85-95 хувьтай явна.

"Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.АНХБАЯР

Тухайлбал, “Дулааны IV цахилгаан станц”-ын өвөлжилтийн бэлтгэл ажил 92 хувь хангагдсан байна. Одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад буйгаа “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр хэллээ. Мөн тэрбээр “Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чадсанаа онцолсон юм. Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл буурсан” гэдгээ тодотгов.  Энэхүү станц нь төвийн бүсийн 70 хувь, нийслэлийн 60 хувийг эрчим хүчээр хангадаг юм.  

Эдгээр станцуудын үйлдвэрлэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д нийлүүлдэг дулаан, халуун усыг хотын 2800 аж ахуйн нэгж, 9700 гаруй барилга орон сууцад 60 гаруй орон сууцны контороор дамжуулж шахдаг байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж