ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын байрыг зарлав

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын байрыг зарлав

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын байрыг зарлав

Оросын ажлын байрны зар гаргадаг Superjob портал ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын байрны зарыг нийтэлжээ. Ирэх 2018 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдах учиртай.

Энэ ажлын байранд өрсөлдөгч нь Оросын ажил олгогчид буюу бүх нийтийн санал хураалтаар ажилд орох юм гэдгийг портал тодотгосон байна.

Уг албан тушаалд горилогчдод тавигдах шаардлага нь 35 хүртэлх насны , нас хүйс харгалзахгүй, өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байсан туршлага шаардагдахгүй, гэхдээ амьдралын идэвхтэй байр суурьтай, эх оронч байх ёстой гэжээ.

Ажил горилогч нь ОХУ-ын иргэн байх, мөн сүүлийн 10 жил ОХУ-д тогтмол амьдарсан, шүүхээс ял шийтгэлгүй байх ёстой. Европын аль нэг орны хэлийг зайлшгүй эзэмшсэн байна, үүнээс гадна программ хангамжийн ядаж нэг хэл мэддэг байх, байнгын томилолтод бэлэн байх шаардлагыг бас тавьжээ.

Уг албан тушаалд ажиллах хүн нь Холбооны болон олон улсын хууль тогтоомжийг батламжлах, уучлал үзүүлэх, Төрийн Думын сонгуулийг товлох эрхтэй байхаас гадна батлан хамгаалах чиглэлийн хэлэлцээр хийх чадвартай байх ёстойг дурджээ.

Шаардлагыг ханган уг албан тушаалд сонгогдвол хувийн онгоц, хувийн өргөө, хувийн зуслангийн байраар хангагдахаас гадна хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, тээврийн зардлыг төр даана. Мөн албан тушаалдаа ормогц Кремль рүү харсан ажлын өрөөтэй болж, ажилдаа ирж, буцахдаа замын түгжрэлд орохгүй байх давуу талтай гэжээ.

Superjob порталын хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын байрны зарыг анх удаа зарлаж байгаа биш уламжлал гэж хэлж болно. “Энэ бол манай уламжлал. Манай порталаас сая сая хүн ажлын байраа олдог. Манайд нийтлэгдсэн ажлын байрны нөхцөл, шаардлагыг уншиж үзээд ажил хайж байгаа хүн бүр чадал, боломжоо цэгнэж үздэг. Ерөнхийлөгч гэдэг бол ажлын байр гэдгийг бид сануулахыг хүсдэг. Зүгээр нэг ажлын байр биш. Хүнд, хэцүү, өргөн мэдлэг, чадвар, туршлага, дадал шаарддаг ажил” хэмээн Superjob порталын PR хариуцсан захирал Иван Кузнецов РИА Новости-д ярьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж