Хайрцаг дээрээ тамхины хор хөнөөлийг харуулсан зураггүй тамхи зарахыг хориглох шийдвэр арваннэгдүгээр сарын 15-наас ОХУ-д хэрэгжиж эхэллээ. Энэ хориг ЕвроАзийн Эдийн засгийн холбооны бүх гишүүн оронд нэгэн зэрэг мөрдөгдөх юм.
ЕвроАзийн Эдийн засгийн холбоо нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь ОХУ, Армян, Беларус, Казахстан, Киргиз багтдаг. Гишүүн орноос ганц Армянд тамхины шинэ журам ирэх 2018 оны зунаас хэрэгжих юм.
Шинэ журмаар тамхины савыг анхнаасаа аймшгийн зурагтай үйлдвэрлэж болно, бас зургийг дараа нь хайрцаг дээр нааж болох ажээ.
Шинэ журмаар хэд, хэдэн шаардлага тавигдаж байгаа. Тамхи татах нь хүний биеийн эрхтнүүдэд хэрхэн нөлөөлж, ямар хор учруулдаг болохыг зурган дээр тодорхой харуулах ёстой юм. Эдгээр зураг хамгийн муухай, айдас төрүүлэм байх ёстой. Зургийн хэмжээ нь тамхины хайрцагны тал хувийг эзлэх учиртай. Мөн тамхины хайрцгийг жимс юм уу, эсвэл чихэр зэрэг амттаны дүрсгүйгээр үйлдвэрлэх ёстой. Ийм дүрс тамхины хайрцаг дээр байх нь хэрэглэгчдэд тамхи хүнд хэрэгтэй зүйл мэт төөрөгдөл үүсгэнэ гэж ЕвроАзийн Эдийн засгийн холбоо үзжээ. Мөн өмнө нь тамхины орцыг хайрцаг дээр дэлгэрэнгүй бичдэг байсныг болиулж байна. Никотины орцыг дэлгэрэнгүй бичсэнээр тамхи нь хүний биед бага хортой юм шиг сэтгэгдэл төрүүлнэ гэж болгоомжилж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ