УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөр /2017.11.15/-ийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдыг Хойд Солонгост зэвсэг худалдсан, түүнтэй холбоотойгоор хоёр хүн цаазлуулсан гэх ноцтой зүйл ярьсан юм. Дээрх тайлбартай холбогдуулж, УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазаар авхуулсан тухай ТЕГ-ын дарга асан Б.Хурц хэлсэн. Үнэхээр ийм асуудал болсон уу?
-Монголын тагнуулын дарга болчимгүй зүйл ярилаа. Нэгд, Хойд Солонгост хүн цаазлуулсан эсэхийг нотлох хэрэгтэй. Хоёрт, тэр хүмүүс ямар гэмт хэргээс болж цаазлуулсан гэдгийг тайлбарлах, мэдээлэх хэрэгтэй. Намайг гүтгэсэн, түүгээр зогсохгүй өөр улсыг бас гүтгэсэн. Намайг сайдаар ажиллаж байх үед надаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулах ямар ч үндэс байхгүй. Б.Хурцын ярьж байгаагаар хууль бус наймааг зогсоосныхоо төлөө хоёр хүн цаазлуулсан бол би тухайн үедээ хууль бус наймааг хийлгэх байсан болж таарах нь. Энэ бол маш зөрчилтэй асуудал. Хойд Солонгостой холбоотой ямар нэгэн наймааг Батлан хамгаалах яам хийгээгүй. Тийм учраас Батлан хамгаалах яамнаас юм уу эсвэл тэр үед ажиллаж байсан сайдаас шалтгаалан Хойд Солонгост хэн нэгэн хүн шийтгэл хүлээх нөхцөл бололцоо байхгүй.
-Хойд Солонгост зэвсэг наймаалахаар яригдаж байсан юм биш үү. Хүмүүс бол янз бүрээр л хардаж байх шиг?
-Тухайн үед намайг Батлан хамгаалах яамны сайдаар томилогдоход 20, 30 жилийн өмнө актлагдсан тодорхой сэлбэг хэрэгсэл байсан. Тэр сэлбэгийг бид гэрээний дагуу зөвхөн ОХУ-д буцааж борлуулах ёстой. Тухайн үед ОХУ-ын нэг компани, Монголын нэг компанитай хамтран актлагдсан сэлбэг хэрэгслийг ОХУ-ын компани худалдан авах саналаа Батлан хамгаалах яаманд өгчихсөн байсан. Сайдаар томилогдсоны дараа сайдын зөвлөлийн хуралдаанаар дэмжсэн. Энэ гэрээ нь 300 мянган ам.долларын үнэлгээтэй. Гэтэл ОХУ-ын талын Батлан хамгаалах яамнаас зөвшөөрөхгүй гэсэн хүсэлт ирсэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Батлан хамгаалах яам нь өөр компанид худалдаж болохгүй гэдэг санал ирүүлсэн гэсэн үг. Түүний дараа ОХУ-аас өөр улсад зарах боломж байна гэдэг санал ирсэн. Тухайн үед нь Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон бол тэр үүргээ хүлээх ёстой. Тиймээс энэ наймааг зогсоож, буцааж олгохыг үүрэгдэж, энэ асуудал дууссан. Гэхдээ үүний цаана нөгөө сэлбэгийг авах гэж байсан “гомдолтой” хүмүүс нь ийм наймаа хийх гэсэн, Батлан хамгаалах яамыг буруутгаж байсан. Бид ямар ч нөхцөлд тухайн сэлбэгийг гуравдагч оронд борлуулах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй учраас энэ асуудлыг хаасан. Гэхдээ энэ асуудлыг болгож, бүтээж өгнө гэсэн Монголын болон ОХУ-ын иргэд байсан. Тэд чадахгүй зүйлээ чадна гэж тодорхой хэмжээний мөнгө авсан байсан. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, залилангийн хэргээр ял шийтгэл хүлээсэн.
-Тэгвэл ямар шалтгаанаар ТЕГ-ын дарга байсан хүн таныг энэ хэрэгтэй холбоотой гэж ил тод зарлах болов?
-Маш ноцтой юм ярьж байгаа юм. Сүүлийн гурав, дөрвөн жил надтай хамт ажиллаж байсан олон хүнийг хэлмэгдүүлж, шалгаж маш их хохироосон. Мэдээж би тэр хүмүүсийг алсан гэж хэлээгүй. Гэхдээ надтай хамт ажиллаж байсан нэр төртэй хүмүүс шалгуулж байгаад нас барав. Тэр хүмүүсийг дараа нь цагаатгаад ч нэмэргүй болчихсон. Энэ бол Монголын төрийн хувьд эмгэнэлтэй зүйл болсныг би өнөөдөр хэлэх үүрэгтэй. Тэгэхээр нэр дэвшигчийн удирдаж байсан байгууллагаас нь ийм асуудал гаргаж байсан учраас дараагийн өндөр албан тушаалд томилогдохоос нь өмнө асууж, тодруулж байсан гэдгийг нь би хэлж байгаа юм. Би анхааруулах ч үүрэгтэй. Сүүлийн үед тодорхой юм ярихаар гүтгэж, харлуулдаг зүйл бий болчихсон. Жишээлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эрдэнэт үйлдвэрээс 43 сая доллар идсэн” гэж хэлсэн. Хэрэв Ц.Нямдорж сайд идсэн юм бол тэр хүн сайд хийх ёстой юу. Би хэрвээ Хойд Солонгост зэвсгийн наймаа хийсэн бол энд сууж байх уу. Иймэрхүү нөхцөл байдалд болчимгүй мэдэгдэл хийж байгаагаараа учир дутагдалтай гэдэг нь харагдаж байгаа юм.
-Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэлээ. Тэгвэл яагаад ийм асуудал гарах болов?
-Тэр бол залилан. Бидэнд ч цаана нь Хойд Солонгос байгаа гэж хэлээгүй. Бүх гэрээ хэлэлцээр бол Монголын компани, Оросын компанид зарна гэдэг байдлаар явж байсан.
-Хойд Солонгостой хийхээр завдсан наймааны асуудалд Монголын талаас хэн, ямар компани оролцсон юм бэ?
-Тухайн үед шийтгэл хүлээж байсан хүмүүс нь байгаа шүү дээ. Тэд Оросын тодорхой компаниудтай үгсэн хуйвалдаад залилан хийсэн. Батлан хамгаалах яамны хувьд ямар ч хуулийн зөрчил байхгүй.
-Батлан хамгаалах яамтай холбоотой хэд хэдэн барилгын асуудлыг хуулийн байгууллага шалгасан байдаг. Таныг яллагдагчаар татаж байсан уу?
-Яллагдагчаар биш гэрчээр дуудаж байсан. Яллагдагчаар татахын тулд мэдүүлэг хэрэгтэй юм билээ. Тэр мэдүүлгийг манай хоёр Төрийн нарийн бичгийн даргаас нэхэж, дарамталсан. “Л.Болд сайд тэр барилгын тендерийг манай найзын компанид өг гэсэн үүрэг өгсөн гэдэг” мэдүүлэг авахыг хүссэн. Ямар нэгэн байдлаар намайг хэрэгтэн болгох сэдэл хэрэгтэй учраас Төрийн нарийн бичгийн даргаас нэхэж, шалгасан байсан. Тухайн үед тодорхой бодлогоор, захиалгаар төрийн албан хаагчдыг дарамталж, маш урт хугацаанд шалгасан. Гэхдээ ямар нэгэн ноцтой асуудал гарч ирээгүй учраас хэрэг ч биш болсон. Цаад зорилго нь намайг яллах байсан ч хэрэгжээгүй. Тэгээд энэ хэрэг замхарсан. Хардаж болно, шалгаж болно. Гол нь нотолж, асуудалд цэг тавих ёстой. Нотлогдохгүй бол хүнийг олон жилээр байцааж, шалгаж, сэтгэл зүйн дарамтад байлгасаар амь насаа алддаг. Б.Хурцыг хаана томилох гэдэг чухал биш, өнөөдөр. Засгийн газар яагаад огцорсон, хуулийн байгууллагад ямар нэг хязгаар гэж байхаа больсон. Ерөнхий сайд нь тагнуулж, Шадар сайд нь гэмт хэрэгтэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ч гэмт хэрэгтэн болоод байна. Ингээд гүтгэдэг, ямар нэг зүйлтэй холбож дарамталдаг, нөгөө хэсэг нь нэр төрөө ч цэвэрлэдэггүй, ямар нэг хариу үйлдэл үзүүлдэггүй ийм буруу жишиг тогтох гээд байна. Асуудал байгаа бол зарлахаас илүү хуулийн байгууллага дээрээ шалгаж, тогтоогоод хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Үүнд сануулга болгох гэж зарчим ярьж байгаа.
-Та сайдаар ажиллаж байхдаа найзынхаа хүүд давуу эрхтэйгээр орон сууц барих тендер олгосон гэж Б.Хурц мэдэгдсэн. Энэ талаараа тайлбарлаач?
-Яаман дээр бүх тендерийн талаар шийдвэр гаргадаг хүн нь Төрийн нарийн бичгийн дарга. Тиймээс надтай хамт ажиллаж байсан хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга нар шалгагдаж, мөрдөгдөж байгаад өөд болсон. Хэн нэгэн хүнтэй танил байж болно, найз байж болно. Тэр хүн тендерт оролцож барилга байшин барих тендер авсан нь надад хамаатай асуудал биш шүү дээ. Энэ хэргээр намайг ч надтай хамт ажиллаж байсан хүмүүсийг шалгаж, мөрдлөг явуулсан. Тиймээс тэр хүмүүсийн ар гэрт ч гомдол байгаа, надад ч гэсэн гомдолтой байна. Нотлогдохгүй бол бие муутай хүмүүсийг олон жилээр шалгаж, сонин байдалд байлгаж, хохироож болохгүй.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, одоо тантай холбоотой ноцтой мэдэгдлүүд гарлаа. Төрд үнэн алга гэх ойлголтыг олон нийтэд төрөөд эхэллээ шүү дээ?
-Энэ бол ардчиллын давуу тал. Өөр газар байсан бол битүү, далд байсаар байгаад дуусах нь. Ард түмэн эндээс хожно гэж бодож байна. Тодорхой асуудлууд ил гарч байна. Цуурхал, коммент биш. Байнгын ажиллагаатай парламентын засаглал, гайхамшиг гэдэг энэ. Энд яригдаж, тодорхой хариу өгч үнэн мөн нь тогтоогдоод явна. Монголын ардчилал, ард түмэн ялж байна гэж харж байгаа.
-Дахиад асууя. Таныг сайдаар ажиллаж байхад Хойд Солонгост хоёр хүн цаазаар авхуулсан гэх ямар нэгэн мэдээлэл ирж байсан уу?
-Мэдэхгүй, би огт тийм зүйл сонсоогүй. Хойд Солонгост хуулийн байгууллага нь яаж ажилладаг, хэдэн хүнийг цаазалдаг, ямар нөхцөл байдалд байдгийг би мэдэхгүй. Түүнийг мэддэг байх үүрэг ч байхгүй, шаардлага ч байхгүй. Одоо тэгээд хэлсэн хүн нь нотолно биз. Хэрэв тийм зүйл болсон бол Хойд Солонгосоос ч тайлбар хийх байсан биз. Монгол Улсын Батлан хамгаалах яамны тодорхой үйл ажиллагаанаас болж бид ийм хүмүүсийг цаазалсан гэдэг тэр мэдэгдлээ хийх байлгүй, манайд Элчин сайдынх нь яам байгаа шүү дээ.
-Та Б.Хурцыг шүүхийн байгууллагад өгч, нэр төрөө цэвэрлэнэ гэж хувийнхаа сошиал хуудсанд бичсэн байна лээ?