Бэсрэг киноны үдэш болно

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, “Гёте” институт, “Блэк Бокс” театр хамтран 2011 оны наймдугаар сарын 20.30 цагт Монголд анх удаа “Бэсрэг киноны үдэш” арга хэмжээ зохион байгуулж байна.  

Монголд бэсрэг кино хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, тэдний бэсрэг уран бүтээлийг Монголд амьдарч буй гадаадын иргэд, монголчуудад танилцуулан урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилт бүхий энэхүү арга хэмжээ нь “Бэсрэг кино: Боломж, амжилт” сэдэв дор болох бөгөөд бид олсон амжилтаа дурдаж, ирээдүйн боломжоо хэлэлцэн санал солилцох юм.

“Бэсрэг киноны үдэш” нь ХБНГУ-ын Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийн  профессор, тэнд суралцаж төгссөн авьяаслаг монгол найруулагчдын багш Мартин Таугаас мэргэжлийн үг сонсох, Германы бэсрэг киноны түүхэн уламжлал, хөжлийн тухай мэдээлэлтэй болох, мөн найруулагч Оливер Хаффнерийн “Сүү долоох” нэртэй өвөрмөц сайхан герман кино үзэх боломж олгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Монголчуудын их баяр наадмын өмнө болж буйгаараа онцлог энэ арга хэмжээний үеэр өнгөрсөн жилээс өнөө хүртэлх хугацаанд Монголын бэсрэг киноны түүхэнд болсон хоёр чухал үйл явдал буюу “48 цаг-Улаанбаатар 2010” бэсрэг киноны наадам, ЮНИТЕЛ-ын бэсрэг кино дэмжсэн төслийн хүрээнд бүтээсэн шилдэг есөн бэсрэг киног үзүүлнэ.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага энэ арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байна Монгол кино, монгол киночдыг дэлхийн тавцанд гарахад нь туслах зорилго бүхий урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилийн есдүгээр сард анх удаа “48 цаг-Улаанбаатар 2010” кино наадмыг зохион байгуулсан юм. Энэ наадмын ялагч залуу найруулагч Ч.Хоролдоржийн “Зүүд” кино АНУ-ын Майамид болсон “48 цаг” бэсрэг киноны олон улсын наадмын шилдэг 16-д шалгарч, Канны олон улсын кино наадмын “Бэсрэг кино”-ны буланд (Short film corner)  үзүүлэхээр сонгогдсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж