УИХ-ын чуулганы хуралдаанаа байнга тасалдаг УИХ-ын гишүүн Б.Наранхүү өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд сууж “гийгүүлэв”. Нар баруунаас гарав уу гэлтэй Б.Наранхүү гишүүнийг харсан хүмүүс Б.Хурцыг томилох болохоор байнгын хорооны хуралдаандаа суухаар ирж хэмээн жиг, жуг хийнэ лээ.
УИХ дахь Ардчилсан нам есөн гишүүнтэй. Түүний нэг нь Б.Наранхүү гишүүн. Тойргийнхон нь төдийгүй намын бүлгийнх нь гишүүд ‘Хаа явна вэ’ гээд сураглахад сураг нь гарахгүй байсан ч гэнэт ажилдаа ирж олон хүнийг алмайруулсан шүү.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгоонд түүний санал хэрэгтэй болов уу эсвэл үнэхээр Б.Хурцыг дэмжихээр ирэв үү?.
Дундговьчуудыг төлөөлдөг ганц гишүүн Төрийн ордон дахь ажилдаа ирлээ. Харин өнөөдрөөс дахиад алга болчих вий дээ. Ямартай ч олон нийтийн сүлжээнд” Хуралдаа суудаггүй хүнийг хуралд нь суулгаж, өөрийгөө дэмжүүлж санал өгүүлдэг, Б.Хурц ч том юм аа” гэх ёжлол гарсан байна лээ шүү.
Ш.ЧИМЭГ