О.Гэрэлсүх: Ирэх онд Чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

О.Гэрэлсүх: Ирэх онд Чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно

О.Гэрэлсүх: Ирэх онд Чингис хааны тухай шинэ түүхэн жүжиг тоглоно

Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын драмын эрдмийн театрын гүйцэтгэх продюсер О.Гэрэлсүхээс зарим зүйлийг тодрууллаа. 

-УДЭТ энэ онд уран бүтээлийн ургац арвин байсан. Ураг бүтээлүүдээ урьдчилсан байдлаар дүгнэвэл? 

-Энэ оны хоёр дахь шинэ уран бүтээлээ нээх гэж байна. Ер нь театрууд жилд том хэмжээний хоёр жүжиг шинээр тавих нь өндөр уран бүтээлтэйд тооцогддог. Учир нь тухайн шинэ жүжгийн бэлтгэл ажилд зөвхөн уран бүтээлчид, жүжигчдийн ур чадвараас гадна шинэ тайз засал хийж, бүх дүрд зориулан хувцас оёх зэргээр маш их материаллаг талын бэлтгэл ажил ордог. Улсын драмын эрдмийн театр өнгөрсөн хавар Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг Б.Хишигзаяагийн найруулгаар шинээр тавьсан. Ирэх онд Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ой тохиож байна. Энэ өндөр ойтой холбогдуулан Лев Толстойн “Холстомер” алдарт туужаас сэдэвлэн жүжгийн зохиол болгосон Марк Розовскийн “Адууны түүх” бүтээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатарын найруулгаар тавих гэж байна. Энэ жүжгийн нээлтийг 24-нд хийнэ. Жүжгийн бэлтгэл ажил товлосон хугацааны дагуу явж байна. Жүжигчдийн уншлага, сургуулилт, тайзны үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явагдаж байна. “Адууны түүх” жүжиг энэ онд есөн удаа тоглогдоно. Мөн УДЭТ-ийн уран бүтээлчид өнгөрсөн хавар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймагт, намар Архангай, Завхан, Хөвсгөл аймагт аялан тоглолтоо хийсэн. Мөн хот орчмын аялан тоглолт хийж орон нутгийн үзэгчдэдээ ойртож уран бүтээлээ толилуулсан. 

-Урьд өмнө танай театрын тайзнаа тавигдсан жүжгүүдээс “Адууны түүх” бүтээл юугаараа илүү онцлог вэ? 

-Манай театр дэлхийн олон орны алдартай зохиолчдын сор болсон бүтээлүүдийг өөрийн тайзнаа “амьдруулж” үзэгчдийнхээ оюун мэлмийд өргөн барьж байсан. Гэхдээ Оросын алдарт зохиолч Лев Толстойн бүтээлээс тоглож байгаагүй. “Адууны түүх” жүжгийн хувьд анх 1975 онд Санкт Петербургийн драмын эрдмийн театр буюу хуучнаар Горькийн нэрэмжит театрын найруулагч Георгий Александрович Товстоногов найруулгаар тайзны бүтээл болсон. 

Мөн хойд хөршид уг бүтээлийг дуурь болгон үзэгчдэдээ толилуулсан. Мөн Германд радио жүжиг болгон тоглож байсан. Уг жүжиг нь гол дүр буюу Холстомер гэх морь өнгөрөхөөсөө өмнөх тав хоногт өөрийн туулсан бүхий л амьдралаа дурсан ярьж буйгаар эхэлнэ. Уг алдартай жүжиг нь адуу, хүн хоёрын хоорондын харилцаагаар нийгмийн тэгш бус хандлагыг далд утгаар өгүүлдэг. Мөн хүний амьдралыг мориор зүйрлэж, ёгтлон бичигдсэн гэдгээрээ онцлогтой. Монгол бол адууны соёлтой орон. Бид морио “молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг. Мөн төрийнхөө сүлдэнд морио залснаас гадна адууны тухай дуу, шүлэг, уран зураг гээд бүхий л урлагт олон бүтээл бий. Тиймээс энэ далд утгатай жүжгийн утга санааг манай үзэгчид бусад орны үзэгчдээс илүүтэй сайн ойлгож, дурлаж үзнэ гэж бодож байна. 

-Улсын драмын эрдмийн театр ирэх оны уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан уу? 

-2018 он гаргаад энэ жүжгээ болон бусад уран бүтээлээ тоглох болно. Дэлхийн сонгодог зохиолыг үзэгчдэдээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Ирэх онд “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” Чингис хааны тухай өгүүлсэн түүхэн Төрийн шагналт, УДЭТ-ийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулгаар жүжгийг тавина. УДЭТ жилд хоёр удаа аялан тоглолт хийдэг. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж