Турк улсад цэргийн эргэлтийг зохион байгуулсанд буруутгагдаж буй исламын номлогч Фетулла Гуленыг АНУ-аас хулгайлан авчрахаар төлөвлөсөн талаар эх сурвалжууд мэдээлсэн. АНУ-д “бүгсэн” Гуленыг шилжүүлэн авахаар Туркийн засгийн газар Вашингтонтой тохиролцож чадаагүйгээс хулгайлаад ч болов Анкарад авчрахаар төлөвлөсөн бололтой. Эх сурвалжууд мэдээлэхдээ Гуленыг хулгайлуулахаар олон сая ам.долларыг Туркийн засгийн газар амласан гэв. Харин Анкара үүнийг эрс үгүйсгэжээ. Түүнийг хулгайлах төлөвлөгөөнд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын экс зөвлөх Майкл Флинн болон түүний хүү нэр холбогдсон гэх ба 15 сая ам.долларыг Анкара амлажээ. Вашингтон дахь Турк улсын элчин сайдын яам Гуленыг шилжүүлэн авах асуудлаар өнгөрсөн бямба гаригт АНУ-ын талд дахин хүсэлт гаргасан аж. Өмнө нь цэргийн эргэлтийн дараахан Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Цагаан ордны экс тэргүүн Барак Обаматай хэлэлцээд амжилт олоогүй. Гуленыг шилжүүлэн өгөх асуудлаас үүдэж АНУ болон Туркийн харилцаанд үл ойлголцол үүсчээ.
Цэргийн эргэлтийг Туркийн засгийн газар богино хугацаанд дарсан ч 250 хүн амь үрэгдэж, олон зуун хүнийг баривчилсан юм. Улмаар Гулены бүлэглэлийн гишүүн, холбоотой гэх хэргээр 50 мянга орчим хүнийг шоронд хорьж, 100 мянга гаруй төрийн албан хаагч ажлаасаа халагджээ. Мөн Гуленээс санхүүжилсэн гэх Турк болон олон улсад байх сургуулиудыг хаасан. Туркийн засгийн газраас эдгээр сургуулиар дамжуулан Гулены сүлжээ өөрсдийн хүнийг бэлтгэдэг гэж сэжиглэжээ.
Өдгөө 75 настай Фетулла Гулен сүүлийн 20 орчим жил АНУ-ын Пеннсильвани мужид оршин сууж байна. Тэрбээр 2013 онд Туркийн засгийн газраас Гулены сүлжээг террорист бүлэглэлээр нэрлэх хүртэл ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы холбоотон байжээ. Гулены итгэгчид түүнийг исламын шашныг хөгжүүлж, орчин үеийн хувилбарыг үндэслэсэн гэдэг бол шүүмжлэгчид түүнийг эрх мэдэлд шунасан хонины арьс нөмөрсөн чоно хэмээн тодорхойлдог.
Гулен нь дэлхийн хамгийн том бас баян исламын хөдөлгөөний тэргүүн юм. 1990-ээд оны үед Туркийн засгийн газар түүнийг исламыг дэмжигч нам болон бусад хөдөлгөөний эсрэг зэвсэг хэмээн харж байв. Эдгээр нам хөдөлгөөнүүд Туркийг Барууны нөлөөллөөс салгаж, Османы эзэнт гүрний үеийн исламын улс байгуулах үзэл баримтлалтай байжээ. Энэ ч утгаараа Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган түүнийг холбоотон хэмээн дэмжиж ирсэн аж. Тэрбээр Гулены дагалдагчид цэрэг, армид шургалж, нөлөөгөө нэмэгдүүлэхийг хүлцсээр ирсэн ч эцэстээ байдал хяналтаас гарч эхэлжээ. Улмаар Гулен хөшигний ард тоглолт хийж, сүүдрийн улс байгуулахыг эрмэлзэх болсон гэж Туркийн эрх баригчид үзсэн юм. Гулены нөлөө Турк даяар хэр дэлгэрснийг Анкарагийн засгийн газраас ажлаас нь халсан 3000 шүүгч, олон мянган төрийн албан хаагчаас харж болно.
Гэсэн ч ирээдүйд Гулены хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг тааварлашгүй хэвээр байна.