Хаврын чуулганыг өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганыг өндөрлүүллээ

УИХ 2011 оны хаврын  чуулганаа 18.35 цагт өндөрлүүллээ. Хаврын чуулганы хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар оролцлоо.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганыг хааж хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засаг өсч, таатай нөхцөл бий болж буйг онцоллоо. Гэхдээ улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг улс орон, ард иргэдэд өгөөжтэй байдлаар байгуулах, энэ чиглэлээр Засгийн газар сайтар ажиллах шаардлага байгааг тэмдэглэж байна.

УИХ нь хаврын чуулганы энэ хугацаанд нийт ажлынхаа  81.2 хувийг “нугалжээ”. Үлдсэн асуудлууд дотроос УИХ-ын Сонгуулийн тухай хууль хамгийн чухал болохыг онцоллоо. Сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй УИХ дахь хоёр намын бүлгийн маргааныг УИХ-ын намрын чуулганаар “хагална” . Ингэхдээ ямар ч парламент маргааныг санал хураалтаар шийддэг дэг жаягтай тул тэр дагуу асуудалд хандах болно гэж хэлж байна.

Мөн хаврын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдээс Ноос, ноолуурын салбар, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан баталсан Засгийн газраас гаргах 300 тэрбум төгрөгийн бонд ач холбогдлын хувьд өндөр аж.  Энэхүү бондыг гаргаснаар нэг талаараа мал аж ахуйн салбарыг дэмжинэ, нөгөө талдаа үйлдвэрүүдээ дэмжинэ. Малчдын хувьд ирэх наймдугаар сараас эхэлж нэг кг хонь, тэмээний ноосонд 2000 төгрөгийн урамшуулал авна, энэ нь амьжиргаанд нь ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буйгаа спикер онцоллоо. Мөн уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотойгоор ажил эрхлэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Ажил эрхлэлтийг хангахдаа зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг татах бус банк санхүүгийн шинэ арга механизмуудыг ашиглах шаардлагатайг чухалчлав. Мөн ээлжит бус чуулганыг хэзээ ч зарлаж мэдэх тул гишүүдийг бэлтгэлтэй байхыг чуулганы үйл ажиллагааг хаасныхаа дараа гишүүдэд санууллаа.

Оюутан 70 мянган төгрөгийн “цалин”-тай боллоо

УИХ-ын чуулганы хаврын чуулганыг хаахын өмнө  Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн саналаар төслийг баталлаа. Ингэснээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүр 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боломж бүрдлээ. Тодруулж хэлбэл, оюутан арван сарын турш “цалин” авах боломжтой болж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж