УИХ нь хаврын чуулганы энэ хугацаанд нийт ажлынхаа 81.2 хувийг “нугалжээ”. Үлдсэн асуудлууд дотроос УИХ-ын Сонгуулийн тухай хууль хамгийн чухал болохыг онцоллоо. Сонгуулийн тогтолцооноос үүдэлтэй УИХ дахь хоёр намын бүлгийн маргааныг УИХ-ын намрын чуулганаар “хагална” . Ингэхдээ ямар ч парламент маргааныг санал хураалтаар шийддэг дэг жаягтай тул тэр дагуу асуудалд хандах болно гэж хэлж байна.
Мөн хаврын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдээс Ноос, ноолуурын салбар, жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан баталсан Засгийн газраас гаргах 300 тэрбум төгрөгийн бонд ач холбогдлын хувьд өндөр аж. Энэхүү бондыг гаргаснаар нэг талаараа мал аж ахуйн салбарыг дэмжинэ, нөгөө талдаа үйлдвэрүүдээ дэмжинэ. Малчдын хувьд ирэх наймдугаар сараас эхэлж нэг кг хонь, тэмээний ноосонд 2000 төгрөгийн урамшуулал авна, энэ нь амьжиргаанд нь ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буйгаа спикер онцоллоо. Мөн уул уурхайн томоохон төслүүдтэй холбоотойгоор ажил эрхлэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Ажил эрхлэлтийг хангахдаа зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг татах бус банк санхүүгийн шинэ арга механизмуудыг ашиглах шаардлагатайг чухалчлав. Мөн ээлжит бус чуулганыг хэзээ ч зарлаж мэдэх тул гишүүдийг бэлтгэлтэй байхыг чуулганы үйл ажиллагааг хаасныхаа дараа гишүүдэд санууллаа.
УИХ-ын чуулганы хаврын чуулганыг хаахын өмнө Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн саналаар төслийг баталлаа. Ингэснээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан бүр 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах боломж бүрдлээ. Тодруулж хэлбэл, оюутан арван сарын турш “цалин” авах боломжтой болж байна.