Б.Хурц: Л.Болд гишүүн та, зэвсэг наймаалцсан шүү

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Б.Хурц: Л.Болд гишүүн та, зэвсэг наймаалцсан шүү

Б.Хурц: Л.Болд гишүүн та, зэвсэг наймаалцсан шүү

УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайдыг эргүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь БНСУ-д Элчин сайдаар Б.Хурцыг томилох тухай юм. Хуралдаанд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-БНСУ-д Монголын маш олон иргэн амьдарч байгаа. Тэдгээр иргэдийн аюулгүй байдал, амьдрах нөхцөлд хэрхэн анхаарч ажиллах вэ?

ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИЖ БУЙ Б.ХУРЦ:

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 40 гаруй мянган иргэн бий. Тэдний аюулгүй байдлыг тусгай чиг үүргийн хүрээнд хангаж ажиллана.

Гадаад харилцааны сайд д.Цогтбаатар:

-Гадаад яамнаас хэд хэдэн тодорхой асуудлаар Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс мэдээлэл авсан. Тиймээс энд нууцын зэрэглэлтэй мэдээлэл хэлэх боломжгүй шүү гэдгийг сануулъя.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Ер нь бол журам, горим гэх зүйл байхгүй болжээ. Жишээ нь, Япон улсад суух Элчин сайдаар томилох хүний асуудал 130 хоног хүлээгдэж байна. Элчин сайдаа томилж чадахгүй болсон. Канадад суух Элчин сайд 115, АНУ-д суух Элчин сайд 75 хоног хүлээгдэж байна. Хэзээ Ерөнхийлөгч энэ асуудлаар шийдвэр гаргаж, УИХ-тай хэлэлцэх вэ? Хэзээ тэр элчингүүдийг томилох вэ? Энэ бол Монгол Улсын парламентын харилцаанд гарч байгаагүй үйлдэл шүү. Элчин сайд нараа томилохгүй байна гэдэг нь найрсаг харилцаатай орнуудын хооронд байж болохгүй асуудал.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх н.Тэгшжаргал: Таван Элчин сайдын асуудал удааширсан зүйл бий. Гадаад харилцааны сайдтай хамтран асуудлыг шийдэж, зарим нэгэн Элчин сайд нарын асуудалд эхнээс нь анхаарч байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг хийх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц нар хоёр талд маш ноцтой мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ? Засгийн газар энэ асуудлыг яаж хүлээж авсан бэ? Нэр дэвшигч өөрөө олон ноцтой мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар нэг тайлбар авсан уу, уучлал гуйсан зүйл бий юу?

Б.Хурц бол тушаал биелүүлдэг, генерал хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр хүн алтан амиа алдсан. Тэдний ар гэрээс хэн уучлалт гуйх вэ? Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүнийг эрүүл мэндийн маш хүнд шалтгаантай байхад нь хүчээр авч явж, байцаалт авсан. Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг бас л шалгаж, байцааж, хэрэгтэн шиг байлгаж байгаад бурхны оронд явуулсан. Тэд хэлэхдээ, “Дээрээс явуулсан, захиалгатай хэрэг” гэдэг байсан.

Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц:

-УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан. Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж