Никел Ганбаа: Дугуй бол манай үйлдвэрийн эхлэл

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Никел Ганбаа: Дугуй бол манай үйлдвэрийн эхлэл

Никел Ганбаа: Дугуй бол манай үйлдвэрийн эхлэл

“Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид гарааны бизнес эхлүүлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих “Шарк танк” шоу нэвтрүүлгийг ням гаригийн үдэш бүр үзэгчдэд хүргэдэг. Тус шоуны шилдэг оролцогч “Никел Ганбаа” буюу Г.Дашнямтай ярилцлаа. Өвөрмөц стиль, үсний засалтаараа онцгойрч чаддаг тэрбээр шаркуудаас нийт 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож чадсан нэгэн. Ингээд түүний яриаг хүргэе.


-Өөрийгөө бидэнд танилцуулаач. Сошиалд “Никел Ганбаа” нэрээрээ олонд танигдсан? 

-Сайн байцгаана уу? Намайг Г.Дашням гэдэг. Гэхдээ хүмүүс намайг энэ нэрээр маань бараг танихгүй байх. Харин Никел Ганбаа гэвэл сайн танина шүү. Манай аавыг н.Ганбаатар гэдэг. Аав маань анх үйлдвэрээ нээхдээ “Никел Ганбаа” гээд нэрлэчихсэн. Би одоо тэр нэрээр нь олонд танигдчихаад явж байна.

-“Никел Ганбаа” үсний засалт, стиль имижээрээ бусдаас ялгарч чаддаг. Этгээд имиж нь таны нэрийн хуудас болсон гэлтэй?

-Миний хувьд өөрийн стиль, имиждээ анхаардаг гэж хэлэхэд хаашаа юм. Бас анхаардаггүй гэхэд л бас сонин юм. / инээв/ Бусдаас арай өөр, өвөрмөц байхыг хүсдэг тэр зан маань  хувцаслалтад нөлөөлдөг байх. Өөрт байгаа хувцаснуудаа хослуулаад стиль гаргаад л өмсчихдөг дөө.

Хүүхэд байхдаа Залуу техникчдийн ордны дугуйланд явдаг байсан гэсэн. Энэ алхам өнөөдрийн амжилтын эхлэлийг тавьсан уу? 

-Би багаасаа л техникт дуртай, их сониуч хүүхэд байлаа. Энэ сонирхолдоо хөтлөгдөн долоон настайгаасаа Залуу техникчдийн дугуйланд явж эхэлсэн. Гэвч дугуйланд яваад удаагүй байтал ордон маань үйл ажиллагаа явуулахаа больсон. Тэгээд л аавыгаа дагаад зохион бүтээх урлаг руу гүн орсон доо. Одоо бодоход тэр цаг мөч энэ бүхний эхлэл байж дээ. 

"Никел Ганбаа" буюу Г.Дашням /Гэрэл зургийг Н.Батмөнх.2017.11.14/

 -Анх унадаг дугуй үйлдвэрлэх санаа хэрхэн төрөв. Одоо компани нь хэчнээн ажилчинтай вэ? 

-Би өмнө нь мотоцикл унадаг байсан юм.Тухайн үед мотоциклоосоо унаж, бэртэл авч байлаа. Түүний дараа хөлөөрөө жийдэг дугуй худалдаж авахдаа “Би яагаад унадаг дугуй хийж болохгүй гэж”  гэдэг бодол төрсөн. Багаасаа л аавтайгаа янз бүрийн юм хийж өссөн учраас өөрөө ч сонирхолтой, гарын дүйтэй л дээ. Тэгээд л оролдож, эхэлсэн. Надад шантрах үе ч байсан. Гэхдээ би хийж чадсан.

Анх найзынхаа гараашинд унадаг дугуйгаа хийдэг байлаа. Дараагаар нь өөрийн гэсэн газартай болъё гэж шийдсэн. Мэдээж үйлдвэрлэл хийнэ гэдэг хэцүү. Түүнийхээ хэрээр эрсдэл, аз, хариуцлага  шаарддаг. Анх 2011 онд компанийнхаа үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо компанид маань надаас гадна найман хүн ажилладаг. 

-Техникийн чиглэлээр суралцаж, боловсрол эзэмшээгүй гэж сонссон. Цаашдаа сонирхсон чиглэлээрээ суралцах бодол бий юу?

-Би “Өөрөө хийхийг хүссэн л бол хийх л хэрэгтэй” гэж боддог. Харин хийж чадахгүй гэж бодож байвал эхлүүлээд ч хэрэггүй шүү дээ. Мэргэжил боловсрол хүнд чухал л даа. Гэхдээ аливаа зүйлд хэн илүү хичээл, зүтгэл, тэсвэр тэвчээртэй байна тэр хүн л ялна.  
Үйлдвэрээ эхлүүлээд л шууд томорчихно гэж  юу байх вэ. Хэцүү үе цөөнгүй тохиолдоно. Бизнес эхлүүлэхэд санхүүгийн асуудал хамгийн их тулгардаг. Эхэндээ найзаасаа мөнгө зээлээд бараа бүтээгдэхүүнээ татдаг байлаа. Гэтэл ашиг олохгүй, зээлсэн мөнгөө өгөх ёстой гээд л санхүүгийн асуудал үүснэ.

-Манай улсад унадаг дугуйг ихэвчлэн импортоор оруулж ирдэг. Монголдоо үйлдвэрлэж, хэрэгцээг хангах боломж хэр байна вэ? 

-Эх орондоо унадаг дугуйн хэрэгцээгээ хангах боломж маш их байна. Монголчууд маань эх орныхоо үйлдвэрийг дэмждэг болсон байна лээ. Монголд эрэлт хэрэгцээ хангалттай байгаа гэж харж байгаа. Бид ч тэр хэрэгцээг хангахыг зорьж хичээж явна.

Анх үйлдвэрлэл явуулж байхад дугуй унадаг хүн цөөн байсан. Аажим аажмаар унадаг дугуй унах нь ихэссэн. Одоо бол таван наснаас эхлээд 40 нас хүртэлх хүмүүс бүгд дугуй сонирхож, унадаг болсон байна. Зорилтот зах зээл маань өргөжих тусам манай бүтээгдэхүүний хэрэглээ өсөж байгаа.  

-Өмнө нь гар аргаар унадаг дугуйг үйлдвэрлэхэд хэр хугацаа шаарддаг байв? 

-Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар олноор нь гаргах, гараар үйлдвэрлэх хоёрын хооронд маш их цаг хугацааны ялгаатай. Анх бизнесээ эхлүүлж унадаг дугуйг хийхдээ 2-3 сарын хугацаа зарцуулдаг байсан. Одоо бол 7-14 хоногийн хугацаанд л дугуйгаа үйлдвэрлэж байна. Мэдээж үүнд туршлага бас нөлөөлж байгаа байх. Өмнөхөөсөө туршлагатай болсон гэх юм уу даа. /Инээв/ 

Би анх судалгаа хийж үзээд, “DG-57” цахилгаан дугуй хийж туршилтад оруулсан. Өөрийн үйлдвэртэйгээ ижил төрлийн Хятад, Оросын жижиг үйлдвэрүүдтэй очиж танилцан тухайн компаниудын хөгжлийн шат, түүхий эд, материал, загваруудыг туршиж, туршилтын үндсэн дээр өөрсдийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийж сайжруулж ирсэн. Бид хамгийн хямдхан унадаг дугуйг 327 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин уулын дугуйг 600, аяллын болон хотын унадаг дугуйг 545 мянган төгрөгөөр худалдаалдаг.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмжив. Гар бие тусалдаг байх?

-Гэр бүлийнхэн маань намайг дэмждэггүй байсан бол одоо би энэ хэмжээнд хүрч чадахгүй байсан. Дугуй өөрийнхөө сонирхлоор хийгээд олигтой мөнгө ч олдоггүй, дугуй нь заримдаа зарагдахгүй энэ үед намайг ойлгоод, дэмжээд л явдаг байсан. Одоо ч гэсэн миний ард гэр бүлийнхэн маань баттай хамгаалагч болоод л зогсож байна.

-“Шарк танк” шоунд оролцсоны дараагаар та бүхний бизнес хэр өргөжив?

-Хүмүүс маш их ам сайтай байгаа шүү. Мөн манай пэйж хуудасны хандалт маш их нэмэгдсэн. Таарсан хүн болгон л “Амжилт хүсье. Үнэхээр мундаг байна” гэх мэт урмын үгийг хэлж байгаа. Одоо өвөл болчихсон болохоор дугуй унах улирал өнгөрчихсөн. Зарим нь “Хавар болохоор дугуй авна аа, захиална” гэсэн хүмүүс олон байна

Одоогийн байдлаар шаркуудаас хөрөнгө оруулалтаа аваад үйлдвэрлэлээ улам өргөжүүлээд дугуйгаа олноор хийх  төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Шоуны оролцогч Амар асрын Б.Бадраатай хамтарч ажиллана гэж дуулсан. Та бүхэн хэрхэн хамтран ажиллах болсон тухайгаа ярьж болох уу?  

-Цаашдаа бодож, төлөвлөсөн ажил олон бий. Одоогоор хамтын ажил маань уулзалтын шатандаа явж байна. Ажил маань тодорхой болбол дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэрэг бас үйлдвэрлэдэг гэсэн. Дугуйнаас гадна тэргэнцэр үйлдвэрлэж байгаа юу?

-Тэргэнцэр бол хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд хамгийн чухал хэрэгцээт зүйл. Анх 2015 онд “Түгээмэл хөгжлийн төв” гээд төрийн бус байгууллагатай хамтран тэргэнцэр хийж бэлэглэх аяныг хэрэгжүүлсэн. Уг аяны хүрээнд нийт 11 ширхэг тэргэнцрийг хийсэн. Мэдээж сайн үйлсийн аян учраас ашиг хараагүй. Хийхэд цаг хугацаа, технологи их шаарддаг учраас одоогоор тэргэнцэр хийхээ түр зогсоод байгаа. 

-Таны ирээдүйн зорилго, мөрөөдөл?  

-Том мөрөөд, том сэтгэ, харин түүнийгээ томоос томоор биелүүл. Цаашдаа үйлдвэрээ илүү өргөжүүлж үндэсний хэмжээний томоохон үйлдвэрийн нэг болгох хүсэлтэй байна. Мөн бараа бүтээгдэхүүнээ улам өргөжүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэхийг зорьж байна. Дугуй бол манай үйлдвэрийн зөвхөн эхлэл.

А.Сүрэн

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж