БНСУ-д бага ангийн сурагчтай бэлгийн харьцаанд орсон эмэгтэй багшийг таван жил хорих ялаар шийтгэж, бэлгийн гэмт хэрэгтнийг засан хүмүүжүүлэх 80 цагийн эмчилгээнд хамруулахаар болжээ.
Чанвон хотын тойргийн шүүхийн мэдээлснээр 32 настай багш бүсгүй өнгөрсөн зургаагаас наймдугаар сар хүртэлх хугацаанд өөрийн шавь болох 12 настай хүүтэй ангидаа болон автомашиндаа нийт есөн удаа бэлгийн харьцаанд орсон байна.
Харилцан зөвшөөрсөн учир бэлгийн харьцаанд орсон гэж багш мэдүүлсэн байна. Гэхдээ Өмнөд Солонгост 13-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь гэмт хэрэгт тооцогддог ажээ.
Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард ажлаасаа халж, бүх насаараа багшлах эрхээ хасуулсан байна.
Сурагч хүүгийн эцэг, эх өнгөрсөн наймдугаар сард хүүгийнхээ гар утсанд багшаас нь ирсэн мессежийг харснаар цагдаад ханджээ. Багш нь түүн рүү “Би чамд хайртай”, “Гараад ир, банш авч өгье” зэрэг мессеж бичсэн байсан гэнэ.
Хэдийгээр харилцан зөвшөөрсөн байсан ч энэ бол хүчингийн хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй гэж шүүгч багшид хандан хэлсэн байна.
С.ЦЭЛМЭГ