Ё.Сагсай: Прокурорын байгууллага хэн нэгний талд ажиллаагүй

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Ё.Сагсай: Прокурорын байгууллага хэн нэгний талд ажиллаагүй

Ё.Сагсай: Прокурорын байгууллага хэн нэгний талд ажиллаагүй

УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай

Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах тусгай хамгаалалттай газарт “Уран ган” гэх барилгын компани орон сууц барихаар газар ашиглах гэрчилгээг хуурамчаар үйлдсэн хэргийг  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Энэ хэргийг 2016 оны наймдугаар сард иргэн Ч.Бээжинхүүгийн гаргасан гомдлын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж дуусаад, прокурорт хянуулахаар шилжүүлжээ.  Хавтаст хэргийг хянасан Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тухайн хэргийн хөөх хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл энэхүү анхан шатны прокурорын байгууллагын шийдвэрийг хохирогч гэх Ч.Бээжинхүү хүлээн зөвшөөрөхгүй Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-т  хоёр ч удаа хандсан байна. Энэ маргаан юу болсон талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсайгаас тодрууллаа. 


-Нэгэнт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хоёр ч удаа анхан шатны прокурор хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин шалгахаар болсон нь ямар учиртай юм бол?

-Эрүүгийн хэргийн хохирогч, холбогдогч, оролцогч хэн нэгэн этгээд хуулийн дагуу аль нэг шатны прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Тэр эрхийнхээ хүрээнд хэн ч гомдол гаргаж, прокурорын аль ч шатанд шалгуулж болдог. Анхан шатны прокурор тухайн хэргийг шалгаад гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, түүний дээд шатны прокурорт, дээд шатных нь прокурорын шийдвэрийг мөн эс зөвшөөрвөл Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж, шалгуулах эрх нь иргэдэд бий. Энэ хүрээнд шалгагдаж буй асуудал.

-Хэргийн хохирогч гэх иргэн Ч.Бээжинхүү УЕПГ-т хоёр ч удаа гомдол гаргасан юм байна. Анхны гомдлыг 2016 оны гаргасан байсан?

-“Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн “Ихэр нева”  гэх иргэн Ч.Бээжинхүүгийн нэр дээрх компанийн тамга тэмдгийг ашиглан, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж, Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хүсэлт гарган, “Ихэр нева” ХХК-ийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөлтэй гэрчилгээг нь өөрийнхөө хүү Л.Золбоогийн “Далай омбо” ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлж, тухайн “Ихэрнева” ХХК-д хохирол учруулсан гэх асуудалд анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Ч.Бээжинхүү нар 2016 оны наймдугаар сард эргүүлэн гомдол гаргасан.

-Тухайн гомдолдоо Б.Лхагвасүрэн, Ү.Үнэнбат нарт холбогдох хэргийг бүрэн шалгалгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул тэр прокурорынхоо шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж өгнө үү гэсэн байсан?

-Тийм. Энэ гомдлын дагуу УЕПГ-т тухайн хэргийг татаж хянаад дээрх хууль бус үйлдлийн улмаас “Ихэрнева” ХХК-д учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна гэх үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулахыг цагдаагийн байгууллагад 2016 оны наймдугаар сард даалгасан. Прокурорын даалгаврын дагуу уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэс мөрдөн байцаах ажиллагааг дахин явуулсан ч, тус дүүргийн Прокурорын газар хэргийг мөн л хэрэгсэхгүй болгосон байсан. УЕПГ-аас сэргээсэн хэргийг  шалгаад Чингэлтэй дүүргийн прокурор дахин хэрэгсэхгүй болгосныг нь хохирогч Ч.Бээжинхүү  эс зөвшөөрч 2017 оны аравдугаар сард УЕПГ-т хоёр дахь удаагаа гомдол гаргасан юм.

-Хэрэгт хийвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй, хэрэгсэхгүй болгож дутуу шалгалаа, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэж хохирогч үзсэн байсан?

Энэ гомдлын дагуу УЕПГ дахин хэргийг хянаж үзээд,  2017 оны аравдугаар сард Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтнууд ийм зөвшөөрөл өгөхгүй байна гэж мэдүүлсээр байхад тухайн зөвшөөрлийг хэн хэрхэн яаж олгосныг бүрэн шалгаагүй.  Бичиг баримтад зурагдсан гарын үсэг хуурамч байж болох үндэслэлтэй байхад тухайн гарын үсгийг хуурамч эсэхийг нь шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй байсан. Тиймээс эдгээр ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзэн УЕПГ-аас хэргийг дахин сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хоёр дахь удаагаа даалгасан.  Энэ бол хэргийн оролцогчийн гомдлоор дээд шатны прокурор бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянаж хуульд заасан шийдвэр гаргаж буй үйл ажиллагаа гэж үзсэн. Түүнээс биш “Ноцтой мэдээ” сонин болон бусад мэдээллийн сайтад дурдсан шиг прокурор аль нэг талд нь үйлчилсэн, хууль бус шийдвэр гаргаж, хууль зөрчсөн асуудал байхгүй. УЕПГ хавтаст хэрэг цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийж үзээд үнэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа шалгагдах, нотлогдох ёстой асуудлыг бүрэн гүйцэд нотлоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг нь сэргээсэн юм.  Энэ сэргээсэн шийдвэр бол хуулийн хүрээнд хуульд нийцэж гарсан ийм шийдвэр.

-Өөрөөр хэлбэл,  хэн нэг прокурорын албан тушаалтан, аль нэг этгээдэд үйлчлэх замаар танил тал харж ямар нэгэн байдлаар хууль бус шийдвэр гаргаагүй гэсэн үг үү?

-Тийм. Чингэлтэй дүүргийн Прокурорын газар хуульд заасан эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа. Үүнийг УЕПГ-аас хэргийн зүйчлэлийг буруу зүйлчилж, үндэслэлгүй дүгнэлт хийн, хэргийг үндэслэлгүй болгосон байна гэж үзсэн. Энэ нь мөрдөн байцаалтаар шалгагдаж, тогтоогдох ёстой гэж үзсэн.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж