"Томуу төст өвчин дэгдэлт болох хэмжээнд хүрээгүй"

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

"Томуу төст өвчин дэгдэлт болох хэмжээнд хүрээгүй"

"Томуу төст өвчин дэгдэлт болох хэмжээнд хүрээгүй"

Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь их байдаг. Хүмүүс гол төлөв хэт даарснаас болж ханиадаа  хүндрүүлдэг. Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүхтэй цөөн хором ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд ханиад томуугийн тархалт хэр байна вэ ?

-Ерөнхийдөө амьсгалын замын цочмог халдварт өвчин гэх ерөнхий ойлголтод томуу болон томуу  төст өвчин хамаарна. Томуу  өвчин нь бидний ярьж заншсанаар ханиад, харин томуу төст өвчин нь ханиад хүрэхэд илрэх шинж тэмдэг, үйл явц нь ижил өөр вирусээр үүсгэгддэг өвчин юм. Томуу болон томуу төст өвчин нь  өвчлөл үүсгэгч вирусээрээ  хоорондоо ялгаатай. 

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн лабораторийн шинжилгээгээр ойрын хугацаанд томуугийн вирус илрээгүй, харин томуу төст өвчний вирусүүд болох адино, рино, адино, рино, интер, иж томуугийн вирус зэрэг илэрсэн.  Томуу болон, томуу төст өвчин нь хоёулаа адилхан амьсгалын замын эрхтэнд гэмтэл учруулдаг, илрэх шинж тэмдэг нь төстэй учраас иргэд томуу төст өвчнийг, ханиад гэж андуурдаг.

-Тэгвэл томуугийн вирус хэддүгээр сараас идэвхтэй болж эхэлдэг вэ ?

-Томуугийн вирус арванхоёрдугаар сараас идэвхжиж, хоёрдугаар сар хүртэл хүртэл үргэлжилдэг. Намар, хавар, өвөл гэсэн гурван улирал дамжиж, энэ өвчлөл явагддаг ч өвлийн улиралд томуу өвчний вирус илүү ихээр  эргэлтэд ордог.

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад томуу төст өвчний тархалт багассан уу, ихэссэн үү ?

-Ханиад ихэслээ, дэгдэлт нэмэгдлээ гэх буруу ойлголт хүмүүст байсаар байна. Угтаа одоо гараад байгаа томуу төст өвчний гаралт нь дэгдэлт болох хэмжээнд хүрээгүй байгаа. Өвлийн улиралтай холбоотойгоор томуу төст өвчин идэвхжиж эхэлж байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн энэ үетэй  харьцуулахад 2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

-Томуу, томуу төст өвчний илрэх шинж тэмдэг төстэй гэж ойлгодог. Тэгвэл томуу өвчин хүндрэхээрээ томуу төст өвчнөөс юугаараа ялгаатай вэ?

-Томуугийн вирус нь бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай, суурь өвчтэй хүмүүст илүү хүндрэл үүсгэдэг. Томуугийн вирус илүү хортой, эдгэрэх нь удаан байдаг. Томуу өвчин хүндрэх юм бол уушгины хатгаа,  ларингит, амьсгалын гуурсанцарын өвчлөлүүсгэх аюултай.

Хүмүүс томуу болон томуу төст өвчнөөс  урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь тухайн хүний эрүүл  мэндийн боловсролоос шууд хамаардаг.  Эрүүл мэндийн боловсролтой байснаар өөрийн болон гэр бүлийн, ойр тойрны хүмүүсээ өвчнөөс хамгаалах боломжтой. Өвлийн улиралд дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Амин дэмээр баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэх. Ялангуяа халуун чацаргана, аарц, аньс, нэрс зэргийн шүүсийг буцалгаж уух хэрэгтэй. Үүнээс гадна дархлаагаа хэвийн байлгахын тулд ажил, амьдралын хэвшлээ зөв зохицуулах нь чухал. Ажил, амралтын цагаа зөв тохируулахгүй байснаар хүн ядарч сульдах, ингэснээр хүний дархлаа муудаж, өвчин тусах  магадлал нэмэгддэг. 

Гарын ариун цэвэр сайн сахиж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, гэрийн доторх агаарын чанарыг сайжруулахад анхаарах бол маш чухал.

Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх  өөр нэг энгийн арга бол амны хаалт хэрэглэх. Тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Ханиаднаас сэргийлэх, дархлаа сайжруулах цэгэн массаж их үр дүнтэй. Энэ арга нь өмнөх үеийн зөвлөмжөөс илүү үр өгөөжөө өгч байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүдэд цэгэн массаж тогтмол хийж хэвших хэрэгтэй. Ингэснээр  дархлааны  цэгүүд сэргэж, дархлаа сайжирна.

-Ханиад хүрсэн бол гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Өвчин хүндрээгүй байгаа үед гэрийн нөхцөлд хурдан хугацаанд эдгэрэх боломжтой. Гэртээ өөрийгөө тусгаарлах хэлбэрээр, гэр бүлийн бусад гишүүддээ өвчин тараахгүйн тулд амны хаалт зүүж, хоол иддэг өөрийн аяга тавгаа хүртэл тусгаарлах хэрэгтэй.

Ханиад болон томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн болон дүүргийн эмчид үзүүлж, эмчийн зөвлөгөө аваарай.

Эмчийн заасан эмийг цаг хугацаанд нь тогтмол хэрэглэх, дулаан хувцаслах, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Хүмүүс хурдан хугацаанд эдгэрэхийн тулд хүчтэй антибиотик их хэрэглэдэг болж. Өөрөө дур мэдэн эм хэрэглэх, эмчилгээ хийснээр тухайн өвчний явцыг удаашруулж, дараа нь эмчлэхэд хүндрэлтэй болдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж