“Чингис хаан” одон хүртэх эрхэм Н.Түвшинбаяр

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” одон хүртэх эрхэм Н.Түвшинбаяр

“Чингис хаан” одон хүртэх эрхэм Н.Түвшинбаяр

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
 

Энэ сарын 19-нд буюу их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг өнөөдөр зарлалаа.

Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор Монгол Улсын олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдоч Н.Түвшинбаярт хүртээхээр Ерөнхийлөгч шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2017.11.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт хүртээхдээ ‘Монгол Улсын түүхэнд олимпийн анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг үл зөвшөөрөн МАХН-ын Төв байрны орчид болсон иргэдийн үймээн, талцал, үл ойлголцол, таван хүний амь үрэгдсэн, олон хүн баривчлагдсан ээдрээт байдлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангаж, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад гол үүрэг гүйцэтгэсэн’ гэж үзжээ.

“Чингис хаан” одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 19-нд гардуулах аж.

‘Чингис хаан’ одонгоор 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл 10 хүнийг шагнажээ.

“Чингис хаан” одонгийн эзэд
 

  1. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж
  5. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
  6. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл
  7. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай
  9. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо
  10. Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР

Н.Түвшинбаяр 1984 оны зургадугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлсэн.

Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор 2 дугаар сургуулийг 2002 онд, ‘Аварга’ биеийн тамирын дээд сургуулийг 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Монгол хөвгүүдийн жишгээр үндэсний бөхөөр барилдаж өссөн Н.Түвшинбаяр нутагтаа н.Эрдэнэ-Очир баг¬шийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатар, Ч.Насантогтох нарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2008 онд Зуны олимпын  29 дүгээр  наадмын алт,  2012 онд Зуны олимпын 30 дугаар наадмын мөнгө, 2017 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2015 онд Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 онд Азийн наадмын алт, 2014 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн.

2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртжээ.

Булган аймгийн арван жилийн II дунд сургуулийг төгссөний дараа ‘Аварга’ биеийн тамирын дээд сургуульд элсэн, жүдо бөхийн төрлөөр хичээллэж, 2006 онд багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж төгсчээ.

Нутагтаа Эрдэнэ-Очир багшийн удирдлага дор барилдаж байсан бол нийслэлд ирээд Х.Болдбаатарын шавь болж, 2006 оноос улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын тэмцээнд 100 кг-ийн жинд барилдаж эхэлсэн.

2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль тус тус хүртсэн.

2008 оны наймдугаар сард Бээжин хотноо болсон Зуны олимпийн 29 дүгээр наадмаас таван учраагаа дийлж, Монгол Улсын түүхэн дэх олимпийн анхны алтан медалийг хүртсэн.

2012 онд болсон  Лондонгийн зуны олимпийн 30 дугаар наадамд дөрөв ялж, ОХУ-ын бөх Тагир Хайбулаевтай үлдэн, мөнгөн медаль хүртэж, олимпийн анхны хос медальтан болсон.

2010, 2011 онд  Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Энэ онд ‘Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний +100 кг жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оны наймдугаар сарын 25-нд Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цол шагнажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж