АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Зүүн Азийн орнуудаар олон хоногийн айлчлал хийлээ. Энэхүү албан ёсны айлчлалын талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.
-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази тивд урт хугацааны айлчлал хийлээ. АНУ-ын төрийн тэргүүний хувьд сүүлийн 25 жилийн хугацаанд хийж байгаагүй урт хугацааны айлчлал болсон. Энэ айлчлалын үр дүнг та юу гэж харж байна бэ?
-Би тантай санал нэг байна. Гэхдээ томьёоллын хувьд ерөнхий Ази гэхээсээ Зүүн, Зүүн өмнөд Азийн улс орнуудад гэж тодруулбал зүгээр байх. Энэ оны дундуур Саудын Араб зэрэг баруун хэсэгт айлчилсан учраас ингэж ялгах нь зөв болов уу. Өнгөрсөн жилийн яг өдийд АНУ-ын жирийн иргэдийг төдийгүй дэлхий нийтийг цочролд оруулсан сонгуулийн үр дүн гарснаас хойш ойн дээрээ болж байгаа гэдгээрээ ч онцлогтой гэж болохоор. Яагаад гэвэл олон нийтэд таалагдахын төлөө оноо цуглуулж байхдаа хэлж ярьж байсан нь бодит амьдралтай нүүр тулсан хүний үзэл бодлын зөрүү хоорондоо хэр ялгаатай байгааг харьцуулж харах боломж олгож байна. Иймэрхүү урт хугацаатай албан ёсны айлчлалын улс орнуудын дэс дараалал нь ч цаагуураа далд утга санаа илэрхийлж байдаг нь нууц биш. Эхний ээлжид энэ бүс нутгийн хамгийн гол хамтрагч Япон, Өмнөд Солонгос бол АНУ-ын шүхрэн хамгаалалт дор байдаг улсууд гэдгийг бид мэднэ. Дэлхийн эдийн засгийн голлох тулгуур болох Хятад улсад төрийн тэргүүний хувьд хариу айлчлал хийсэн. Харин сүүлийн хоёр улсын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том хоёр байгууллагын ээлжит уулзалтад оролцохдоо ташрамдуулсан байх. Нийт айлчлалын хугацаанд ямар нэгэн санаандгүй зүйл тохиолдож тасалдаагүй тул тавьсан зорилтдоо хүрсэн биз. Өмнөх ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ найман жилийн хугацаанд 52 удаагийн айлчлалаар 58 оронд ажилласан гэдэг юм билээ. Энэ статистиктай нь харьцуулбал Дональд Трамп нэлээн ширүүхэн дайрч байна уу даа гэж харагдаж байна шүү.
-Трамп Ази тивийн талаар баримталж буй бодлогыг хэрхэн томьёолж болох вэ?
-Хувь хүн, ерөнхийлөгчийн гэхээсээ илүүтэйгээр их гүрнийх нь хувьд ашиг сонирхлын өөрчлөлт гарах уу гэдэг л хүлээлт бий. Айлчлалаас өмнө хийж байсан түүний хурц мэдэгдлүүдийн өнгө энэ хугацаанд ажиглагдсангүй харин ч ойлголцох эерүү уур амьсгалтай болж өнгөрлөө. Бид бүхний сайн мэддэг “мөнхийн найз, дайсан гэж байхгүй харин мөнхийн ашиг сонирхол л бий” гэдэг тодорхойлолтын дагуу бол зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт хүлээх нь утгагүй байх. Харин улс төрийн үзэл бодлын зөрүүгээс шалтгаалсан ялгаатай байдалд нь хувь хүний зан чанар, шийдвэр гаргах онцлог зэрэг нь нөлөөлж болохыг харин үгүйсгэхгүй.
-Трампын айлчлалын үеэр ямар чухал гэрээ хэлэлцээр хийгдэв?
-Нэгдсэн нэг тайлан гэхээр зүйлийг олж үзээгүй учраас бүгдийг нь нэрлэх нь боломжгүй байна. Гэхдээ л нэг үнэн зүйл бол “тоо худлаа” хэлдэггүй гэдгээр АНУ зөвхөн Хятадын талтай 250 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, санхүү эдийн засгийн гэрээ хэлцэл байгуулсан гэхээр ямархуу цар хүрээтэй ажил болох нь харагдах байх. Энэ хоёр улсын худалдаа жилдээ л 500 гаруй тэрбум гэдгийг онцолбол ямархуу дайны зүйл болохыг нь төсөөлж болохоор. Нэг үгээр хэлэхэд дэлхий тэр чигээрээ Хятадын хөрөнгө оруулалтыг татахаар уралдаж байгаагийн нэг жишээ л юм даа. Улс төрийн хувьд тэр дундаа Хойд Солонгосын талаар тохиролцсон асуудлын талаар одоохондоо бүдэг, ерөнхий мэдээлэлтэй байгааг минь ойлгоорой.
-Ази-Номхон далайн эдийн засаг гэсэн нэр томьёо хэрэглэхээсээ илүүтэй Индио-Номхон далайн гэх нэр томьёо ашиглаж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм шүү, аливаа цаг үе өөрийн баатраа төрүүлдэг гэдэгчлэн, улс төр эдийн засгийн нэр томьёо ч хувьсан өөрчлөгддөгийн нэгэн жишээ юм даа. Ази тив гэдэг чинь зөвхөн Номхон дөлгөөн далай биш Энэтхэгийн гэдэг том далайгаар хүрээлэгддэг шүү гэдгийг дэлхий нийтэд сануулж байгаа хэрэг юм. Гэхдээ энд эдийн засаг, батлан хамгаалах болон бусад хүчин чадлаараа цойлон гарч, хүлээн зөвшөөрөгдсөөр байгаа Энэтхэг улсын байр суурь, жин нөлөө байгаа нь гарцаагүй. Эгэл нэгэн улстөрчийн алсын хараа улс орноо хэрхэн хөгжүүлж болдгийн ойрхны жишээг манайхны хэлэх дуртай “Оюун санааны хөрш” маань үзүүлж байна.
-Ноён Трамп БНХАУ-д Барак Обамагаас илүү нэр хүндтэй байна гэх мэдээллийг барууны хэвлэл бичиж байна. АНУ-Хятадын өнөөгийн харилцааны тухай товч мэдээлэл өгөхгүй юу?
–Судлаачийн хувьд иймэрхүү дүгнэлтэд болгоомжтой ханддагыг минь ойлгоорой. Ер нь бол түүх болж амжаагүй зүйлд дүгнэлт өгөх гэж яарах нь бидний мэргэжилд харш. Ялгаа байгааг бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл шүү дээ. Хувь хүн хоорондын харилцаанд ялгаа байдаг учраас үүнийг дагасан бодлогод ялгаа байхаас аргагүй. Энгийн үгээр энэ хоёр улс зөвхөн хоёр талын хамтын ажиллагааны талаар ярьдаг үе нь өнгөрөөд нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажилладаг цаг ирсэн гэж өөрсдийнхөө харилцааг тодорхойлсныг энд хэлмээр байна.
-АНУ Хятадыг өөрийн талдаа оруулчихвал ОХУ-ыг өөрийн талдаа оруулахад дөхөм байх болно гэх зүйл яригдлаа шүү дээ?
-Тийм байх. Гэхдээ албан ёсоор бол дэлхийн бодлогыг тодорхойлогч гүрнүүд хэн хэндээ дайсагнаагүй цаг үед амьдарч байгаа гэдгээрээ бид бахархах хэрэгтэй. Таны асуултын хувьд “миний найзын найз бол миний найз” гэсэн зарчим үйлчлэх нь гарцаагүй гэж хариулмаар байна. Олон улсын хэмжээний аливаа асуудалд нэг баг болж хамтран ажилласнаар амжилтад хүрч болно гэдгийг хэн хэн нь ойлгож байгааг Хойд Солонгос, Сири зэрэг халуун сэдвээр хийсэн мэдэгдлээс нь харж болно.
-АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар уулзалт товлосон ч энэ нь зөвхөн АНУ-ын талд ашигтай цаг таарсан оросууд төлөвлөсөн цагт уулзах боломжгүй байсан гэсэн тайлбарыг Путины хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байсан. Гэхдээ тэд богино хугацаанд гар барьж, үг солиод амжсан шүү дээ?
-Төрийн дипломат ёслолд иймэрхүү зүйл байдаг. Олон улсын хэмжээний үйл ажиллагааны явцад улс гүрнүүд хоорондоо их, багын ялгаагүй харьцах дүрэм нөлөөлсөн биз дээ. Харин манайханд л буруу ярьж зөв ойлгодог гэдгээрээ улс орнуудыг их, бага гэж дугаарлаад байгаа юм шиг санагдахаар зүйл байдгийг ярилцлагынхаа далимд хуваалцмаар санагдлаа. Жишээ нь, бид олон улсын харилцаанд “бүлэг” гэдэг ойлголтыг илэрхийлдэг G20, G8, G7 зэрэг нэр томьёог Их хорийн бүлэг, Их наймын бүлэг гэх мэтээр хэлж заншаад байгааг өөрчилмөөр л санагддаг. Уул нь “20-ийн бүлэг” гэхэд огт буруудахгүй. Тэгсэн хэрнээ хөгжиж буй орнуудыг эгнээндээ багтаасан G77-г “77-ын бүлэг” гэж ярьж, хэлсээр л ирсэн шүү дээ.
-Трампын айлчлалын үеэр сонин хачирхалтай зүйл гарлаа. Тухайлбал, Дональд Трамп дэлхийн II дайны үед япон цэргүүдэд “зугаацуулагч эмэгтэй” гэх нэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хүлээн авч уулзсан. Өмнөд Солонгосын талаас Трампад барьсан зоогоороо дамжуулан Докто арлыг өөрийн эзэмшлийн гэдгийг нотлохыг хичээсэн зэргээр улс орнууд өөрсдийн байр сууриа далд утгаар илэрхийллээ. Мөн Филиппинийн ЕрөнхийлөгчТрампад зориулж дуу дууллаа. Иймэрхүү тохиолдол дипломат аргад хэр олон байдаг, ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
–Дорнын ард түмний “үгэнд үг бий” гэдгийг харуулсан түүхэн үйл явдлын гэрч болон үлдлээ гэж хэлмээр байна. Таны асуултад дурдсан зарим нэг үйлдлийг улстөрчийн авхаалж, овжин заль эх оронд нь хэрэг болж л байвал юуг ч хийхэд бэлэн гэдгийг харуулсан хэрэг шүү дээ. Филлипинийн ерөнхийлөгчийн үйлдлийг алиа салбадай шиг гэдгээр бичсэн нь ховор байгаа нь нэгийг хэлэх биз дээ. Таны асуултад дурдагдаагүй бас нэг зүйл нь Японы Эзэн хаантай гар барин мэндчилэхдээ өмнө нь Барак Обамагийн өртсөн шүүмжлэлээс зайлсхийсэн мэт харагдавч, нөгөө утгаараа цаг өөр болж байгааг олон нийтэд харуулсан гээд хэлчихэж болох юм шиг.
-Айлчлалын хүрээнд Трамп АСЕАН болон АПЕК-ийн уулзалтад оролцлоо шүү дээ. Энэ АСЕАН болон АПЕК хүрээнд яригдсан гол сэдэв юу байв?
-Энэ хоёр байгууллагыг анх байгуулагдах үеэс нь л идэвхийлэн оролцсон орон бол яах аргагүй АНУ, тийм дээ ч тэдгээрээс гарах аливаа асуудалд тэдний байр суурь ихээхэн жин дардаг л даа. Нэг бүс нутагт, цаг хугацааны хувьд дараалан болсон нь ач холбогдлыг нь нэмэгдүүлсэн. Дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудын ихэнхийг эгнээндээ нэгтгэсэн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC), бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамгийн идэвхтэй явуулдгаараа бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны нийгэмлэг (ASEAN)-ийн үйл ажиллагаа, энэ удаагийн хуралдааны талаар ярих нь уншигчдаа уйдаасан, нөгөө талаар хэт их зай эзэлж магадгүй учраас дараа нь тусгайлан энэ сэдвээр ярилцвал ямар вэ? Ер нь 2011 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд бүс нутгийн хамтын ажиллагааны механизмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь манай гадаад бодлогын үндсэн чиглэлийн нэг байх талаар дурдсан байдаг. Манай хүрээлэнгийн судлаачид өмнө нь энэ чиглэлээр тусгайлсан хамтын бүтээл гаргаж байлаа. Энэхүү судалгаагаа өргөжүүлж энэ жилээс “Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд Монгол Улсын оролцох боломжийг нэмэгдүүлэх нь” гэдэг сэдвээр суурь судалгааны ажлаа батлуулан хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ ч хэлмээр байна.
-АНУ-ыг Монгол Улсын гуравдагч хөршийн нэг гэдэг. Иймээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ази тив дэх урт хугацааны айлчлал монголчуудын анхаарлын төвд байлаа. Цахим орчинд “Бид хэн бэ” гэсэн пост өргөн тархсан. Тухайн постод ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар уулзаж байхад бид тулга тойрсон хэрүүлээ хийгээд сууж байна гэх иргэдийн сэтгэгдэл их байлаа. Энэ тал дээр та судлаач хүний хувьд юу хэлэх вэ?
-Тиймээ, судлаач гэхээр л аливаа олноос онцгойроод байна гэж хаана байх билээ. Би энэ асуудлыг хөндөх ёстой сэдэв л гэж боддог. Харин орхигдуулаад байгаа нэг зүйл бол бидний тулга тойрсон хэрүүлийг хэн хаанаас яс хаяж, өдөөгөөд байгааг л анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Аливааг хардах, болгоомжлох нь академик эрх чөлөө мөн боловч хэт нэг талыг барих нь хэзээд алдаанд хүргэдгийг санаж явахад илүүдэхгүй. Улс орныхоо хөгжлийн алс ирээдүйг харсан, төрийн залгамж бодлого үгүйлэгдэж байгааг хүлээн зөвшөөрнө.