Улмаар ZBC төв телевизийн байрыг цэргүүд эзэлж авсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр дэлбэрэлтийн чимээ их сургуулийн орчмоос гарчээ.
93 настай ерөнхийлөгч Роберт Мугабегийн харшийн ойролцоо өнгөрсөн шөнөөс хойш 30-40 удаа буун дуу гарсан талаар нэгэн оршин суугч мэдээлжээ.
Тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яам улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хаалгаа барьж, иргэдийг хоргодох газар нуугдахыг уриалсан байна.
Их Британийн элчин сайдын яам мөн адил сэрэмжлүүлэг гаргаж, урьдчилан таамаглах аргагүй тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, цэрэг армийн үйл ажиллагаа идэвхижсэн тухай мэдээлсэн байна.
1980 онд тусгаар тогтнолоо зарласан Зимбабвен ерөнхийлөгч Роберт Мугабе болон цэргийнхний хооронд анх удаа тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь энэ болж байна. Зимбабвен арми Роберт Мугабен хамгийн найдвартай ар тал гэгдэж байсан билээ.
Роберт Мугабе өнгөрсөн долоо хоногт тэргүүн хатагтай Грейс Мугабегийн ерөнхийлөгч болох замыг засахын тулд дэд ерөнхийлөгчийг төрийн эргэлт гаргахыг завдсан хэмээн огцруулсан. Огцорсон Эммерсон Мнангагва Зимбабвегээс дүрвэн гарсан бөгөөд амь насанд нь аюул заналхийлж байгаа тухай мэдээлсэн юм.