Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үтонийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Монгол, Лаос Улс бие биенээ дэмжсэн найрсаг харилцаатай явж ирснийг тэмдэглээд Лаосын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг Монгол Улсад айлчлахыг урив. Мөн ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Вьентьян хотноо зохион байгуулах, яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах талаар хоёр тал санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай манай улсын саналыг Лаос Улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархлаа илэрхийлээд цаашид тус төвийн хүрээнд нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Элчин сайд Сиалунгон Сэнг-Үтон Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд Лаосын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн мэндчилгээг уламжлав. Тэрээр Лаос, Монгол Улсын хооронд дээд, өндөр түвшний уулзалт яриа хэлцээ тогтмол явагдаж ирснийг тэмдэглээд Монгол Улсаас өндөр түвшний төлөөлөгчид БНАЛАУ-д ойрын үед айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол Улсаас гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хивс зэрэг бүтээгдэхүүн, Лаос Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус тус харилцан нийлүүлэх тохиролцоог дэмжихээ илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ