Ёкозуна Харумафүжи уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Ёкозуна Харумафүжи уучлалт гуйлаа

Ёкозуна Харумафүжи уучлалт гуйлаа

Ёкозүна Харүмафүжигийн нэр холбогдсон хэргийн талаар Японы хэвлэлүүд мэдээлсээр байна. 

Японы сүмогийн холбооноос өгсөн мэдээллээр аравдугаар сарын 26-нд болсон хэргийн талаар Таканоива А.Баасандоржийн дэвжээний ояката Таканохана анх Тоттари мужийн цагдаад гомдол гаргажээ. 

Өмнө нь экс-ёкозүна Таканохана цагдаагийн байгууллага болсон явдалтай холбоотойгоор хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өгч байсан юм. 
 

Японы хэвлэлд дараах мэдээллийг нийтэлЖээ
 

…33 настай ёкозүна Харүмафүжи өөрөөсөө ахмад бөхчүүдэд хүндлэл үзүүлсэнгүй хэмээн зэмлэж ярих үед Таканоива гар утсаа оролдож байжээ. Үүнд нь таагүй хандсан ёкозүна “Ах нар чинь чамтай ярилцаж байхад үл тоомсорлолоо” хэмээгээд шар айрагны шилээр толгой руу нь цохисон аж. Ингээд Таканоива газарт унасны дараа Харүмафүжи түүнийг 10 гаруй удаа цохисон гэнэ. 

Их аварга Хакүхо ч энэ үед хамт байсан бөгөөд тэднийг зогсоох гэж оролдсон боловч Харүмафүжи түүнийг түлхэн холдуулжээ. Дараа нь Харүмафүжи ёкозүна Какүрюүд хандан “Чи л түүнийг ийм хүн болгосон” гэж хэлсэн гэнэ. 

Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа буюу башё эхлэхийн өмнө Таканоива А.Баасандорж Кюүшюү арал дээр очжээ. Арваннэгдүгээр сарын 2-нд тэрбээр дэвжээний ояката Таканоханагийн хамт Тагава хотын захирагч дэвжээнд нь зочлоход угтаж авсан байна. Тэр үед Таканоива хотын захирагчийг инээмсэглэн угтаж, кюүшюү башёд наанадаж 10 даваа авах зорилготойгоор бэлтгэлээ базааж байгаа хэмээн ярьжээ. 

Гэвч энэ уулзалтаас хойш түүний толгой хүчтэй өвдөж, арваннэгдүгээр сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Улмаар арваннэгдүгээр сарын 10-нд буюу башё эхлэхээс хоёр хоногийн өмнө Таканоива гэмтлийн улмаас башёд барилдах боломжгүй болсон тухай зарласан юм. Ингээд өнгөрсөн даваа гаригт /2017.11.13/ буюу башё эхэлсний маргааш А.Баасандорж тархины доргилт, гавлын ясны цууралт болон баруун чихний гадна сувгийн гэмтэлтэй гэж оношлогдсон тухай Японы сүмогийн холбооноос мэдэгджээ. 

Тоттарид тойргийн барилдаан хийх үеэр болсон энэ явдлын талаар хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэний дараа Харүмафүжи өчигдөр өглөө /2017.11.14/ дэвжээний багш Исэгахамагийн хамт Таканохана дэвжээнд очиж, албан ёсоор уучлал гуйжээ. Ояката Таканохана тэдэнтэй уулзахаас татгалзсан гэнэ.

Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүн, ояката Касүганогийн хэлснээр ёкозүна Харүмафүжигийн гаргасан авир, үйлдлийн талаар Сүмогийн холбооны тэргүүн арваннэгдүгээр сарын эхээр мэджээ. Гэхдээ тэр энэ талаар олон нийтэд хараахан мэдэгдээгүй аж. 

Мэргэжлийн сүмо бөхийн 65 дахь ёкозүна, ояката Таканохана Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийг тэргүүлдэг. Тиймээс энэ хэргийн улмаас түүний нэр хүнд унаж, байр суурь ганхаж болзошгүй учир болсон явдлыг нуун дарагдуулсан байж болзошгүй гэх хардлага сүмогийн хүрээнд яригдаж байна. 

2016 оны нэгдүгээр сард болсон Японы сүмогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Харүмафүжигийн харьяалагддаг дэвжээний ояката Исэгахама нь Таканоханаг дэмжиж байжээ.


Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж Фүкүока хотноо болж буй кюүшюү башёг өнжихөөр шийдсэнээ өчигдөр /2017.11.14/ мэдэгдсэн.  Эхний хоёр өдөр дараалан ялагдал хүлээсэн Харумафүжи аварга башёг өнжих шийдвэр гаргасан нь нутгийн бөх Таканоива А.Баасандоржтой маргалдаж, түүнийг бэртээсэнтэй холбоотой.

70 дахь ёкозуна Харумафүжи энэ оны есдүгээр сарын аки башёд түрүүлж, мэргэжлийн сүмогийн дэвжээн дэх ес дэх түрүүгээ хүртсэн билээ.

ЁКОЗУНА УУЧЛАЛТ ГУЙЛАА (БИЧЛЭГ)
 

Сүмочид хэдийгээр хатуу дэг жаяг, ёс зүйтэй байдаг ч дэвжээнээс гадуур зүй бус үйлдэл гаргаж байсан тохиолдол нэг бус удаа гарч байжээ. 

Сүмод дөнгөж хөл тавьсан залуу бөх ахмад бөхчүүдэд зодуулсны улмаас амиа алдсан хэрэг 2007 онд гарч байв.  Тэр үед дэвжээний ояката таван жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 

Хожим, 2016 онд залуу сүмоч дэвжээний багш болон өөр бөхөд зодуулсны улмаас нэг нүд нь хараагүй болж, улмаар багш, сүмоч хоёр 300 мянга орчим ам.долларын торгууль төлж байжээ.

2010 онд сүмочид болон якүза нарын хооронд гэмт хэргийн хэлхээс бий болсон тухай дуулиан дэгдэж байлаа. Тухайн үед сүмогийн ертөнцийг доргиосон эл хэргээс хойш нэг жилийн дараа бөхчүүд даваа наймаалцдаг тухай өөр нэгэн шуугиан дэгдэж, тэр жилд нэг башё зохиогдохгүй өнжсөн тохиолдол гарсан билээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж