19 гишүүн зөвшөөрвөл сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

19 гишүүн зөвшөөрвөл сонсгол хийнэ

19 гишүүн зөвшөөрвөл сонсгол хийнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын талаар УИХ-ын чуулганы хуралдаанд нээлттэй сонсгол сонсох санал гаргасан.

Энэ сонсгол болох эсэх өнөөдрийн сонирхол татсан асуудал болоод байна. Учир нь маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэнэ.

Хэрэв Ж.Батзандан гишүүний хүссэнээр сонсгол хийх бол томилгоо хийх үеэр нээлттэй сонсголыг явуулна. Гэхдээ гишүүн Ж.Батзандан дээрх саналаа албан ёсоор хүргүүлээгүй байгаа бөгөөд гишүүдийн гарын үсэг цуглуулж, хүсэлтээ өнөөдөр УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн гэнэ. 

Нийтийн сонсголын тухай хуулийн 10.10.1-т “УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн заалт бий.

Өөрөөр хэлбэл, гишүүн Ж.Батзандангийн гаргасан нээлттэй сонсгол хийх тухай саналыг УИХ-ын гишүүдийн 19 нь дэмжвэл УИХ-д нээлттэй сонсгол явуулах боломж нээгдэнэ гэсэн үг.

Ж.Батзандан гишүүн саяхан мэдээлэл хийхдээ “Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй хувийн маргаан, зөрчилгүй. Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан. Энэ хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон гомдол ирж байсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан Д.Энхбатыг гадаадаас хулгайлж авч ирсэн. Тэр хүний ар гэрийнхэн ‘Б.Хурцаас болж манай Д.Энхбат нас барсан’ гэж гомдол мэдүүлдэг. Энэ асуудлаасаа болж Б.Хурц Европын холбоонд нэвтрэх эрхгүй болсон. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас хулгайлж ирсэн хэргийг дахин шалгах ёстой гэж би боддог. С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиалагчийг нь одоо болтол тодорхой болгохгүй байна. С.Зоригийн хэргийн захиалагч тодорхой болохоос нааш УИХ Б.Хурц гэдэг хүнийг албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэх нь утгагүй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хувьд  нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн ба ‘Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан түүн шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж