Ойрхи Дорнодод “Хүйтэн дайн” нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнодод “Хүйтэн дайн” нүүрлэв

Ойрхи Дорнодод “Хүйтэн дайн” нүүрлэв

Эртнээс нааш ээдрээтэй байсан Саудын Араб, Ираны харилцаа сүүлийн үед дахин ширүүсч, дайны аюул заналхийлж эхэллээ.

Йемен пуужингаар харвасан, Ливаны ерөнхий сайд огцорсон, Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлсэн зэрэг үйл явдлууд Ойрхи Дорнодын бие биенээ сөрөн зогссон хоёр орны хурцадмал харилцаанд шүдэнз зурсан мэт  болов.

Саудын Араб, Ираны хоорондох хурцадмал байдал бол 1979 оны Ираны хувьсгалаас хойш лалын ертөнц дэх ноёрхлын төлөө өрсөлдөж буй хоёр улсын сөргөлдөөний зөвхөн нэг хэсэг нь билээ.

Сөргөлдөөний голомт  

Саудын Араб, Ираны хоорондох сөргөлдөөн, хурцадмал байдал бол дахин хэзээ ч урьдын хэвэндээ орохгүй ужиг таагүй харилцаа бөгөөд өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд улам бугшсаар ирсэн юм. 2016 онд Саудын Арабт шийт шашны нэртэй зүтгэлтнийг цаазлан хороосны хариуд иранчууд тус улсын элчин сайдын яам руу халдсан хэрэг явдлаас болж Тегеран, Рияад хоёр дипломат харилцаагаа тасалсан юм. Энэ явдлаас өмнө 2015 онд Иран дэлхийн хүчирхэг зургаан гүрэнтэй цөмийн хэлэлцээр байгуулсныг  Ираныг олон улсаас ганцаардуулах хүчин чармайлтыг үгүй хийсэн  алхам гэж Саудын Араб эмээж байсан билээ.

Саудын Араб, Ираны харилцаа ширүүсэхэд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл нь Персийн булангийн Катар улс юм. Рияадын эрх баригчид болон сунни шашны холбоотнууд 2017 онд Ирантай холбоотой хэт даврагсдыг дэмжсэн хэмээн Катараас дипломат харилцаагаа тасалсан юм.

Харин саяхан болсон нэгэн хэрэг явдлаас болж Иран Саудын Арабт арай л дайн зарласангүй. Саудын Арабын дэмжлэгтэй Ливаны ерөнхий сайд Саад аль-Харири Рияадын телевизээр шууд дамжуулан  огцрох тухайгаа мэдэгдэж,  Ираныг шийт шашны Хезболлах бүлэглэлийн тусламжтайгаар Ливаны дотоод хэрэгт оролцож байгаад буруутгасан билээ.

Энэ явдлаас ердөө хэдхэн цагийн дараа Йемен Саудын Арабын агаарын хил рүү пуужин харвасныг Рияадын батлан хамгаалах хүчин устгасан.  Йемен бол арабуудаар удирдуулсан эвслийн засгийн газар болон Ираны засгийн газрын далдуур дэмждэг шийт шашинт босогчдын хоорондох тэмцэлд туйлдсан орон билээ. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Ираныг “цэрэг зэвсгээр түрэмгийлсэн” хэмээн буруутгасан.  Тегеран пуужин харвасан хэрэг явдалд холбоогүй гэж мэдэгдсэн ч ерөнхийлөгч Хассан Рухани Иран ямар ч дайралтад хариуг нь өгөхөд бэлэн гэж анхааруулсан билээ.

Сөргөлдөгчдийг юу хатгав?

Өнгөрсөн хэдэн сард шил шилээ дарсан үйл явдлууд Саудын Араб, Ираны одоогийн сөргөлдөөний урьдач нөхцөл болсон гэхэд хилсдэхгүй.

Ирак, Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг явуулсан ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн нь нөхцөл байдлыг өөрчилсөн. Цэргийн ажиллагааны дүнд 2014 онд Исламын улс бүлэглэлийн эзэлж авсан нутаг дэвсгэрийг бүхэлд нь жихадуудаас чөлөөлсөн. Иракийг Исламын улс бүлэглэлээс чөлөөлмөгц Рияад тус улсын шийт давамгайлсан засгийн газартай харилцаагаа бэхжүүлэх алхмыг цаг алдалгүй хийж эхэлсэн.

Харин Сирид Ираны дэмждэг Башар Ассадын засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд улсын дийлэнх нутаг дэвсгэрийг босогчдоос чөлөөлж, хяналтандаа оруулсан боловч Саудын Арабын далдуур дэмжиж ирсэн босогчдын бүлэглэлүүд засгийн газрын цэргүүдтэй сөргөлдсөн хэвээр байгаа юм.

Хунтайжийн амбиц

Ойрхи Дорнодын хоёр үндэстэн хоорондоо хэзээнээс нааш сайн харилцаатай байгаагүй ч өнгөрсөн хэдэн сарын хугацаанд шил шилээ даран гарсан хэрэг явдлаас болж харилцаа нь улам ширүүссэн. Үүний нэг нь яах аргагүй Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы явуулж буй бодлого юм.

Амбицтай залуу хунтайж эмэгтэйчүүдэд машин жолоодох эрх олгож, эдийн засгийн реформ хийх замаар Саудын Арабын залуу үеийн дэмжлэгийг авч, эрх мэдлээ бэхжүүлж эхэлсэн.

Саудын Арабын хунтайж, засгийн газрын сайд нарын авлигын хэргээр баривчилсан явдал бол шинэ хаан гарч ирсэн гэдгийг олон нийтэд харуулах илэрхий мессеж билээ.

Элитийн хүрээнийхэн болон нөлөө бүхий бизнесменүүдийн авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлсэн нь  эрх мэдэлтэй өрсөлдөгчдөдөө өөрийгөө улсын эрх мэдлийг гартаа авсан гэдгийг харуулах зорилготой  юм. Угсаа залгамжлах хунтайжийн  удирдаж буй авлигатай тэмцэх зөвлөл элит хүрээний 50 гаруй хунтайж, засгийн газрын сайд, бизнесменийг баривчилсны дунд 11 хунтайж, дөрвөн сайд байсан. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь дэлхийн тэргүүн 10 баяны нэг тэрбумтан, бизнесмен хунтайж Алвалид бин Талал ажээ.

Саудын Араб лалын ертөнцөд алдсан эрх мэдэл, нөлөөгөө эргүүлэн олж авахаар хичээж байгаа билээ. Исламын улс бүлэглэлийн эзлэн түрэмгийлэл дарагдсан учраас Саудын Араб одоо Ирак, Сирид нөлөөгөө бэхжүүлэхээр яарч байна.

Трамп эффект

2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын ерөнхийлөгчийн сонгууль Ойрхи Дорнодод одоо үүсээд буй хурцадмал байдалд хувь нэмрээ оруулсан гэж ажиглагчид үздэг.

Тегераны талаар явуулж буй Д.Трампын илт дайсагнасан бодлого Саудын Арабын бүс нутагтаа эзлэх байр сууринд нөлөөлж байгаа нь нэгэнт нууц биш болсон.

 

Лидерийн уналт

Саудын Араб, Ираны харилцаа ширүүсэхэд нөлөөлсөн Ливаны огцорсон ерөнхий сайд Саад аль-Харири эх нутагтаа удахгүй эргэж очно гэж мэдэгдсэн.

Ливаны хамгийн нөлөө бүхий сунни шашинт улстөрч Харири Рияадын телевизээр ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн. Харири мэдэгдэлдээ Ираны засгийн газрын далдуур дэмждэг Хезболлах бүлэглэл Йемен, Бахрейн болон Ливаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг буруутгаж,  үүний улмаас Саудын Араб Ливанд эдийн засгийн хориг авах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэсэн юм.

Харири огцорч буй тухайгаа Саудын Арабаас мэдэгдсэнээс хойш эх орондоо очоогүй байгаа юм. Хариригийн дээрх мэдэгдэл Ливаныг Хезболлах бүлэглэлээр дамжин Ирантай холбоотой байж магадгүй гэх эргэлзээг тайлах зорилготой улс төрийн үйлдэл байсан гэж ажиглагчид үзэж байна.

Олон улс судлаачдын үзэж буйгаар хоёр орон зэвсэгт мөргөлдөөнд арай тулаагүй ч “Хүйтэн дайн”-ы үеийг санагдуулам нөхцөл байдал Ойрхи Дорнод эргэж ирээд байна. Бүс нутагт ноёрхлоо тогтоож, нөлөөгөө бэхжүүлж, өөрийн шашныг олон ард түмэнд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой Саудын Араб, Ираны дайсагналцсан харилцаа Солонгосын хойг дахь “Пуужинтай залуу”-гийн цөмийн хөтөлбөрөөс ч илүү аюултай нөхцөл байдал үүсгээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж