Ц.Ням-Осор: Жижиг, дунд бизнест төрийн нэрээр оролцохыг хуулиар хорих ёстой

Хуучирсан мэдээ: 2017.11.15-нд нийтлэгдсэн

Ц.Ням-Осор: Жижиг, дунд бизнест төрийн нэрээр оролцохыг хуулиар хорих ёстой

Ц.Ням-Осор: Жижиг, дунд бизнест төрийн нэрээр оролцохыг хуулиар хорих ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үндэсний үйлдвэр, аж ахуй нэгжүүдээ дэмждэг тогтолцоог улам боловсронгуй болгохоор ажлын хэсэг байгуулаад буй. Ажлын хэсэгт Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тэргүүтэй чиг үүргийн байгууллагуудын төлөөлөл багтсан байна.

Ажлын хэсгийн хуралдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагт Иргэний танхимд  болно. Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон жил энэ салбарт ажиллаж, мэргэшсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс ямар бодлого баримтлах, хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.


-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулах гол гол өөрчлөлтүүд юу байх вэ?

-Бидний зүгээс хуульд ямар өөрчлөлт оруулж болох вэ гэдэг саналаа ажлын хэсэгт өгнө. Ерөнхий байдлаараа хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг тусгах боломжтой гэж харж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой алхам, бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлж ирлээ. Өнөөдрийг хүртэл жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаар дамжуулан бизнес эрхлэгчдэд зээл олгож, үйлдвэрлэлийг дэмжиж өгдөг. Гэвч өнөөдрийг хүртэл жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд тулгамддаг нэг асуудал бий. Тэр нь бизнес эрхэгчдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд худалдан авалт, орлого нэмэгдүүлэхэд төрийн бодлого  буй явдал. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд л байдаг. Худалдан авалт асар муу байгаа шалтгааныг бид эргэж харах цаг болсон. Үүн дээр төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх зорилгоо төрийн өмчит болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын компаниуд буюу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс худалдан авах боломжийг хууль эрх зүйн өөрчлөлтөөр зохицуулах шаардлагатай байгаа юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн сан төрийн солигдох циклээс шалтгаалан өөр өөр салбарт харьяалагдаж ирсэн. Нэгэнт бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталж байгаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн бүтцийг тогтвортой, тодорхой чиглэлтэй болгож хөгжүүлж болох уу, ийм боломж бий юу?

-Боломж бий. Жижиг, дунд бизнесийг дэмжих тогтвортой төрийн байгууллагын бүтэц нь агентлаг болгох. Одоо бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан яамны харьяанд байгууллага. Санг эрхэлсэн сайдууд санг шууд удирдаж байгаа нь  бодлого хэрэгжүүлэх боломжийг багасгадаг. Тиймээс санг агентлагийн бүтцэд шилжүүлж, дотроо шинэлэг инновацид суурилсан, технологийн бизнесийг дэмжих, хурдацтай хөгжих бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох бизнес, орон нутгийн үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих гэх мэт үйл ажиллагааны чиглэл, засаг захиргаа орон нутгийн бүтэцтэй холбосон хэлбэрээр ажиллуулах боломжтой.  Агентлагийн бүтцэд оруулбал төрөлжүүлэх боломж бий болно. Одоо ХХААХҮЯ-ны харьяанд байгаа сангаас маш олон төрлийн зээл олгогдож байгаа.  Ангиллыг салбар бүрээр нь гаргаж, гарааны, шинэ төрлийн, технологийн, менежмент инноваци, вентюр бизнес болон өрхийн бизнесийн онцлогууд зөв тодорхойлох ёстой.  Хэрэв ингээд ангилж, төрөлжүүлбэл төрөөс дэмжих арга хэлбэл, хувилбар нь тодорхой болно.

-Агентлагийн бүтцэд оруулна гэхээр жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг нэгтгэнэ гэсэн үг үү?

-Ер нь бол уялдаа холбоог сайжруулах. Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гээд олон төрийн бүтцийн байгууллагуудын дэргэд тодорхой сангууд бий. Тухайлбал, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, сумын хөгжлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүдийг нэгтгэх, уялдаа холбоог нь сайжруулах асуудлыг эрх зүйн зохицуулалтаар тодорхой өөрчлөлтүүд хийж болно.  Уялдаа холбоог сайжруулахгүй бол зохион байгуулалтгүй олон төрлийг дэмжлэг олон толгойтой байгаад байдаг үр дүн багатай, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа нь өнгөрсөн хугацаанд харагдсан.

-Бизнес эрхлэх сонирхолтой ч энэ талын мэдлэг дутуугаас үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байх, эдийн засгийн үр өгөөжөө зөв тооцоогүйгээс орлогоо нэмэгдүүлж чадахгүй байх сөрөг талууд ажиглагддаг гэдгийг хэлэх хүмүүс байдаг?

-Ер нь үйлдвэрлэл, бизнесийг дэмжих сургалтыг бүх түвшний боловсролын байгууллагаар дамжуулан бий болгох боломжтой. Хэрэглэгч биш үйлдвэрлэгч, бүтээгч шинэ үеийг бий болгохын тулд ерөнхий боловсрол, их, дээд сургуулиудын хөтөлбөрт нь тусгах замаар зохицуулж болно. “Эм Си Эс” зэрэг томоохон аж  ахуй нэгжүүдийг хадны мангас гэх ойлголт нийгэмд их байдаг. Гэтэл эдгээр бизнес эрхлэгчид нь маш олон хүнийг ажлын байраар хангах, татвар төлөх, өрсөлдөөнийг бий болгодог. Бизнес эрхлэгч бол нийгмийн гол хүч, манлайлагч нь гэдэг ойлголтыг төрүүлэх нь чухал. Түүнээс гадна аливаа шинэ санааг патентжуулах ажил маш удаашралтай байдаг. 

Бизнес эрхлэгчдийн шинэ санаа, сэдлийг хамгаалах патент, зохиогчийн эрх, барааны тэмдэгтийн зөвшөөрөл олгох үйлчилгээг уяна хатан болгох, шат дамжлагыг илүү хөнгөвчлөх шаардлагатай. Шинэ санаагаа патентжуулах гэсээр байтал өөр хэн нэгэн өрсөлдөгч бий болох, санааг нь үнэгүйдүүлэх тохиолдлууд өнгөрсөн хугацаанд их гарч байсан. Хэрэв шинэ санаагаа патентжуулах шат дамжлага багасах, хэн дуртай нь бизнес эрхлэгчийг дарамталдаггүй байх боломжуудыг хууль эрх зүйн хувьд зөв зохицуулалт хийж чадвал жижиг, дунд бизнесийн талаар нэгдсэн мэдээллийг нэгдсэн систем бий болгох, энэ салбарыг ажлыг дүгнэх, сурталчлах, төлөвлөх, оновчтой бодлого гаргах боломжтой болох юм.  ингэснээр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэн нь хаана, ямар бүтээгдэхүүн ямар зах зээлд байгааг мэдэх боломжтой.

-Нөгөө талдаа бизнес эрхлэгчдэд төр өөрөө дарамт болдог. Татвар, хяналт шалгалт, журам гээд  төрийн олон хяналтын бүтэц нь ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тээг болдог тал бий?

-Төр хянах үүргээ хийх ёстой. Гэхдээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн идэвх санаачилгыг боомилсон мэргэжлийн хяналт, татварын байгууллага, төрийн шат шатны түшмэлийн заавар, журам, шахалт, дарамтыг багасгах зайлшгүй шаардлагатай. Жижиг, дунд бизнест төрийн нэрээр оролцох оролцоог хуулиар хориглоход гэмгүй.  Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хорооны цагдаагаас эхлээд дарамтлах хяналтын бүтэц нь маш олон болчихсон. Хорооны цагдаа, хорооны байцаагч түшмэл хүртэл бизнесийн байгууллагыг дарамталдаг одоогийн энэ арга барил бол сэтгэлгээний хоцрогдол. Сэтгэлгээний хоцрогдлыг хязгаарлах ганц боломж нь хуулиар хорих. Дэлхийн бусад орнуудад бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дарамтлах, эрх мэдлээ ашиглахыг завдсан төрийн хяналтын байгууллагын төлөөлөлд шууд хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр бид сэтгэлгээний хоцрогдлоосоо нэн түрүүнд салах ёстой юм.

-Тэгэхээр жижиг, дунд бизнесээ хөгжүүлэх бие даасан бүтэц, бодлоготой болгохын тулд найдвартай, тогтвортой түнш нь төр байж болно гэсэн санааг та дээр дурдсан. Төр, гадаад, дотоодын томоохон аж ахуй нэгжүүдийн тодорхой нийлүүлэлтийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох боломжтой юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах гээд тодорхой бодлогууд гарган ажиллаж байна. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл буюу дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай томоохон хөрөнгө оруулалттай төслүүдтэй гэрээний үндсэн дээр холбож өгөх эрх зүйн тогтолцоог бий болгож болно. Дэлхийн олон том корпорациуд ч энэ жишгээр ажилладаг. Японы “Тоёото” корпораци гэхэд 23 мянга, “Самсунг” групп гэхэд  13 мянган дотоодын аж ахуй нэгжээс бүтээгдэхүүн авах, гүйцэтгэлийн ажлаа хийлгэдэг. 

Уул уурхайгаа түшиглэсэн Монголын хувьд  улсын хувьд томоохон хөрөнгө оруулагчийн нэг болох “Оюутолгой” компани дөрвөн жилийн дотор тэдэн ширхэг бүтээгдэхүүнийг дотоодын аж ахуй нэгжүүдээс авсан байх шаардлага тавьж,аваагүй тохиолдолд төрөөс үзүүлэх татвар,хөнгөлөлтөө бууруулах замаар төр шахалт үзүүлэх боломж нь бий. Ийм аргачлал ч хэрэгжиж байгаа. Яг ийм байдлаар томоохон ААН-үүдээ түшиглэж, ЖДҮ-ийн байнгын үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг болох алхмуудыг хуулиар нээлттэй, тодорхой болгох хэрэгтэй байна.

-Төрийн байгууллагууд Үндэсний компаниудаас бараа материал худалдан авахдаа хойрго ханддаг, албан тушаалтнууд нь шамддаггүй гэх шүүмжлэл явдаг. Хуулийн орчныг нь сайжрууллаа ч албан хаагчдын ерөнхий хандлагыг яаж өөрчлөх юм?

-Энэ асуудлыг дээр нэлээд ярьсан. Бид баялаг бүтээгч, ажлын байр бий болгогч дотоодын компаниудын нэр хүндийг нийгэмд өсгөх бодлогын арга хэмжээнүүд авах учиртай. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийн дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд төрийн болон төсвийн хөрөнгөөр бараа худалдаж авахад зайлгүй авч байх эрх зүйн зохицуулалтыг тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар явах боломжтой.  Хэрэв дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа худалдаж авахаас зайлсхийсэн, арга заль хэрэглэсэн,  төрийн албан хаагчдад  хариуцлага тооцдог байх ёстой.  Хариуцлага тооцоод эхлэхээр албан тушаалтнуудын ийм үйлдэл  аяндаа цэгцэрнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж