“Монгол наадам” соёлын өвд бүртгэгдсэнийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

“Монгол наадам” соёлын өвд бүртгэгдсэнийг зарлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний их баяр наадмын босгон дээр энэхүү таатай мэдээг ард түмэндээ дуулгаж байна.

Засгийн газрын тэргүүний урилгаар манай оронд айлчилж байгаа ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг бүртгэсэн батламж бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод  өнөөдөр гардуулан өглөө.  2010 оны 11 дүгээр сард Кени улсад хуралдсан соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсаас гурван  өв бүртгэгдсэний нэг “Монгол үндэстний баяр-Наадам”  байсан ажээ. Ерөнхий сайд С.Батболд тус батламжийг авах үеэрээ хэлсэн үгэндээ “Монгол наадам”-ыг ийнхүү ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээр “Эрийн гурван наадам”-ын зан үйл, ёс заншил, улмаар нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь монголчуудаас дэлхийн соёлын санд оруулж буй томоохон хувь нэмэр, монгол соёл иргэншлийн төлөөлөл, нэрийн хуудас болсныг илэрхийлж байгаа хэрэг гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг бүртгэсэн батламж бичигт:

Соёлын биет бус өвийг хамгаалах  Конвенцийн Засгийн газар хоорондын Хороо  нь “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг Хүн Төрөлхтний Биет бус соёлын өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэн авав.

Энэ жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг  бүртгэснээр  түүний дэлхийн дахины үнэ цэнийг түгээн алдаршуулж, соёлын олон төрөл зүйлийг хүндэтгэх соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь улам бүр өргөх болно” гэж тодорхойлон бичиж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова гарын үсгээ зуржээ. 

Монголчууд бидний үндэсний бахархал болсон “Монгол Наадам “дэлхийн өв санд бүртгэгдсэнээр Монгол үндэстний бүтээн бий болгосон  их өв санг дэлхий нийтэд таниулж байгаа төдийгүй ард иргэд түүний дотор залуу хойч үе  өөрийн өв соёлоороо бахархах, язгуур соёлоо өвлөн уламжлах, сэргээн амилуулах буухиаг улам бүр тэтгэн баяжуулах их үйлсэд бодиттой хувь нэмэр оруулах нь дамжиггүй билээ. 

Монгол улсын Засгийн газар ЮНЕСКО-гийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын  ажиллагаа  мөн энэ үеэр боллоо. Түүнчлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад эрхэм зочин Ирина Бокова дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж