Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үндэсний их баяр наадмын босгон дээр энэхүү таатай мэдээг ард түмэндээ дуулгаж байна.
Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг бүртгэсэн батламж бичигт:
Соёлын биет бус өвийг хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын Хороо нь “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг Хүн Төрөлхтний Биет бус соёлын өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэн авав.
Энэ жагсаалтанд “Монгол үндэстний баяр-Наадам”-ыг бүртгэснээр түүний дэлхийн дахины үнэ цэнийг түгээн алдаршуулж, соёлын олон төрөл зүйлийг хүндэтгэх соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь улам бүр өргөх болно” гэж тодорхойлон бичиж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова гарын үсгээ зуржээ.
Монголчууд бидний үндэсний бахархал болсон “Монгол Наадам “дэлхийн өв санд бүртгэгдсэнээр Монгол үндэстний бүтээн бий болгосон их өв санг дэлхий нийтэд таниулж байгаа төдийгүй ард иргэд түүний дотор залуу хойч үе өөрийн өв соёлоороо бахархах, язгуур соёлоо өвлөн уламжлах, сэргээн амилуулах буухиаг улам бүр тэтгэн баяжуулах их үйлсэд бодиттой хувь нэмэр оруулах нь дамжиггүй билээ.
Монгол улсын Засгийн газар ЮНЕСКО-гийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа мөн энэ үеэр боллоо. Түүнчлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад эрхэм зочин Ирина Бокова дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.