МАН-ын үйл явлуудаас Монголын улс төр, эдийн засаг шууд хамааралтай болжээ. Хүссэн ч, эс хүссэн ч УИХ-д 65 суудал авсан тэд өнөөдөртөө болон ирэх гурван жилд засаглах учраас тэр. Харин Засгийн газрын тэргүүн нь хэн ч байж болно.
Өнөөдөр МАН-ынхан цуглаж суусан шаазгайнаас дор байна. Үнэндээ УИХ-ын сонгуулийн дараа МАН-ынхан баярласан нь хэт эртэдсэн хэрэг байлаа. Тэднийг чухам юу хүлээж, намд нь ямар хагарал талцал нүүрлэж буйг ялалтын шоктой байсан МАН-ынхан даанч тооцоолоогүй юм. Тэр үед эдийн засгаа хямралаас гаргах нь МАН-ын гол асуудал байсан бол өнөөдөр дотоод эв нэгдлээ хангах нь тэдний том зовлон болжээ. Тэр зовлон өдгөө улс орны асуудал болон хувирлаа. Яагаад гэвэл тэд эрх баригчид.
Эрх барьж байгаа намын хувьд ирэх долоо хоногт болох МАН-ын 28 дахь Их хурал зөвхөн тэдний асуудал биш юм. Учир нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. Тиймээс ирэх Даваа гаригт эхлэх МАН-ын Их хурлын эргэн тойронд чухам юу өрнөх нь Монголын улс төрийн анхаарлын төвд байна.
Энэ удаагийн Их хурлаараа М.Энхболд намын даргаа өгнө гэдгээ зарласан. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон нь түүний ялагдал мэт боловч үнэн хэрэгтээ МАН хоёр хуваагдсан учраас тэр ялагдал хүлээсэн гэхэд буруудахгүй. Тэглээ гээд тэр намыхаа эсрэг ямар нэгэн гомдол, гоморхол шидлээгүй яваа. Магадгүй энэ нь түүний улс төрийн имиж хийгээд төрөлх мөн чанарын илэрхийлэл байж мэдэх.
Эмээлийн бүүрэг шиг болсон МАН-ын эвийн цавуу нь өнөөдөртөө ганцхан М.Энхболд. Түүний үгийг 32-ын болон 33-ын бүлэг ч хүлээж авдаг. Хэрэвзээ М.Энхболдоос өөр хүн байсан бол ялагдсандаа шаралхаад өнгөрсөн өдрүүдэд намаа хоёр хуваачихсан байх байлаа. Яг л Н.Энхбаярын өчигдрийн өширхөл шиг.
Монголын улс төрийн голлох хүчний хувьд МАН-ын хуваагдал улс төрд доргилт авчрах нь гарцаагүй. Мэдээж, М.Энхболд үүнийг хэзээ ч хүсэхгүй. Эрх баригч намын талцал Их хурлаараа үргэлжилбэл тэдний хэрүүл тэмцэл төрийн бодлого шийдвэр муугаар нөлөөлнө гэсэн үг.
Тиймээс Их хурлаа хэрхэн зангидах нь шинэ даргаас илүүтэй М.Энхболдын сценари хүлээлт дагуулж байна.
Их шунасан хүнд замыг нь тавьж өг гэдэг үг байдаг. М.Энхболд ямартай ч замаа тавьж өглөө. Харин МАН замдаа онхолдчихгүйхэн шиг явж чадах болов уу. Ирэх долоо хоногоос М.Энхболдын зовлон дуусч, шинэ даргын зовлон эхэлнэ. Тэр нь хэн байлаа ч харин М.Энхболд шиг эвийн цавуу, эцэг хүн шиг байж чадах болов уу. Ингэж чадахгүй бол эрх баригч нам зуун жилийнхээ босгон дээр хоёр хуваагдаж мэдэх юм шүү.
Ж.ЭРХЭС