Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулахтай зэрэгцэн зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоож өгөх тухай асуудал хөндөгдөж эхэллээ.
УИХ-ын гишүүд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгөхгүйгээр өндөр хүү буухгүй” гэж үзэж буй. Эдийн засагчид “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар тогтоох нь популизм. Үүний оронд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, төрийн өмчит компаниудаа хувьчлах, төсвийн сахилга батыг сахиж, хулгайгаа зогсоох. Төв банкны бодлогын хүүг буулгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой” гэсэн байр суурь барьж байна.
Талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор “VS” буландаа Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарын байр суурийг онцоллоо.
С.ЭРДЭНЭ | Ж.ҮНЭНБАТ | |
Банкууд хадгаламжийг өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Өндөр хүүтэй зээлийн дарамт дороос өндийж, ашигтай ажиллаж, бизнесээ, амьдралаа босгоно гэдэг маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, боломжгүй асуудал. Тэгэхээр төрийн зохицуулалтаар зээлийн хэмжээний дээд хүүг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнийг зохицуулахын тулд хууль батлуулах ёстой. Тиймээс л энэ чиглэлээр ажиллаж, судалгаа хийж байна. Ямар ч төрлийн зээл олгосон дээд хязгаар нь жилийн 18 хувь байна. Тодруулбал, жилийн 18 хувийн хүүтэй зээлд сард 1.5 хувийн хүү төлнө. Бүх зээлүүд хамрагдана. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд төрөөс зөвшөөрөл авна. Төрөөс зөвшөөрсөн эрх зүйн үйл ажиллагаанд тулгуурлана. Тиймээс төрөөс тодорхой зохицуулалтыг хийж өгөх юм. Бусад улс орнуудад банкны салбарыг төрийн зохицуулалттай зах зээл гэж ярьдаг. Учир нь төр банкуудын зээлийн дээд хязгаарыг тогтоож, хуульчилж өгдөг юм байна. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тодруулбал, Япон улсад зээлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоож өгсөн байх жишээтэй. Түүнчлэн зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна. Банкны зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр хадгаламжийн хүүний хувь хэмжээ буурна гэсэн үг. Эх сурвалж: demparty.mn | Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг нь аливаа зүйлийн үнийг барина гэж байгаатай л адил. Олон нийтэд таалагдаж болохуйц популист алхам болно. Өнөөдрийн байдлаар банкуудын зээл хадгаламжийн бүтцийг харвал зээлийн эрэлт өндөр байгаа. Харин зээлийн гол түүхий эд болох хадгаламж харьцангуй бага. Энэ хамаарлаас шалтгаалан зээлийн хүү өндөр тогтдог. Эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас хамаарч зах зээлийн хүү тогтож байхад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох захиргаадалтын шинжтэй арга хэмжээ авбал зээл хомсдоно. Зээлийн хүүг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Захиргаадалтын бус аргаар зээлийн хүүг буулгах нь үр дүнтэй. Нэн тэргүүнд улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах хэрэгтэй байна. Зээлийн хүүг бууруулах гол хүчин зүйлүүд дээр гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай. Дээр нь зээлийн эх үүсвэр болох хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой. Хэрэв захиргааны аргаар зээлийн хүүг бууруулахаар хатуу заавал цаг хугацааны шалгуур дааж чадахгүй юм болно. Манай улсын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж л нийт зээл олголтын хүртээмж өснө. Хүртээмж нэмэгдсэнээр зээлийн хүү буурна. Хомс байгаа зүйл дээр хязгаарлалт тавьж эхэлбэл улам л хомс болно. Нэг үгээр картын бараатай л адил болно. Банкууд зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эх сурвалж: News.mn |
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ