“Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

“Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр (2017.11.14) хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Энх-Амгалан болон Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Монгол Дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэхдээ, “Хилчин” хотхон гэр хорооллын дахин төлөвлөлт, газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд амины орон сууц бүхий жишиг хороолол болох ёстой байсан. Тэнд амьдардаг 168 өрхийн 672 иргэн дахин төлөвлөлтийн төслийг дэмжсэн. Төслийн хүрээнд 168 айл, өрхийг цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Харамсалтай нь эдгээр айлын нэг нь ч одоог хүртэл цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй, халаалтгүйгээс тав тухгүй амьдарч байгаа талаар удаа дараа өргөдөл ирүүлсэн тул бид Өргөдлийн байнгын хороон дээр холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчдод “Хилчин” хотхоны өнөөгийн байдлын талаар товч дүрс бичлэг үзүүлэв.

УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, төслийн санхүүжилтийн хүрээнд олгогдсон 4.5 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан, зураг, төсөл нь хийгдээгүй ажилд яагаад санхүүжилт олгосон, цаашид төслийг бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын төсвөөс гаргах уу, эсвэл төслийг хэрэгжүүлсэн гүйцэтгэгч компаниар төлүүлэх үү зэрэг асуулт байлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Н.Ибрай, “Монгол Дайвин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбаатар нар асуултуудад хариулт өгч, тайлбар хийсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Энх-Амгалан нар төслийг хэрэгжүүлсэн компанид шалгалт хийж, асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох газруудыг хамруулж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж хохироод буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хорооноос албан бичгээр холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж