МАН Их хурлынхаа дараа эвлэх үү, эвдрэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.11.14-нд нийтлэгдсэн

МАН Их хурлынхаа дараа эвлэх үү, эвдрэх үү?

МАН Их хурлынхаа дараа эвлэх үү, эвдрэх үү?

МАН-ын 28-р их хурал арваннэгдүгээр сарын 20, 21-нд болно. МАН-ын их хурал хэрхэн өрнөхөөс, намын дарга хэн болохоос улс төрийн шинэ нүүдэл, шинэ дүрэм гарахыг үгүйсгэх аргагүй.

Олон нийтийн зүгээс МАН-ын их хурлын 1300 төлөөлөгч ямар сонголт хийх бол гэсэн хүлээлт бий. Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдчихсан, хурлаа хүртэл тусдаа хийх хэмжээнд хүрчихээд байгаа. Нам дотроо албан ёсны 65-ын бүлэгтэй хэдий ч албан бус хоёр бүлэгтэй болоод багагүй хугацаа өнгөрлөө. Уг нь эрх баригч нам нэгдмэл байж гэмээнэ улс төрийн шийдвэрүүд нь цааш үргэлжлэх ёстой. Гэвч албан бус хоёр бүлэг нэг нэгнээ шантаажлах, бойкотлох байдлаар асуудалд хандаж байгааг шүүмжлэх хүмүүс олон байна. МАН-ын их хурлаас юу хүлээж байгаа, хуваагдсан МАН нэгдмэл болж чадах болов уу? Гишүүд нь ч, олон нийт ч, улс төрийн хүрээнийхэн ч сонирхож буй эл асуултад гишүүд ямар хариулт өгөхийг харъя.


УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Энэ удаагийн МАН-ын Их хурал маш чухал он цагийн зааг дээр  болж байна. МАН-ын их хурал яаж явахаас ойрын жилд Монголын хувь заяа ямар байх нь харагдана. Жилийн өмнө ард түмний хийсэн сонголтыг эрх барих дөрвөн жилдээ хариуцлагатай үүрч, эдийн засгийн хүндрэлээс гарах, эдийн засгийн  өсөлтийг ард түмний амьдралд мэдрүүлэх даалгаврыг гүйцэлдүүлэх  сонголтыг Их хурлаараа хийгээсэй гэж бодож байна. Цаашид Засгийн газар зөв, тогтвортой ажиллах ёстой. Их хурлын төлөөлөгчид, тэр сонголтыг хийгээсэй гэж хүсч байна. Ирэх сонгуулиудын давалгааг зөв төлөвлөсөн Их хурал болох ёстой. Тогтворгүй болох вий гэсэн эрсдэл бий. Одоо бол 32, 33-ын бүлэг гэхээсээ илүү 65-ын бүлгээ илүү чухалчлах цаг үе. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Намын дүрэмд бол намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гээд тодорхой биччихсэн байгаа шүү дээ. Намын дүрмээрээ л явах болов уу гэж харж байгаа. Гэхдээ намын дүрэмд өөрчлөлт орж болно. Тиймээс намын их хурлаар энэ асуудлыг эхлээд тодорхой болгох болов уу.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Миний хувьд намын дүрэмд зааснаар намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ намын их хурлаар намын даргад өрсөлдөх хүмүүсийн юу ярихыг сонсож байж, шийдвэрээ эцэслэнэ. Түүнээс яг одоо бол хэнийг дэмжих, сонгох тухай ярихад эрт байна. Улс орны эрх ашгийг хамгаалах, засаг төрийг тогтвортой байлгах хүнээ л сонгох нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-МАН-ын их хуралд гишүүд, дэмжигчид их ач холбогдол өгч байгаа. Олон чухал шийдвэрүүд гарах нь тодорхой. Тэр дундаа намын шинэ даргын асуудал ч яригдана. Хэнийг сонгох нь сонгогдож ирсэн төлөөлөгчдийн мэдэх хэрэг дээ. Ард түмэн МАН-аас их зүйл хүлээж байгаа гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Би нэг л зүйлд  санаа зовж байна, энэ бол намын эв нэгдэл. Энэ удаагийн их хурал эв нэгдэлтэй болж, эв нэгдлээ цаашид хангаж яваасай гэж бодож байна. Хатуухан хэлэхэд, МАН-ын гишүүд хоёр өөр намын хүмүүс шиг  болчихоод байгаа.Их хурлын дараа эвэндээ орох болов уу гэж горьдож байна. Хөдөө, орон нутгаас ирж байгаа 28-р их хурлын 1300 төлөөлөгч оюун ухаанаа уралдуулж, замчилж өгөх болов уу гэж бодож байна. Тэр нь та нар эв нэгдэлгүй байна гэдэг сануулга болох байх.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Хэн намын дарга болох тухай таамаг олон явж байгаа байх. Манай намын Их хуралд ганцхан онцгой бүрэн эрх бий. Намын даргыг шууд заалнаас нэр дэвшүүлдэг. 1309 төлөөлөгч бүгдээрээ өөрийгөө дэвшүүлж ч болно. Энэ нь намын Их хуралд байдаг маш том эрх. Удирдах зөвлөл гээд хэдэн хүн сууж байгаад шийдвэр гаргана гэсэн ойлголт байхгүй. Их хурлын төлөөлөгч болсон 1309 хүн олон талаас нь тунгааж байж Их хурал дээр гарсан нэрсээс сонголтоо хийх байх. Бид алдах эрхгүй. Их хурлаа хийх гэж байна. Нууцгүй хэлэхэд, МАН орших уу, эс орших уу гэдгийн зааг дээр байна. МАН эв нэгдэлтэй, хуучин шигээ хүчирхэг үлдэх үү, эс үлдэх үү гэдгийн зааг дээр иржээ. МАН гэдэг чинь уг нь  Монголын төр л дөө. Монгол төрийн ноён нурууг гудайлгачихалгүй авч явах том үүрэг МАН-д байгаа. Тийм учраас манай намын Их хурлын төлөөлөгчид энэ үүргээ маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Улс төрийн хүчнүүд төрөө авч явах гэж чадахаараа хичээж байгаа. Парламент өндөр хөгжсөн орнуудын дэргэд манай ардчилал 27 жилийн түүхтэй, нялх. Гэхдээ МАН, АН гээд үнэхээр Монголын хөрс суурин дээр ард түмэнд танигдсан улсаа аваад явчих улс төрийн хүчин байгаа юу гэвэл байна. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх ёстой. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх шаардлагатай. Ямар ч үед улсын эрх ашиг дээр нэгдмэл шийдвэр гаргадаг ёс суртахуунтай байх ёстой. Ингэж чадвал улсын хөгжил урагшилна. Намын Их хурал ард түмний энэ их хүлээлтэд хариу өгснөөр өндөрлөх болов уу гэж бодож байна. /’Өдрийн сонин’-д өгсөн ярилцлагаас/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж