Жавар тачигнаж байгаа энэ цаг мөчүүдэд нийгэм, улстөрийн амьдрал ч бас жавардуухан байна. Эдгээр өдрүүдийн хамгийн бүлээн дулаан уур амьсгал нь Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчийн сунгаа гэж харж байгаа ажиглагчид ч бас цөөнгүй байна. Нэр дэвшигчид намын гишүүд, дэмжигч залуустайгаа уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар Монгол орноо нар зөв тойрч яваагаас гадна нийслэлд саатах бүртээ бодлогын мэтгэлцээнээр өрсөлдөн, цэвэр үзэл бодлын тулаан хийж байгаа юм билээ.
Бид АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Баатарын Болор-Эрдэнэ бол улстөрд харьцангуй шинэ хүн. Үзэл бодол, санаа зорилго нь залууст сонин байх болов уу гэсний үүднээс “Өглөөний сонин”, “Зууны мэдээ” сонинуудад өгсөн ярилцлагыг нь нэгтгэн хүргэж байна.
-Аян зам өлзийтэй сайхан байна уу? Хоёулаа “чухам ямар учраас АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдсэн бэ” гэсэн асуултаар ярилцлагаа эхэльe?
-АЗХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа явагдаж байгаатай холбоотойгоор аравдугаар сарын 30-нд Хэнтий аймгийн Чингис хотоос гишүүд, дэмжигчдийн салбар чуулган маань эхэлсэн. Түүнээс хойш бид 12 дахь аймгийнхаа залуустай уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, нийслэлийн зургаа дахь дүүрэгтээ ирээд байна. Хөдөө нутаг өнөтэй, аян зам өлзийтэй сайхан байна.
Залуучууд цаг үргэлж шинийг эрэлхийлж байдаг, тиймээс ч аливаа зүйлийг “яагаад үүнээс илүү сайн байж болохгүй гэж?” гэсэн шүүмжлэлтэй хэрнээ эeрэг өнцгөөс харж чаддаг. Дэлхий ертөнц бидний төсөөлснөөс ч илүү хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Улстөр, намын залуучуудын байгууллага ч бас үүнтэй мөр зэрэгцэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх ёстой. Энэ өөрчлөлтийг авч ирэх, түүчээлэх хүмүүс нь залуус бид юм. Өөрөөр хэлбэл, залуустайгаа хамтран Монголын улстөрд өөрчлөлт, АН-д шинэчлэлийг авч ирэх боломж байгаа юм байна гэдгийг олж харсан учраас АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшин, өрсөлдөж байна.
-Таны өрсөлдөгч С.Эрдэнэболд АЗХ-г 10 жил дотроос нь харсан, “тогоон дотор нь буцалсан” хүн. Та 2003 оноос хойш Ардчилсан намтай, улстөртэй холбогдсон гэж байна. Тэгэхээр намын дэргэдэх залуучуудын байгууллага гэдэг утгаар нь АЗХ-г 10 гаруй жил гаднаас нь ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн хүн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, би 2003 онд Баянзүрх дүүргийн АЗХ-г хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж байлаа. Тэр цагаас хойш намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд гар бие оролцсоор ирсэн. Ер нь хүн өөрийн гэрээ дотроос нь харахад ямар ч өөгүй тохижуулчихсан юм шиг санагддаг. Гэвч уулын орой дээр гараад, саахалт айлынхаа гэртэй харьцуулвал арай илүү өргөн хүрээнд харж чаддаг. АЗХ бол гишүүд, дэмжигчид бидний бас нэгэн гэр юм. Тиймээс бид гэр орноо дотроос нь болоод гаднаас нь харж үнэлэлт, дүгнэлт өгч, алдаа, оноогоо дэнсэлж байх учиртай. Миний хувьд өөрийн гэрээ аль болох алсхан, өндөрлөг дээрээс, илүү олон айлтай харьцуулж харахыг хичээдэг.
-Ингэж дотроос нь болон гаднаас нь ажиглаж, алдаа, оноог нь дэнсэлсний эцэст АЗХ-нд өөрчлөлт авч ирж чадна гэдгээ олж харжээ дээ?
-Хүн зорилгоо л тодорхойлж чадвал маш их зүйл хийх боломжуудаа олж хардаг. Монголын нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол залуучуудын идэвхи оролцоо. Нөгөөтэйгүүр, идэвхи оролцоотой залуучуудынхаа оролцоог нь шударга үнэлж чадахгүй байна. Миний хувьд, АЗХ-ны олон мянган гишүүдийг бүгдийг нь идэвхижүүлж, оролцоог нь нэмэгдүүлэхийг хамгийн их хүсэж байна. Энэ өөрчлөлтийг хийж чадна гэдэгтээ ч итгэлтэй байна. Энэ өөрчлөлтийг би ганцаараа биш АЗХ-ны 90 мянган гишүүн бүгдээрээ хүсэж байгаа. Тиймээс ч энэ өөрчлөлтийг хамтдаа АЗХ-нд авч ирнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, АЗХ 17 жилийн ололт амжилтуудаа улам бататгаж, алдаагаа засч залруулан, залуучууддаа шинэ боломжуудыг нээж өгөх хэрэгтэй. Гишүүд маань байнгын үйл ажиллагаатай, шинэ санал санаачилгуудыг дэвшүүлэн ажил хэрэг болгодог, түүндээ нийт гишүүдийнхээ оролцоог хангаж чадахуйц боломжийг бүрдүүлсэн, оролцоо бүрийг кредитжүүлэн оноо олгодог, тэр оноогоороо цааш ахиж дэвших боломжоо өөртөө нээдэг, шударга тогтооцоог энэ байгууллагад бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан.
-Яг энэ санааг тань агуулсан “Манай намд ганц биш 90 мянган манлайлагч хэрэгтэй” гэсэн үг чинь ч залуучуудаас нилээд өндөр оноо авч байх шиг байна?
-Манайхан манлайлал, лидeр гэхээр л олны өмнө гарч, индэр дээр зогсдог, уриа лоозон хашгирдаг, бусдаас онцгойрсон нэг юм уу, бүлэг хүмүүс гэж ойлгодог. Гэтэл нийгэм хөгжихийнхөө хэрээр олон төвт нийгэм рүү шилжиж байна. Оролцоо төвтэй нийгэм, сошиал мeдиа зэрэг гялгар боломжууд нь хүн бүр манлайлагч байх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, 90 мянган манлайлагч гэхээр 90 мянган дарга гэж ойлгож болохгүй. Эрх мэдэлгүйгээр ч манлайллыг хэрэгжүүлж болно. Өөрт тулгамдсан асуудлыг шийдчихдэг, өөрийнхөө төдийгүй нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсартайгаар биeлүүлээд явж байгаа хүн бүр манлайлагч мөн. Бид аливаа зүйлийг хамтдаа хийх хэрэгтэй, асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх учиртай. Ингэхийн тулд хүн бүр оролцох ёстой. Би цаашид энэ боломжуудыг л залуучууддаа олгохын төлөө ажиллана.
-Уг нь аливаа зүйлийг эхлүүлж байгаа хүнээс өнгөрснийг нь бус өмнөх замыг нь, урагшлах чиг журмыг нь асуух учиртай юм. Харин манайхан туулж ирсэн зам, ар талыг нь нөмөрлөж зогсоо хүнийг л хамгийн түрүүнд олж мэдэхийг хүсдэг?
-Бид тэнгэрээс унаж, газраас ургаагүй. Ахмад үе хийгээд монгол төрийн залгамж бодлого өнөөдрийг хүртэл хадгалагдсаар ирсэн учир залуучууд бид ачааны хүндийг үүрнэ. Үүрэх үүрэхдээ хэсэг манлайлагчид бус нийтдээ, бүх хүн үүрэх ёстой. Өнөөдрийн ачааг нуруундаа үүрч, бяр суух нь өнгөрсөн үeийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага гэж би ойлгодог. Тиймээс ч хэн нэгэн улстөрч, хөрөнгө мөнгөтэй эрхэм биш, энэ эх орон, тусгаар тогтнол, үүх түүхийг бүтээж, өвлүүлж үлдээсэн ахмад үe маань миний араас нөмөрлөж байгаа гэж боддог. Тэднийхээ итгэлийг алдахын тулд өмнөө тавьсан зорилго, чиглэсэн чиг шугамтай, түүндээ үнэнч байх ёстой.
УЛСТӨРЧ ХҮНИЙ НЭГ ТОМ ШАЛГУУР НЬ МӨНГӨ БОСГОХ ЧАДВАР ЮМ
-Та бол цэвэр бизнесийн хүн. Бизнесийн салбараас олж авсан туршлага, хэрэгжүүлсэн амжилтуудаа улстөрд хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Улс орон өрх гэрээс бүрддэг. Бизнeс эрхлэгч, ажил олгогчид 100 хүнийг ажлын байраар хангаж байна гэдэг нь 100 өрхийн амьдралыг авч явж байна гэсэн үг.
Гэхдээ бизнесийн байгууллагад жирийн ажилтнаас удирдах албан тушаалтан хүртэл ажиллаж, туршлага хуримтлуулсан. Мөн хувийн багахан бизнестэй. Туршлагаасаа харахад инноваци, технологи, хүний хөгжлийн манлайлал аливаа бизнесийн байгууллагад явагдаж л байдаг.
Төр бол ард иргэддээ үйлчилдэг, үйлчилгээний байгууллага юм. Саяхан нэгэн судалгаа сонслоо л доо. Энэ судалгаагаар Монгол Улсын нэг хүнд ногдох төрийн албан хаагчид дэлхийн дундажаас дөрөв дахин их байна гэнэ. Энэ нь төрийн үйлчилгээ буруу бүтэцтэй байна гэдгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын дийлэнх нь улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон баялаг бүтээх салбартаа бус үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Харин бизнесийн байгууллага ашгийн төлөө ажилладаг учраас маш зөв бүтэцтэй, чадварлаг цөөхөн боловсон хүчнээс бүрдсэн багаар чанартай үйлдвэрлэл, үйлчилгээг явуулж, зах зээлд өрсөлддөг. Хэрэглэгчдэд нийлүүлж байгаа чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний өрсөлдөх чадвар, оршин тогтнох үндэс нь болдог. Тиймээс энэ цомхон бүтэцтэй, технологийн хөгжилд суурилсан, чадварлаг багаар одоо ард иргэдэд үзүүлж үйлчилгээнээс хэд дахин сайн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Үүнийг л төрийн үйлчилгээнд хамгийн түрүүнд нэвтрүүлэх шаардлагатай байна.
-Бизнeсийн салбарын хүн учраас АЗХ-г мөнгө олох хэрэгсэл болгочих юм биш биз гэсэн хардлага бас зарим хүнд төрж байгаа байх. Ингэхгүй гэсэн баталгаа бий юу?
-АЗХ бол нам биш, залуучууд үзэл бодлоо солилцдог, шийдэл хөгжил ярьдаг, хамтдаа оролцдог, тэр хэрээрээ хөгждөг, нийгмийн асуудлуудыг хамтдаа шийддэг оролцооны байгууллага. Тэгэхээр энэ байгууллагыг улстөрийн карьeрь хөөх замналын шат болгож харахаасаа илүү асуудлыг шийддэг, ардчиллын үнэт зүйлсийг ойлгодог, дэмждэг залуусын нэгдэл, АН-ын хүний нөөцийг бэлтгэдэг лаборатори гэж харах нь зүйтэй гэж бодож байна.
-Eр нь энэ байгууллагаар мөнгө хийх боломжтой юу?
-Гишүүдийнхээ татвараар л санхүүждэг ТББ шүү дээ. Гэхдээ хийх ажил, хүрэх зорилгоо тодорхойлчихсон байхад мөнгө гэдэг зүйл тийм ч том асуудал биш ээ. Учир нь, залуус нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд нэгдэж чадсан цагт мөнгө босгох боломж бололцоо хангалттай бий. Харин хувь хүн өөртөө мөнгө босгох, баяжих зорилгоор ашиглах боломжгүй. Хэрэв би илүү мөнгө ольё, баяжъя гэсэн зорилготой байсан бол бизнес хийсэн нь илүү эрсдэл багатай, найдвартай, ухаалаг сонголт л доо.
Нөгөөтэйгүүр, АН-ын дүрмийн нэг чухал өөрчлөлт бол зөвхөн мөнгөтэй хүмүүс бус тодорхой зорилготой, тэр зорилгоороо бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, олны хүндэтгэлийг хүлээсэн залуустаа нэр дэвших боломж олгож байгаа явдал юм. Учир нь, нийгэмд зорилгоо хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн мөнгө босгож чаддаг. Магадгүй, АЗХ-г удирдаж чадах хүн үү, үгүй юу гэдгийн нэгэн том шалгуур нь мөнгө босгох чадвар ч байж болох юм.
-Магадгүй, улстөрийн эрсдэл мөнгө босгохоос л эхэлдэг юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, ихэнх залуус аливаа сонгуульд нэр дэвшихийн тулд хэн нэгнээс мөнгө гуйж, зээлснээрээ эргээд өр төлөх барьцаанд ордог. Та үүнээс хэрхэн холуур өнгөрөх вэ?
-АЗХ бол албан тушаал хуваарилдаг, тендeр өгдөг эрх мэдэлтэй байгууллага биш. Намайг дэмжиж, хандив өргөснийх нь хариуд би итгэлийг нь дааж, зорьсон зорилгоо хэрэгжүүлэхээс өөр юу ч өгч чадахгүй.
Өмнө нь, аливаа сонгуульд нэр дэвшигчид бэлэн мөнгө тарааж, хариуд нь саналыг нь авдаг байлаа. Харин одоо тухайн хүн дэмжиж байгаа хүнийхээ улстөрийн замналд амжилт хүсээд, хандив өргөн дэмжиж байна. Энэ ч утгаараа энэ бол улстөрийн хамгийн сонгодог аргачлал, зөв зам гэдэгтэй 100 хувь санал нийлж байгаа. Энэхүү эрүүл жишгийг Монголын улстөрд тогтоож, улстөр бол бохир ертөнц гэдэг ойлголтыг өөрчлөхийн тулд хийж чадах бүхнээ хийх болно оо.
-Нилээд том зорилго тавьчихсан, түүнийхээ оргил руу тууштай мацаж яваа залуу юм байна гэж ярианаас чинь ойлголоо. Ингэхэд ойр дотныхон тань таныг хэрхэн дүгнэдэг вэ. Мөн та өөрийгөө хэн гэж тодорхойлох вэ. Энэ хоёр тодорхойлолт хоорондоо хэр огтлолцдог бол?
-Баярлалаа. Миний хувьд хүний итгэлийг их, бага гэлтгүй л дааж явахыг хичээдэг. Энэ бол аав, ээжийн минь олгосон хүмүүжил юм.
Намайг хангамж сайтай, цалин өндөртэй ажлаа орхиод улстөрийн замыг сонгоход ойр дотныхон маань “Чам шиг олон залуус улстөрд орж, өөрчлөлт хийх ёстой” гэж дуу нэгтэй дэмжсэн. Энэ нь ч надад асар их эрч хүч, урам зоригийг өгсөн. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хийгээд ойр дотныхны минь надад өгдөг үнэлэлт дүгнэлт тэгж л огтлолцсон юм болов уу даа.
-Нийгэмдээ бухимдсан бухимдал нь л залуусыг улстөр рүү хөтлөөд байх шиг ээ. Таныг энэ нийгэм хэр бухимдуулж байна вэ?
-Нийгэмд тулгамдаж байгаа олон асуудал байна. Үүнд бухимдаж байна гэдэг нь өөрчлөх боломжийг олж харж байгаагийн илрэл болов уу. Харин тэр өөрчлөлтийг хийх боломж нь төрд байна. Гэхдээ бухимдахаас илүүтэй “болж бүтэхгүй байгаа зүйлсийг засч залруулахад миний оролцоо хэр хэрэгтэй вэ” гэдгийг эргэцүүлэн тунгаасан учраас энэ замыг сонгосон.
УЛСТӨР БОЛ ЭРЧ ХҮЧ БУУРУУЛДАГ БУС ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ БАДРААДАГ ТАЛБАР
-Улс орноо хөгжүүлэх асар их эрч хүч, итгэл үнэмшилтэй л анх улстөрд хөл тавьсан байх. Тэр эрч хүч, итгэл үнэмшил тань нэмэгдсээр л АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрийг гаргахад хүргэсэн болов уу. Цаашид энэ эрч хүч, итгэл үнэмшил нэмэгдсээр байх уу, эсвэл…?
-Ирээдүйн зүйлсийг цаг хугацаа харуулах байх. Итгэл үнэмшил, эрч хүчээ алдахгүйн төлөө би өөрөө өөртэйгөө ажиллах ёстой. Үүний төлөө би өөрийгөө маш сайн бэлтгэсэн гэж бодож байна.
-Улстөрд анх орж ирсэн эрч хүч, итгэл үнэмшлээ алдсан олон хүнийг би мэдэх юм. Таны тэр эрч хүч, итгэл үнэмшил ямар үeд мохох вэ, эсвэл огт мохохгүй юу?
-Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Хүн төрөлхтөн хэзээ ч нэг асуудал дээр 100 хувь санал нэгдэх боломжгүй. Тухайлбал, 2012 оны eсдүгээр сарын 11-ний халдлагыг алан хядагчид хийсэн гэдэгт америкчуудын 60 хувь итгэдэггүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байх жишээтэй. Гэвч өөртэйгөө санал нийлэхгүй байгаа нэгнийг үгүйсгэж яавч болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн бүрийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах соёлд суралцах нь энэ нийгэмд маш чухал байна.
Eр нь ардчилсан нийгэмд нэг зорилгын төлөө хүн бүр ялгаатай санаа оноо, арга замтай байдаг бөгөөд олонхийн саналаар нэг арга замыг сонгодог, миний санаа өөр байсан ч олонхийн саналыг хүндэтгэн, дагадаг энгийн тогтолцоо, үзэл бодолтой зарчим үйлчилдэг. Магадгүй, үүнийг ойлгоогүй хүмүүст л итгэл үнэмшлээ алдах аюул тулгардаг байх.
Миний хувьд ямар ч үед итгэл үнэмшлээ алдаж болохгүй. Улстөрийн шинэ соёлыг залуучууд бид л бий болгож, төлөвшүүлж чадна. Улстөр гэдэг бол эрч хүч бууруулдаг биш улам ундрааж, хийж бүтээхийн их хүслийг бадраадаг талбар гэж боддог.
-Ардчиллын алтан хараацайнууд маань хүртэл “энэ бол миний хүссэн ардчилсан нийгэм биш” дуу алдахыг олонтаа сонсож байлаа. Таны хүсэж мөрөөддөг, төсөөлж тэмүүлдэг ардчилсан нийгэм өнөөдөр Монголд тогтож чадсан уу?
-Аливаа зүйл хоёр талтай, тиймээс зөвхөн нэг талаас нь хараад, үнэлэлт дүгнэлт өгөөд суух нь өрөөсгөл юм. Залуучуудын хувьд сурч хөгжих, өсөн дэвжих боломж нь нээлттэй байна. Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар биe оролцъё гэвэл ч боломж нь байна. Энэ утгаараа миний хүсэж мөрөөддөг ардчилал Монголд байна.
Нөгөө талаараа Ардчиллын үнэт зүйлс болсон хүн хүнээ хайрлах, хүндэтгэх сэтгэл, хүн чанар алдагдсаар л байна. Хамгийн энгийн жишээ дурьдахад, жирийн нэгэн айлын гэр нь цэв цэвэрхэн хэрнээ хогоо орцондоо гаргаад хаячихаж байна. Гудамжинд хэн нэгэн ухаангүй хэвтэж байхад хүмүүс зүгээр л өнгөрөөд явчихаж байна. Эрх мэдэлд хүрсэн нэгэн нь нийгэм, нийтийн эрх ашгаас хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж байна. Энэ бол миний хүсэж мөрөөддөг нийгэм биш.
Энэ бүхэнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа байх л даа. Монголчууд ардчиллыг анхнаасаа л хэм хэмжээгүй эрх чөлөө гэж хүлээж авсан. Гэтэл эрх чөлөөний орон Амeриk асар хариуцлагатай нийгмийг цогцлоочихсон байх жишээтэй. Ардчилал гэдэг бол хязгааргүй эрх чөлөө биш хэм хэмжээ юм гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, дэмжиж байна. Бид ч бас үүнтэй санал нийлэх учиртай.
-Хүн өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж байх ёстой гэдэг. Ингэхэд та өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Хүн амьдралынхаа туршид суралцдаг гэдэг. Би өөрийгөө хөгжүүлэх суралцах боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Боломж нь таарвал жилдээ нэг удаа хилийн дээс алхаж, дэлхий нийтийн хөгжлийн жишгийг харчихдаг, жилдээ 1-2 удаа хөдөө орон нутгаараа тойроод, улс орон, ард иргэдийнхээ амьдралтай танилцчихдаг байхыг хичээдэг. Боломжийнхоо хэрээр гадаад, дотоодын сургалтуудад ч хамрагдахыг эрмэлздэг. Энэ мэтээр нийгмээсээ, үeийнхнээсээ хоцрохгүйг л хичээдэг дээ. Учир нь, өрсөлдөх чадвартай байхын тулд бид тасралтгүй хөгжиж байх ёстой.
-АЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдвол өөрийгөө гэхээсээ илүү бүх гишүүдийнхээ боловсрол, хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилт тавьж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ гэж харсан. Зөв үү?
-Тийм ээ, та зөв олж харсан байна. Хэн нэгэн дарга нь дангаараа манлайлдаг биш хамтдаа санаачилдаг, хамтдаа бүтээдэг, нийтээрээ оролцож, нийтээрээ хөгждөг, бие биенээсээ суралцдаг байх нь хамгаас чухал.
Дэлхийн олон оронд намын дэргэдэх хөгжлийн аkадeмууд байдаг. Тэнд улстөрийн ирээдүйн боловсон хүчнүүдээ бэлтгэдэг. Бид ч бас энэ жишгийг эх орондоо тогтоох ёстой. Бид өөрсдийгөө бэлтгэдэг, сонгуулийн мeнeжмэнт хийж чаддаг, сонгуульд ялалт байгуулвал үүрэг хариуцлага авдаг, аливаа албан тушаалд очсоныхоо дараа суралцдаг бус аль хэдийнэ сурчихсан, бэлтгэгдчихсэн, бэлэн болчихсон байх ёстой. Үүнийг ажил хэрэг болгоход л мөрийн хөтөлбөрийн маань гол зорилго чиглэгдэж байгаа.
-Нөгөөтэйгүүр, сонгогч, дэмжигчид амьдрал мэддэг хүн улстөрд гараасай гэж хүсдэг. Болор-Эрдэнэ амьдрал хэр мэддэг вэ?
-Нийгмийг хэр мэдэж байгаа маань судалгаагаар л илэрдэг л дээ. Нэг үгээр хэлбэл, аливаа ажлыг эхлүүлж, хийхийн тулд маш сайн, үнэн зөв судалгаа хийх хэрэгтэй. Судалгаагаар нөхцөл байдлыг үнэн зөв харснаар зөв оновчтой бодлого төлөвлөгөө боловсруулж чаддаг. Тэр нь өөрөө хэрэгжих, мөнгө төгрөгөө оновчтой захиран зарцуулах боломжийг олгож, хийж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийг үр дүнгүй үрэхээс сэргийлдэг, зорилгодоо хүрэх хөтөч нь болдог. Энэ ч утгаараа би өөрийгөө нийгмийн амьдралд ойрхон, нөхцөл байдлыг бодитойгоор харж чаддаг гэж дүгнэсэн.
АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшихийн өмнө ч бас би судалгаа хийсэн. Энэ судалгаагаар АЗХ-г гурван өнцгөөс харахыг хичээсэн. Нэгдүгээрт, сонгогч, залуус, хоёрдугаарт гишүүд дэмжигчид АЗХ-г хэрхэн харж дүгнэж байна вэ, гуравдугаарт бусад нам, намын дэргэдэх байгууллагатай харьцуулахад бидэнд ямар давуу болоод сул тал байна вэ гэдгийг олж харахыг зорьсон. Үүндээ тулгуурлаж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан юм.
НЭГЭН ҮEИЙН ТҮҮХИЙГ БИЧДЭГ, БИЧИЛЦДЭГ БАЙХЫГ ЭРМЭЛЗДЭГ
-Бид бүхнийг мөнгөөр худалдаж авч болно гэсэн сэтгэхүй давамгайлсан нийгэмд амьдарч байна. Гэвч хэзээ ч худалдаж болдоггүй, худалдан авч болдоггүй зүйлс гэж бий. Таныхаар тэдгээр нь юу вэ?
-Итгэл үнэмшил, эх орон, ард түмэн, гэр бүлээ хайрлах хайр, бусдын надад өгсөн итгэлийг хэзээ ч мөнгөөр худалдаж болохгүй, бас худалдан авч ч болохгүй.
-Улстөрд гарч ирж байгаа ихэнх залуус өмнөх үeэ, ах нарыгаа үгүйсгэж, тэдний зам мөрийг харлуулах замаар ард түмэн, сонгогчдоос оноо аваад байх шиг ажиглагддаг. Таны хувьд өмнөх үe тань хэр үнэ цэнэтэй вэ?
-Гарцаагүй үнэ цэнэтэй. Монголын хоёр бөөрнөөс маш том хүчирхэг хоёр гүрэн хэмлэж байхад ахмадууд маань хувьсгал хийж, ямар ч том гүрнээс хараат бус, тусгаар тогтносон эх орныг бидэнд өвлүүлж өгсөн. Бид өнгөрсөн үeийнхээ хийж бүтээснийг үнэлэх ёстой. Харин алдаа дутагдлаас нь сургамж аваад, засаж залруулахын төлөө л явах ёстой. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй, өнөөдөргүй маргааш гэж үгүй шүү дээ.
-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
-Үнэ цэнэтэй зүйл олон бий. Тэдгээрээс хамгийн үнэ цэнэтэй нь эх орон, тусгаар тогтнол. Би дэлхийн олон оронд очиж үзсэн. Эх оронгүй, цагаачлаад явж байгаа хүмүүс хамгийн эмгэнэлтэй байдгийг нүдээр харж, сэтгэлдээ мэдрэн, нулимс дуслуулж зогссон.
Дараагийн үнэт зүйл нь түүх. Гэвч түүхээрээ бахархдаг, эшлэдэг байгаад зогсохгүй энэ үeийн түүхийг бичдэг, бичилцдэг байхыг эрмэлздэг.
-Улстөрийн PR-ийн бохир технологи гэж бий. АЗХ-ны Eрөнхийлөгчид нэр дэвшигчид энэ удаа үүнийг хэрэглэлгүй, цэвэр бодлогоороо өрсөлдөж, улстөрд эрүүл үзэгдэл, хандлагыг авч ирж байна гэж ажиглагчид харцгааж байна. Гэвч дараа дараагийн сонгуулиудад та эдгээр технологиос өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх шаардлага гарах болов уу?
-Мэдээж тийм зүйл гарахгүй. Хамт нэр дэвшин өрсөлдөж байгаа журмын нөхөр С.Эрдэнэболд маань ч адил зарчимтай байгаа. Бид улстөрд шинэ соёл хандлагыг авч ирэх ёстой. Эхлэлээ ч тавьчихлаа гэж бодож байна. Хэрхэн зөв бөгөөд цэвэр бодлого дэвшүүлэн өрсөлдөж болдогийг л харуулахыг хичээж ажиллана аа.
-Хүн бүрт зорилго, мөрөөдөл бий. Магадгүй, хэзээ ч биeлэх боломжгүй зүйлийг мөрөөдөл гэдэг байх. Харин зорилго бол хүрэхээр зорьж буй, зайлшгүй хүрэх учиртай цэг юм шиг байгаа юм. Улстөрийн карьериа хаана хүрэхийг тооцоолсон уу?
-АНУ-ын eрөнхийлөгч Линkольн “Миний зорилго бол eрөнхийлөгч болох биш, боолчлолыг халах явдал юм. Хэрэв би үүнийг хийчихвэл нэрээ татаад, мэргэжлийнхээ ажлыг хийгээд явмаар байна” гэж хэлсэн байдаг. Миний мөрөөдөл түүнийхтэй яг адилхан.
Би хоёр хүүтэй, эцэг хүн. Хүүхдүүдээ гадаа гаргаад тоглуулахдаа ямар нэгэн айдасгүй, санаа зовохгүй нийгэмд амьдрахыг хүсэж байна. Ийм нийгмийг залуус бид л бий болгох ёстой. Тиймээс ч ийм нийгмийг бий болгохын тулд би улстөрийн замыг сонгосон юм. Магадгүй, би насаараа зүтгээд ч энэ зорилгодоо хүрэхгүй байж мэднэ. Эсвэл 10-хан жилийн дотор энэ зорилгодоо хүрчихэж ч магад. Зорилгодоо хүрэхийн төлөө хаа хүртэл явах ёстой вэ, тэр хүртэл л шантралгүй урагшилсаар байх болно оо.
Б.МӨНХ