2017 онд үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл болох “Про стар” филмийн “Сайн аав” уран сайхны киног бүтээсэн уран бүтээлчид дараагийн ээлжит уран бүтээлээр үзэгч олонтой уулзахад бэлэн болоод байна.
“Про стар” филмийн уран бүтээлчид маргааш буюу арваннэгдүгээр сарын 15-ндны өдрийн 18:00 цагаас шинэхэн уран бүтээл болох хүүхдүүдэд зориулсан “Залуу мөрдөгчид” адал явдалт киноныхоо нээлтийг ‘Тэнгис’ кино теарт хийх аж.
Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай. Киноны үйл явдал хэсэг хүүхдүүд нэгдэж залуу мөрдөгчдийн баг байгуулан, нууцлаг үйл явдлуудын учир шалтгааныг олохоор кино эхлэх бөгөөд тэд олон саад бэрхшээлтэй тулгарсан ч шантралгүйгээр хэргийн учрыг тайлахаар, эрлээ цааш урагшлуулж, зорилгодоо хэрхэн хүрч байгааг энэхүү киноноос үзэх юм.
Киноны продюсер С.Чулуунтогтох “Монголд өнөөдөр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц агуулга бүрэн утгаараа хараахан хийгдэж чадахгүй байна. ‘Залуу мөрдөгчид’ МУСК маань олон хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг, харилцааны соёлын талаарх, мөн цаашид хэрхэн хувь хүн болон хүмүүжих зэрэг олон ач тустай кино болсон. Цөөн үгээр хэлбэл кино урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд, сэтгэхүйд яаж нөлөөлж болдгийг харуулах зорилготой гэсэн юм.
Уг киноны продюсерээр ‘Про стар’ филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь ‘Сайн аав’ киноны зохиолч,найруулагч С.Бүжин гэх бүсгүй ажиллажээ.
Э.Бурам