“Өвөрхангай” анхны хожлоо авлаа
MNBA Үндэсний лигийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2017.11.13/ урлагийн содон үзүүлбэр, өвөрмөц шийдлээр дүүрэн сонирхолтой боллоо.
Нээлтийн өдрийн тоглолтууд ч мөн үзүүштэй, өрсөлдөөнтэй болов.
Азийн аварга Э.Цэрэнбаатараар ахлуулсан Өвөрхангай нутгийн залуус MNBA үндэсний лигийн эхний тоглолтоо эрч хүчтэй залуу баг болох “Увс нуур”-ын эсрэг хийсэн. Өвөрхангайчууд тоглолтын эхнээс илүүрхэж явсан. Харин тоглолтын гуравдугаар үед багийн гол тоглогч Э.Цэрэнбаатарын хувийн алдаа дөрөв болж, хоёр багийн онооны зөрүү 7 болж ойртсон юм. Гэвч “Увс нуур” багийн залуус оноог тэнцүүлж чадалгүй явсаар Өвөрхангай аймгийн баг анхны ялалтаа авсан юм.
Өвөрхангайн багаас Б.Дархантөгс 19 оноо, 4 самбар, 4 дамжуулалт өгч багаа тэргүүлсэн юм. Харин энэ жил тус багт нэгдээд буй залуу тоглогч О.Батмагнай 18 оноо,7 самбар гүйцэтгэсэн бол багийн ахлагч Э.Цэрэнбаатар 12 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр дабл-дабл гүйцэтгэлээ. Харин эсрэг багаас Г.Болд 26 оноо, 5 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч багаа манлайлжээ.
Өнгөрсөн жилийн финал эргэн ирлээ
Энэ өдрийн чимэг болсон тоглолт “Архангай Алтан дорнодын дайчид” болон Сүхбаатар аймгийн багийн хооронд болсон. Өнгөрсөн жил түрүү булаалдсан хоёр багийн тоглолт эхнээсээ л эн тэнцүү, өрсөлдөөнтэй, нягт хамгаалалттай өрнөсөн юм.
Сүхбаатарын багийн самбарын тоглогчид ур чадвараар илүүрхсэн бол Архангайн багийнхан жигд тоглолт үзүүлж байв. “Алтан дорнодын дайчид” тоглолтын туршид 18 удаа бөмбөг таслалт хийж, хамгаалалтаа нягт байлгаж чадсанаар ялалт байгуулсан. Тоглолтын эцсийн шүгэл дуугарахад 43 секунд дутуу байх үед тооны харьцаа 60:66, Архангайчууд илүүрхэж байв. Энэ үед ОУХМ Г.Баттөр алсын шидэлт амжилттай гүйцэтгэснээр тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Тоглолт 70:62 харьцаатай өндөрлөсөн.
Дэлхийн 3х3 оюутны лигийн аварга О.Энхбаатар тус тоглолтод багаа тэргүүлж, 17 оноо, 10 самбар авчээ. Харин “Дайчид”-ын энэ жилийн онцлох солилцоо болох ОУХМ О.Сэргэлэн 16 оноо, 4 самбар, ОУХМ Г.Баттөр 11 оноо, 7 оновчтой дамжуулалт, 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ.
Сүхбаатар аймгийн багаас О.Очирбат 20 оноо, 14 самбар авч онцгой байлаа. Гэхдээ энэ нь хожил байгуулахад нөлөөлж чадсангүй, багийн бусад тоглогчид довтолгоонд төдийлөн сайн байсангүй. Үндэсний лигийн дараагийн тоглолтууд лхагва гаригт болно.
С.ЦЭЛМЭГ